| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01136/И |
| Дугаар | 155/ШШ2024/01170 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/01170
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2024/01170 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***од байрлах, С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***д байрлах, Х ХХК-д холбогдох
Х ХХК-тай байгуулсан Битум худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 77,271,750 (далан долоон сая хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 155/2024/01136/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани нь Х ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 24/01 тоот Битум худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Гэрээний 4.1-т заасан 51,514,500 төгрөгийн төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Худалдагчийн нэхэмжпэхийг үндэслэн худалдагч талын Хаан банкны 11111111 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй байна.
Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Худалдан авагч нь 4.2-т заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0,5 хувийн алданги тооцож төлнө гэж заасан учир хугацаа хэтрүүлсний алданги 25,757,250 төгрөг болж байна.
Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 51,514,500 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 25,757,250 төгрөг, нийт 77,271,750 төгрөгийг Х ХХК-аас гаргуулж, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай Х ХХК нь С ХХК-ийн Битум худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 77.271.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байгааг хүлээн авна уу.
Нэхэмжлэлд дурдсан шиг манай ХХК-ийн зүгээс гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь үнэн боловч гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалах үйлдвэрлэлийн зогсолтын буюу санхүүжилт хугацаандаа орж ирээгүйгээс шалтгаалах эдийн засгийн хямралтай нөхцөл байдалтай тулгарсан нь үнэн юм.
Энэхүү гэнэтийн нөхцөл байдлыг гэрээний нөгөө тал болох С ХХК-д тухайн цаг үед нь мэдэгдэж, гэрээний сунгалт хийлгэх хүсэл зоригоо илэрхийлж чадаагүй байдал нь өнөөдрийн хариуцагчаар татагдах эрсдлийг бий болгожээ.
Гэвч манай хоёр компани нь анх удаа харилцаж байгаа компаниуд биш, хэн хэнийхээ итгэлийг алдаж үзээгүй бизнесийн түнш, харилцагч аж ахуй нэгжүүд юм. Тийм ч учраас нэхэмжпэгч ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 24/58 дугаартай албан мэдэгдлийг хүндэтгэн хүлээн авч, тус компанийн бизнесийн үйл ажиллагаанд чирэгдэл учруулсандаа хүлцэл өчин, маргаан бүхий харилцааг эвийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой эсэх талаар байр сууриа илэрхийлж байсан юм.
С ХХК-ийн зүгээс ч гэсэн манай энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг зөвөөр ойлгон хүлээн авч, төлбөрийн эргэн төлөлт дээр манай компанид уян хатан байдлаар хандан 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 24/59 дугаартай хариу мэдэгдэлдээ ...алдангийг 50 хувиар бууруулж... нийт 67.355.209 төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн байдаг.
Иймд манай компанийн зүгээс дараах эвлэрлийн саналыг нэхэмжлэгч талд санал болгож байна. Үүнд:
Нэхэмжлэлийн шаардлага болох 77.271.750 төгрөгийн үнийн дүнг багасган урьд санал болгож байсан 67.355.209 төгрөгийн хэмжээнд дүйцүүлж өгнө үү.
Тус 67.355.209 төгрөгийн 34.000.000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30- ны өдрийн дотор, үлдэгдэл 33.355.209 төгрөгийг 2024 оны 12 дугаар сард багтан бүрэн төлж дуусгах нөхцөлтэй эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байгааг хүлээн авна уу гэжээ.
Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, Б.М нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Бид С ХХК-ийн нзхэмжлэлтэй хариуцагч Х ХХК-д холбогдох Битум худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 77,271,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах нөхцлөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулав.
1.Зохигч нь харилцан ярилцсаны үндсэн дээр нэхэмжлэгч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 77,271,750 төгрөгийг дараах байдлаар багасгасан. Үүнд:
Хариуцагч Х ХХК нь үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 77,271,750 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулсан байх тул хугацаа хэтрүүлсний алдангийг 50 хувиар тооцож багасгасан болно.
2.Хариуцагч Х ХХК нь үүргийн гүйцэтгэлийн үндсэн төлбөр 21,514,500 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангийн 50 хувь буюу 12,878,625 төгрөг, нийт 34,393,125 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэгч С ХХК-тай эвлэрсэн.
3. Хариуцагч Х ХХК нь энэхүү эвлэрлийн гэрээнд заасан хугацаа буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 34,393,125 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-д төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь багасгасан алдангийн 50 хувь буюу 12,878,625 төгрөгийг нэмж нийт 47,271,750 төгрөгийг төлөх нөхцлийг зохигчид нь харилцан хүлээн зөвшөөрсөн.
4. Энэхүү гэрээг байгуулснаар дээр дурдсан хуваарь зөрчигдсөн тохиолдолд нийт төлбөр болох 47,271,150 төгрөгийг төлөхөөр хариуцагч Хевсгөл зам" ХХК нь зөвшөөрсөн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх болно.
5.Эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрээг батлуулан шүүгчийн захирамж гаргуулна.
6.Зохигч нь улсын тэмдэгтийн хураамжийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэхээр харилцан ойлголцолд хүрсэн.
7.Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулахдаа зохигч нь хэн нэгний албадлагаар хийгээгүй, харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд тус гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
8.Гэрээг 3 хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгалж, шүүхэд нэг хувийг хүргүүлнэ гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Х ХХК-аас Х ХХК-тай байгуулсан Битум худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 77,271,750 (далан долоон сая хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Б.Б, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ж.О нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж хэрэгт ирүүлсэн байх ба уг гэрээ ёсоор нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 12,878,625 төгрөгөөр багасгаж, 64,393,125 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нь дээрх төлбөрийн 30,000,000 төгрөгийг төлж биелүүлж, үлдэх төлбөр болох 34,393,125 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 544,309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 64,393,125 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 479,916 төгрөгийн тал хувь болох 239,958 төгрөгийг, улсын орлогоос 239,958 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х ХХК-д холбогдох Х ХХК-тай байгуулсан Битум худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 77,271,750 (далан долоон сая хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 12,878,625 төгрөгөөр багасгаж, 64,393,125 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нь дээрх төлбөрийн 30,000,000 төгрөгийг төлж биелүүлж, үлдэх төлбөр болох 34,393,125 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 544,309 (таван зуун дөчин дөрвөн мянга гурван зуун ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 239,958 (хоёр зуун гучин есөн мянга есөн зуун тавин найм) төгрөгийг, улсын орлогоос 239,958 (хоёр зуун гучин есөн мянга есөн зуун тавин найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН