| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01029/И |
| Дугаар | 155/ШШ2024/01185 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2024/01185
| 2024 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2024/01185 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т газар оршин суух, Ш овогт Г-ийн Э (РР00000000)-гийн
Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2024/01029/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1993 онд ***ын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөх жилийн өмнөх жил буюу 1992 онд ***ын Алтан тал нэгдэлд дөнгөж хувьчлагдаж дуусч байсан бөгөөд би аав ээж дүү нарын хамт хувьцаандаа мал аваад ардын аж ахуйтан болж мал маллаж эхэлсэн. Би 1993 оны 6 дугаар сараас эхлэн малчин болсон. Ингээд би 1994 онд нөхөр Г.Д-тэй гэр бүл болон /малчин өрх болж/ өнөөдрийг хүртэл мал малласаар ирсэн. Энэ хугацаанд би 4 төрж 3 хүүхэд маань одоо эсэн энх амьдарч байна.
Бид мал маллаж байх хугацаандаа өөрийн мал сүргээ жилээс жилд мал, төлийн хорогдолгүй өсгөн үржүүлж улмаар 2007 онд Сумын сайн малчин, 2015 онд Аптан төлийн эзэн, 2016 онд Мянгат малчин, 2017 онд Аймгийн аварга малчин , 2020 онд Улсын аварга малчин болсон .
Би улсаас 8 жил 6 сарын нөхөн тооцуулсан бөгөөд одоо 50 нас хүрч тэтгэвэр тогтоолгох гэтэл Нийгмийн даатгалын байгууллага нь ***ын иргэдийн мал тооллогын бүртгэлийн А данс аймгийн архивт байхгүй, ***ын архив хадгалагдаж байсан ЗДТГ-ын контор шатсаны улмаас мал тооллогын А дансыг гаргаж өгөх боломжгүй тул намайг 1995 оноос 1999 он хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлаа шүүхийн журмаар тогтоолго гэсэн тул дээрх 5 жилд мал маллаж байсан болохыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай боллоо.
Иймд намайг 1995 оны 01 дүгээр сарын 01-ээс 1999 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг хүртэл мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Э нь ***анд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 199 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Э нь мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор малчин даатгуулагч нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байгаа гэж тайлбарласан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Нэхэмжлэгч Г.Э нь ***анд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,
1995-1998 оны малын урьдчилсан сэргийлэх арга хэмжээ гэх бичиглэлтэй намрын туулгалт, хаврын урьдчилсан сэргийлэх тарилгад хамрагдсан иргэдийн жагсаалтын хуулбар (хавтаст хэргийн 5-10 дугаар хуудас),
Г-ийн Д-, ***ын Засаг даргын 1998 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тоот шийдэр, ... эзэмших зориулалт: өвөлжөө 3000м2=1200 төг, хаваржаа 3000м2=1200 төг, эзэмших хугацаа 15 жил гэх бичилт бүхий гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 5-10 дугаар хуудас),
Зундуй Г-ийн Д-, Дорж Г-ийн Э нарыг 1994 оны 8-р сарын 25-ны өдөр гэр бүл болсон учир 1994 оны 11-р сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв гэх бичилт бүхий гэрлэсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 5-10 дугаар хуудас),
Гэрч О.Б-гийн: ... Миний бие 1995 оноос ***анд математикийн багшаар ажиллаж байсан. Сумандаа 7 жил ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа мал тооллого, малчдад зориулсан багш, эцэг эхчүүдтэй улзах зэрэг үйл ажиллагаагаар хөдөөгүүр явдаг байсан. Ингэхдээ н.Д- буюу Г.Эгийнд үйл ажиллагаатай холбоотойгоор очих тохиолдод их байдаг байсан. гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б-гийн: Г.Эгийн аав нь бригадын дарга байсан хүн. Миний бие тоо бүртгэгч байсан. Байнгын тооцоо шахах зэргээр гэрт нь очдог байсан. Ажил хэргийн байдлаараа таньдаг болсон. ... 1993 оноос сургуулиас гарч 1994 онд айл болж байсан. 1995 оны намар манайхтай айл бууж байсан. 1995 онд Ёлтын араа гаид гэх газар өвөлжөө барьж өвөлжиж байсан. Үүнээс хойш байнгын өвөлжөө нь уг газар болсон. гэх мэдүүлнүүд (хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Д- овогтой Б-гийн ХААТР-11 (A) маягтын 8. Эхийн овог, нэр гэх хэсэгт Г- Э нийгмийн бүлэг гэх хэсэгт малчин, эрхэлдэг ажил гэх хэсэгт малчин гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 60 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Д- овогтой М-ийн ХААТР-11 (A) маягтын 8. Эхийн овог, нэр гэх хэсэгт Г- Э нийгмийн бүлэг гэх хэсэгт малчин, эрхэлдэг ажил гэх хэсэгт малчин гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Д- овогтой Б-ийн ХААТР-11 (A) маягтын 8. Эхийн овог, нэр гэх хэсэгт Г- Э нийгмийн бүлэг гэх хэсэгт малчин, эрхэлдэг ажил гэх хэсэгт малчин гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 62 дугаар хуудас) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох гэж,
Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус хуульчилсан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор заажээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор түүнд малчин даатгуулагч нөхцөлөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үр дагаврыг бий болгох ач холбогдол бүхий үйл явдал байх тул нэхэмжлэгч Г.Э нь шаардах эрхтэй байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг гэж тодорхойлсон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үндэслэлд төрийн мал, хувийн мал малласан гэсэн байдлаар хууль тогтоогчоос зааглан ялгаж хуульчлаагүй тул шүүх мал маллаж байсан байдлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болох мал маллахад малын эрүүл ахуйн нөхцөлөө хангахаар малдаа хэрэглэсэн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт хийлгэсэн баримт, малын өвөлжөө, хаваржааны хашааг эзэмшиж байсантай холбоотой баримт, мөн нэхэмжлэгчийн 1995 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрүүлсэн охин Д.Б-гийн ХААТР-11 дүгээр маягтад...Эхийн: Г-ийн Э... малчин гэж, 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрүүлсэн хүү Д.Б-ийн ХААТР-11 дүгээр маягтад ... Эхийн: Г-ийн Э... малчин гэж тус тус бичигдсэн зэрэг нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн мал маллаж байсан хугацаанд хамаарч байх ба дээр дурдсан баримтууд болон бусад баримтуудаар нэхэмжлэгчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн ***анд мал маллаж байсан болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх эргэлзээгүй, үнэн зөв байх, дээрх үйл явдлыг тогтооход ач холбогдолтой, цаг хугацааны хувьд тохирч байгаа зэргийг нь үндэслэн үнэлж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай шаардлага гаргаж энэхүү шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ш овогт Г-ийн Э (ОО00000000)-ийн ***анд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН