| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0017/э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Роза |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 27
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ
Улсын яллагч Ц.Роза
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Гад холбогдох эрүүгийн 201717000164 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кино механикч, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, ял шийтгэлгүй Л.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Л.Г нь 2017 оны 06-р сарын 09-ний өглөө 07 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт байрлах Өндөрхаан, Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төв магистрал замын 478 дугаар тэмдэгтийн орчимд Хьюндэй Портер маркийн 60-69 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “б”-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалалтын бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож хохирогч Б.Бийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай эхнэрийн дүү Улаанбаатар хот руу машин бариад яваад өгөөч гэж гуйсан юм. Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу буцаж явах замдаа осол болсон. Осол болсноос хойш би 3 сар ухаангүй эмнэлэгт хэвтсэн. Миний лам хүү оршуулгын зардалд 3 сая төгрөг өгсөн. Буяны бүх ажил явдлыг манай хүүхэд зохицуулсан. Талийгаач эхнэрийн минь дүү учир бид хүүхдүүдтэй нь байнга холбоотой байгаа. Миний буруугаас болж осол болсон учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйж байна гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач манай охин Эий хамт 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн Портер маркийн 60-69 ДОА дугаартай ачааны машинтай Дорнод руу гарсан. Талийгаач үнэмлэхгүй учраас Гаар машинаа жолоодуулж явсан. Машинд ээжийн танил Э гэдэг хүн хүүхэдтэйгээ суусан юм билээ. 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн өглөө талийгаач Сүхбаатар аймгийн нутагт машинтай онхолдож нас барсныг мэдсэн. Тухайн үед машиныг Г ах жолоодож явсан. Нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/
- Гэрч Р.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 08-нд Нарантуул зах дээрээс ачаа аваад орой нар шингэх үед Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу гарсан. Машиныг Г бариад хажууд нь би, хаалган талд нь талийгаач Б зээ охинтойгоо, суудлын ард манай хүү Э суугаад явсан. Цэнхэр мандал суманд 22 цагийн үед хоолонд ороод хөдөлсөн. Тэрнээс хойш Г нойрмоглоод байхаар нь түр зогсоогоод явсан. Үүр цайх үед бага зэрэг зүүрмэглээд сэрсэн чинь урд цонхны шилээр 2 хүүхэд шидэгдсэн байсан. Босож ирээд харахад Б нь машины кабинд дарагдсан толгой, хөл хоёр нь харагдаж байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,
-Насанд хүрээгүй гэрч Э.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Хотоос ээжийн хамт танихгүй хүний ачааны машинд суугаад Дорнод аймаг руу явсан. Машин шөнөжин явсан. Би суудлын ард унтаад явж байхад хүн чанга хашгирахаар нь сэрэхэд машин бөмбөрч хажуугаараа тогтсон. Ээж бас жолооч ах цонхоор гарсан. Нэг эгч машинд дарагдаад үхсэн юм шиг байсан. Бид нар замын машинд суугаад эмнэлэг явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 132-р хуудас/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Аийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаартай задлан шинжилгээний дүгнэлтэнд: Талийгаач Б.Бийн биед цээж, хэвлийн хавсарсан гэмтэл, дотор эрхтнүүдийн доргилт, толгой хуйхны зүсэгдсэн шарх, дух, шанаа, гарын шуу, хэвлий, гуяны зөөлөн эдийн няцрал, дарагдал, аарцаг ясны хугарал, олон хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайлбал авто ослын үед үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.10, 3.1.15 заалтуудаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаачид архаг хууч эмгэг өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач дээрх хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан гэжээ. /хх-ийн 41-42-р хуудас/
-Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 336 дугаар дүгнэлт: 1.У.Эий биед тархи доргилт, зүүн гарын шуу ясны далд хугарал, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 44-р хуудас/
-Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 335 дугаар дүгнэлт: 1. Л.Гын биед цээжний битүү гэмтэл зүүн талын 6-р хавирганы болон далны хэсгийн зөрөөгүй хугарал, зүүн гарын тохойн үений зөөлөн эдийн няцралт, зүүн талын завьжны салстын болон хэлэн доорхи цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 56-р хуудас/
-Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 337 дугаар дүгнэлт: 1. Р.Эийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрт нөлөөлөхгүй. /хх-ийн 78-р хуудас/
-Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 338 дугаар дүгнэлт: 1. Э.Эгийн биед баруун хөлийн шагай хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрт нөлөөлөхгүй. /хх-ийн 81-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт: /хх-ийн 83-р хуудас/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-09-20-р хуудас/
-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-40-р хуудас/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 08-09/
- Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын Л.Гын ам бүл, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 92-р хуудас//
- Л.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-90-р хуудас /зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Л.Г нь 2017 оны 06-р сарын 09-ний өглөө 07 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт байрлах Өндөрхаан, Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төв магистрал замын 478 дугаар тэмдэгтийн орчимд Хьюндэй Портер маркийн 60-69 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй жолоодох явцдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас онхолдож хохирогч Б.Бийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Гын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Угийн мэдүүлэг, задлан шинжилгээний 34, шинжээчийн 335, 336, 337, 338 дугаартай дүгнэлтүүд, гэрч Р.Э, насанд хүрээгүй гэрч Э.Э нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Г нь бусдын эзэмшлийн Хьюндэй Портер маркийн 60-69 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “б”-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалалтын бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож хохирогч Б.Бийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч Л.Гад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Л.Гыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ял заавал оногдуулна” гэж заасан тул Л.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У нэхэмжлэх зүйлгүй, гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Гыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /хоёр/ жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6,8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.Гад мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Л.Г цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.У нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА