Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01162

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01162

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах, Ө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух, О Ч-ын Д,

Хариуцагч: ***А тоотод оршин суух, А О-гийн Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,690,599.20 (дөрвөн сая зургаан зуун ерэн мянга таван зуун ерэн есөн төгрөг хорин мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2024/01234/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө ХК-ийн Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Д, О.Б нар нь нэхэмжлэгч Ө ХК-тай 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/202146661551 тоот Зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг, жилийн 14,4%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан, 11 удаагийн төлөлтөөр үндсэн зээлээс 4,932,011.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,652,388.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,287.66 төгрөг төлж үлдэгдэл 10,067,988.74 төгрөг болоход 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж ЗГ 202146661551-1 тоот зээлийн гэрээг байгуулан хугацааг 11 сараар сунгасан.

Дээр дурдсан цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авсанаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.

2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр БГХ/202146661551 тоот барьцааны гэрээ байгуулж өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна.

Зээлдэгч 2024 оны 11 дүгээр сарын 07-ны байдлаар үндсэн зээлд 11,325,960.69 төгрөг, зээлийн хүүд 2,927,941 нэмэгдүүлсэн хүүнд 6,268.31, нийт 14,260,170.33 төгрөгийг төлсөн байна.

Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 403 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 3,794,005.26 төгрөг, зээлийн хүү 839,060.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,533.79 төгрөг нийт 4,690,599.20 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна гэжээ.

Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие О- овогтой Б нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Ч.Дын цалингийн зээлийн хамтран зээлдэгчээр орсон нь үнэн. Нэхэмжлэлд дурдсан 4,690,599.20 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа Ч.Д нь мэдэгдсэн болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ч- овогтой Д нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч байгууллагаас цалингийн зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлд дурдсан 4,690,599.20 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Мөн уг зээлийг миний бие 100% төлж барагдуулна. О.Бд хамааралгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Ө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө ХК-ийн Хөвсгөл салбар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай байгууллагаас тус шүүхэд Ц.Д, О.Б нарт холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Үүнд холбогдох хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,690,590.20 төгрөгийг бүрэн төлж барагдуулах хариу тайлбартай танилцлаа.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Ч.Д, О.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,690,599.20 (дөрвөн сая зургаан зуун ерэн мянга таван зуун ерэн есөн төгрөг хорин мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Д, О.Б нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 4,690,599.20 (дөрвөн сая зургаан зуун ерэн мянга таван зуун ерэн есөн төгрөг хорин мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,000 (ерэн мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д, О.Б нараас 45,000 (дөчин таван мянга) төгрөгийг, улсын орлогоос 45,000 (дөчин таван мянга) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Д, О.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,690,599.20 (дөрвөн сая зургаан зуун ерэн мянга таван зуун ерэн есөн төгрөг хорин мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Д, О.Б нар нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 4,690,599.20 (дөрвөн сая зургаан зуун ерэн мянга таван зуун ерэн есөн төгрөг хорин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Ө ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,000 (ерэн мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д, О.Б нараас 45,000 (дөчин таван мянга) төгрөгийг, улсын орлогоос 45,000 (дөчин таван мянга) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН