| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0116/Э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2018-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Хохирогч С.Э,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрүүд овогт Дн Бт холбогдох 1708015460424 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цагаан гэрүүд овогт Дн Б /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч С.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Миний толгой руу гараараа 10 орчим удаа цохиод хөл рүү 2-3 удаа өшиглөөд үснээс татаж газарт унагаагаад чирсэн, мөн хутга авч намайг ална гэж дайрсан. Б нь намайг зодох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Ер нь бол Б нь огцом ууртай, уурласан үедээ хийсэн үйлдлээ мэдэхгүй болохоор ихэнхдээ эрүүл байх үедээ намайг зоддог байсан. Би Б гэдэг хүнд гомдолтой байгаа шүүхээр асуудлаа шийдүүлмээр байна. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 8-10, 26-27, 28-29 х/,
1.2.Хохирогч С.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 сарын 07-ны өглөө манай ээж ажилдаа 11 цагт гарсан. Би гэртээ ганцаараа үлдсэн ба гэртээ байхад Б орж ирээд хүүхдээ яасан бэ гэхэд нь цэцэрлэгт нь аваачиж өгсөн гэхэд битгий худлаа яриад бай би хаалгыг чинь манасан хүүхэд авч гараагүй гэсэн. Тэгээд миний утас шалгасан. Би ажлынхаа хүмүүстэй л харьцсан байсан. Б миний толгой, нүүр рүү цохисон, үсдэж чирсэн, хутга авч дайрсан. Б нь огцом ууртай, уурлахаараа юу хийснээ мэддэггүй, 13:20 цагаас ажилдаа явах гээд гарахад янз бүрийн асуултууд надаас асуугаад байсан. Гэрээс гараад таксинд суугаад Толгойт дээр буухад би чиний утсыг цэнэглээд өгье гэж аваад фэйсбүүк ороод энэ хэн юм тэр хэн юм гээд байсан. Би 42-р сургуульд ажилладаг. Ажил руу явуулахгүй буудал руу оръё гээд байсан. Тэгээд буудлын ресепшин дээр утсаа цэнэглэсэн. Буудлын өрөөнд оруулаад асуултаа асуугаад хариулахгүй бол ажилд чинь явуулахгүй гэсэн. Тэгээд би ажилдаа явмаар байна гэхэд цохиод орон дээр унагаад дээрээс суусан. Тэгээд би аллаа гээд орилоход хаалганы цоожны нүхээр харсан юм уу яасан юм хаалгыг түлхүүр онгойлгоод буудлын зохицуулагч орж ирсэн. Цагдаа дууд гэхэд Б цагдаагаас айгаад зугатаад явсан. Би гомдолтой байна. Энэ хүнийг харахаар айж байна, хэзээ ирээд яах бол гэх айдастай байна. Одоохондоо нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
1.3.Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сард эхнэр Э бид хоёр тусдаа амьдарч байсан болохоор 09 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овоогийн ...тоотод өөрийн баримтыг авахаар очиход эхнэр Э ганцаараа байсан. Тэгээд би бичиг баримтаа үзээд байхгүй болохоор нь явах гэхэд Эын гар утсанд мессеж ирэхээр нь хэн юм гэхэд чамд хамаагүй гээд нуугаад бид хоёр тэрнээс болоод бага зэрэг маргалдаад би уурандаа Эын хацар руу 2 удаа алгадсан. Тэгээд гар утсыг нь аваад тэр мессеж бичсэн залуу руу нь хариу бичих гэхэд гар утасны цэнэг нь дуусаад унтарчихсан. Энэ үед Э ажил дээрээ очно гээд хувцсаа өмсөөд гарахаар нь хамт дагаж гараад толгойтын хуучин эцэс дээр явж байхдаа хамт буудал ороод ярилцъя гээд дагуулаад орсон. Тэгээд буудлын өрөөнд ороод Эын гар утсыг цэнэглэж асаагаад мессеж бичсэн залуу руу нь залгах гэхэд блоклосон байхаар нь Эыг гар утасныхаа блокыг гарга гэхэд чадахгүй гээд бид хоёр дахин маргалдаад Э орилохоор нь амыг нь дарахад буудлын рессепшн орж ирээд Э гараад явчихсан. Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 43-44, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.4.Шинжээчийн 11468 тоот дүгнэлт
1.С.Эын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн шууны зулгаралт, баруун тохиойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.4.5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3.6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
7.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
9.10.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
11.Шинжээч эмч гэмтэлд хохирлын хэмжээ тогтоодоггүй болно. гэх дүгнэлт /хх 20 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Гэрч Б.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б бид хоёр 2014 онд Онцгой байдлын албанд хамт орж ажиллаж эхэлсэн үеэсээ бие биенээ таньж нөхөрлөсөн. Харин Б 2017 оны 07 дугаар сард гадагшаа гарч ажил төрөл хийнэ гээд чөлөөлөгдөөд одоо ажилгүй байгаа. Зан байдлын хувьд даруу төлөв, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, найз нөхөдтэйгээ эвтэй, нэр хүндтэй, хүн өдөж хоргоогоод цохиж зодоод байдаггүй, ажилсаг, тамхи татдаг, тэр бүр архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй ч хааяа найз нөхдийн хүрээнд архи согтууруулах ундаа хэрэглэх асуудал гардагч согтоод хэрүүл маргаан үүсгээд, агсан согтуу тавиад байдаггүй, нэг л зангаараа байдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 х/,
2.2.Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47 х/,
2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 18 х/,
2.4.Ам бүлийн талаарх Хорооны засаг даргын тодорхойлолт /хх 45 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн ...тоотод болон мөн дүүргийн 2 дугаар хорооны нутаг Толгойтын замын хажуугийн буудалд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч С.Эыг бусадтай хардан толгой, нүүр, зүүн шуу, баруун тохой зэрэг газруудад гараараа цохих, өшиглөх зэрэг олон удаагийн үйлдлээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.Бийн “...2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овоогийн ...тоотод өөрийн баримтыг авахаар очиход эхнэр Э ганцаараа байсан. Тэгээд би бичиг баримтаа үзээд байхгүй болохоор нь явах гэхэд Эын гар утсанд мессеж ирэхээр нь хэн юм гэхэд чамд хамаагүй гээд нуугаад бид хоёр тэрнээс болоод бага зэрэг маргалдаад би уурандаа Эын хацар руу 2 удаа алгадсан. Тэгээд гар утсыг нь аваад тэр мессеж бичсэн залуу руу нь хариу бичих гэхэд гар утасны цэнэг нь дуусаад унтарчихсан. Энэ үед Э ажил дээрээ очно гээд хувцсаа өмсөөд гарахаар нь хамт дагаж гараад толгойтын хуучин эцэс дээр явж байхдаа хамт буудал ороод ярилцъя гээд дагуулаад орсон. Тэгээд буудлын өрөөнд ороод Эын гар утсыг цэнэглэж асаагаад мессеж бичсэн залуу руу нь залгах гэхэд блоклосон байхаар нь Эыг гар утасныхаа блокыг гарга гэхэд чадахгүй гээд бид хоёр дахин маргалдаад Э орилохоор нь амыг нь дарахад буудлын рессепшн орж ирээд Э гараад явчихсан. Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 43-44, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч С.Эын “... Миний толгой руу гараараа 10 орчим удаа цохиод хөл рүү 2-3 удаа өшиглөөд үснээс татаж газарт унагаагаад чирсэн, мөн хутга авч намайг ална гэж дайрсан. Б нь намайг зодох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ... Би Б гэдэг хүнд гомдолтой байгаа ...” гэх мэдүүлэг /хх 8-10, 26-27, 28-29 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шинжээчийн 11468 тоот дүгнэлт
1.С.Эын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн шууны зулгаралт, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.4.5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3.6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
7.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
9.10.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
11.Шинжээч эмч гэмтэлд хохирлын хэмжээ тогтоодоггүй болно. гэх дүгнэлт /хх 20 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д ..., хамтран амьдрагч ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Д.Б, хохирогч С.Э нар гэр бүлийн баталгаа байхгүй ч хоёр хүүхдийн эцэг, эх болж хамтран амьдарч байгаа болох нь тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хорооны тодорхойлолт /хх-ийн 45 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субьект болох Д.Бийг хамтран амьдрагч С.Эын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Харин Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн.
Учир нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь олон тооны боловч амь насанд аюулгүй зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул “онц харгис хэрцгий” гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамруулах үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч С.Э нь хохирлын талаар баримт гаргаж ирүүлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй учраас цаашид хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Д.Бт холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан хохирогчид “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар үйлдсэн” гэх түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсныг харгалзан түүнд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оноохоор шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Д.Бийн “онц харгис хэрцгийгээр хөнгөн гэмтэл учруулсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Цагаан гэрүүд овогт Дн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б-г 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4.Д.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ