| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2208000001718 |
| Дугаар | 2023/ДШМ/57 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ДШМ/57
2023 1 11 2023/ДШМ/57
Б.Зт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1474 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай эсэргүүцлээр Б.Зт холбогдох эрүүгийн 2208000001718 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Б.З, 1980 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...................../;
Шүүгдэгч Б.З нь согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн үед “хөршийн хаалгаа түгжлээ” гэж хохирогч М.Смаргалдаж зүүн гарыг мушгин газар унагаснаас эрүүл мэндэд “зүүн далны тогооны шөрмөсний урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 3 /гурав/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох саналыг шүүхэд гаргасан. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.З согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, шөнийн цагаар, 2 гэр бүлийн гишүүдийн нүдэн дээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас түгшүүр түрүүлж хохирогчтой маргалдан зүй бус харилцаа үүсгэн улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон тул прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан ялаас гадна, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” хуулийн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасныг үндэслэн, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргасан. Гэтэл шүүх улсын яллагчаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрхийн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг шүүгдэгчтэй тохиролцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын төрөл болох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хэрэглэх нь Эрүүгийн хуулийн зорилго, түүний нийтлэг зарчмуудад нийцнэ гэдгийг тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан атлаа “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулах зарчимд харшлах үр дагавар үүсгэхээр байгаа болно” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу прокурор яллагдагчид хэргийн зүйлчлэл оногдуулах ялын төрөл хэмжээг танилцуулж, Б.З зөвшөөрсөн, шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу “прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн шийтгэх тогтоолын “тодорхойлох нь” хэсэгт хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийлгүүлж, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.З нь согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн үед “хөршийн хаалгаа түгжлээ” гэж хохирогч М.Смаргалдаж зүүн гарыг мушгин газар унагаснаас эрүүл мэндэд “зүүн далны тогооны шөрмөсний урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч М.С “...2022 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн үед унтаж байхад гэнэт манай хаалгыг маш хүчтэй цохисон. Хаалга онгойлгоход танихгүй согтуу эрэгтэй хүн зогсож байсан. Тэр хүн “гадна давхар хаалгаа яг одоо нураа, манайханд орж гарахад хэцүү байна” гэж хэлсэн. Танай хажуу айлд нүүж ирсэн хүн байна, орж гарахад хэцүү байна гээд ууртай хэлсэн бөгөөд нүүр рүү нэг удаа цохисон. Миний бие зөрүүлээд түлхээд тухайн залууг гэр лүү нь оруулсан. Буцаж гарч ирээд манай эхнэртэй маргалдахад салгаад тэр залууг холдуулсан. Тухайн залуутай ноцолдож унах үедээ намайг доороо оруулж унасан. Миний зүүн мөр эвгүй болоод зүүн гар унжсан. Миний биед гэмтэл учирсан тул гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. ...” /хх 6-7/,
гэрч Ц.Д: “...2022 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн үед манай нөхөр Зулбаяр согтуу гадна талын хаалга нүдсэн. Охин онгойлгож өгсөн. Тэгтэл шууд хөрш айлын хаалгыг нүдэж эхэлсэн. Тухайн айлын хүмүүс гарч ирээд маргалдаад байх шиг байсан. Зулбаяр нь “гадна хаалгаа онгорхой байлгаж болохгүй юм уу, хүүхдүүд орж ирж чадахгүй байна” гээд маргалдсан. Хөрш айлын залуу манай нөхөрт “Эрүүлдээ энэ асуудлаа ярьж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр “согтуудаа ч гэсэн хэлье” гээд байсан. Манай нөхрийг түлхэхэд маргалдаад гэртээ орж ирсэн. Зулбаяр босоод хөршийн залуутай зууралдаад орц руу гарсан. Тэндээ ноцолдож унаад байсан. ...”/хх 14-15/,
гэрч Я.Д: “...2022 оны 9 дүгээр сарын 29-ний амарцгааж байтал 23 цаг 40 минутын үед манай гэрийн хаалгыг гэнэт хүчтэй олон удаа нүдсэн. Нөхөр хаалгаа онгойлгоод нэг хүнтэй юм ярьчихаад удаагүй хаалгаа хаагаад жижиг өрөө рүү орж хувцсаа өмсөөд буцаад гарсан. Үүдэнд нэг өндөр согтуу залуу манай нөхөртэй хэрүүл хийгээд маргалдсан. Тэр залуу гадна талын үүдний “давхар хаалгаа буулгаж хая, яахаараа айл хоёр хаалгатай байдаг юм" гээд орилоод байсан. Уг залууг манай нөхөр гэр лүү нь түлхэж оруулах гэсэн боловч тэр улам агсраад нөхрийн нүүр хэсэг рүү цохих гээд дайраад байсан. Мөн надтай маргалдаж цохих гээд дайрсан. Тэр залуу орц руу гараад манай нөхрийг тэвэрч аваад газар унасан. Нөхөр босож ирэхдээ “гар эвгүй болчихлоо” гэж хэлсэн. ...” /хх 17/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгрий 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 13490 дүгээр “...М.С биед зүүн далны тогооны шөрмөсний урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. ...” /хх 19-20/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Б.Зыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Зыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэм хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хохирогч М.Сүхбаатар, шүүгдэгч Б.З нарыг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу /хх 76-77/ прокуророос өөрт олгогдсон эрхийн хүрээнд шүүгдэгчтэй хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд тухайн зүйл хэсэгт зааснаар ял тохирч 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 484 дугаартай прокурорын тогтоол үйлдэж, прокурорын гаргасан саналын хүрээнд /хх 78/ ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг прокурорын зүгээс шүүгдэгчтэй тохирсон байхад нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулах зарчимд харшлах үр дагавар үүсгэхээр байх тул уг ялыг давхар хэрэглэх ёсгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу прокурор яллагдагчид хэргийн зүйлчлэл оногдуулах ялын төрөл хэмжээг танилцуулж, Б.З зөвшөөрсөн, шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу “прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч байгаа болно.
Гэхдээ Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн.
Уг хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээгүй, мөн ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулах эрх хэмжээ байхгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүхээс Б.Зт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.
Харин анхан шатны шүүх уг ялыг эдлэх бүсчлэлийг тогтоохдоо Улаанбаатар хотын нутаг дэвсгэр гэж хэт ерөнхийлөн тогтоож, зорчих эрх хязгаарлах ялын эдлэх хэлбэрийг буруу тодорхойлсон байх тул шүүгдэгч Б.Зын бүртгэлтэй албан ёсны гэрийн болон одоо амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх байдлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1474 дүгээр шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулж, прокурор Ц.Оюун-Эрдэнийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1474 дүгээр шийтгэх тогтоолын:
Шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 3 /гурав/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 3 /гурав/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Ц.Оюун-Эрдэнийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ