Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00283

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****************** холбогдох

Байрын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 201оны 12 дугаар сарын 22ы өдөр хүлээн авч, 155/2016/00050/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 оноос Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 10 жилийн сургуульд англи хэлний багшаар ажиллаж байгаад 2009 онд 3 дахь хүүхдээ төрүүлж, 2010 онд 2 нялх хүүхэдтэй тул дотуур байрны багшаар ажиллуулж өгөх хүсэлт гарган 2010-2011 онуудад дотуур байрны багшаар ажилласан. 2011 оны намар англи хэлний багш нарын сонгон шалгаруулалт явуулж би 5 багшаас 4-т орж дахин байрын багшаар ажиллах болсон. Гэтэл 2011 оны 9 сарын 01-нээс байрын багшаар ажиллуулахгүй, өөр багш нар ажиллуулна гээд намайг Үдийн цайнд ажиллуулахаар нь Мэргэжлийн хяналтын газар хандаж албан шаардлага гаргасны дагуу 2012 оны 12 сарын 08-ны өдрөөс байрын багшаар ажилдаа эргэн орсон. 2013 оны 3 сарын 12-ны өдөр жирэмсний амралтаа авч 4 дахь хүүхдээ төрүүлээд 2014 оны намар ажилдаа эргэн орох гэхэд дахин англи хэлний багш нарын сонгон шалгаруулалтад оруулж намайг тэнцэхгүй гэсэн. Тэгээд байрын багшаар ажиллах гэтэл хүүхдийн тоо гүйцэхгүй байна, чи хэсэгтээ хүлээж бай гэсэн. Тэр үед би хүүхдээ 2 нас хүртэл асарч байгаад 2015 оны намар ажилдаа орохоор очтол чи аль эрт ажлаас халагдсан байсан, түр ажиллаж байсан гэсэн хариуг сонсоод би маш их цочирдсон, хэдэн өдөр уйлж сэтгэлээр унаж байгаад эгчдээ хэлсэн. Манай эгч захиралтай утсаар ярихад 12 сар хүртэл хүлээж бай, би орон тоо гаргах гэж бодоод л байгаа гэсэн хариу өгсний дагуу өдий болтол тэвчээртэй хүлээсэн. Ингээд арга барагдаад архиваас тушаалуудаа олж автал дараах тушаалууд байна. миний энэ байдлыг харгалзан үзэж байрын багшаар эргүүлэн томилуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *********** нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан байрын багшийн ажилд эргүүлэн томилох тухай нэхэмжлэл гаргасан. Би уг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *********** нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан байрын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг 201оны 2 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан байрын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч ***********ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА