| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01093/И |
| Дугаар | 155/ШШ2024/01198 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/01198
| 2024 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2024/01198 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах, Н ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух, Д Т-ийн Х-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,297,810.82 (хоёр сая хоёр зуун ерэн долоон мянга найман зуун арван төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2024/01093/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ХК-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Х- нь нэхэмжлэгч Н ХК-тай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/231014998234 тоот зээлийн гэрээ байгуулан 2,090,000 төгрөгийг, жилийн 20,4%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Дээр дурдсан хэрэглээний лизингийн зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.
2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БГХ/231014998234 тоот барьцааны гэрээ байгуулж 12 про маркийн гар утас барьцаалуулсан байна.
Зээлдэгч 2024 оны 9 дүгээр сарын 25-ны байдлаар үндсэн зээлд 107,235.74 төгрөг, зээлийн хүүд 72,764.26 нийт 180,000 төгрөгийг төлсөн байна.
Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 245 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 1,982,764.26 төгрөг, зээлийн хүү 304,904.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,141.68 төгрөг нийт 2,297,810.82 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчилөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.
Иймд хариуцагчаас ЗГ/231014998234 тоот онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт:
А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 1,982,764.26 төгрөг
Б/ Зээлийн хүүгийн төлбөр 304,904.88 төгрөг
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10,141.68 төгрөг
Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,297,810.82 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Х- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нны онлайн зээл 2,297,810.82 төлөх нь үнэн болно. Эрүүл мэндийн шалтгааны улмаас төлөлт хийж чадаагүй. Иймд 2,297,810.82 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Т.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,297,810.82 (хоёр сая хоёр зуун ерэн долоон мянга найман зуун арван төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Х- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,297,810.82 (хоёр сая хоёр зуун ерэн долоон мянга найман зуун арван төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,715 (тавин нэгэн мянга долоон зуун арван тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х-гаас 25,857.5 (хорин таван мянга найман зуун тавин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 25,857.5 (хорин таван мянга найман зуун тавин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Н ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Х-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,297,810.82 (хоёр сая хоёр зуун ерэн долоон мянга найман зуун арван төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Х- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,297,810.82 (хоёр сая хоёр зуун ерэн долоон мянга найман зуун арван төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Н ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,715 (тавин нэгэн мянга долоон зуун арван тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х-гаас 25,857.5 (хорин таван мянга найман зуун тавин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 25,857.5 (хорин таван мянга найман зуун тавин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН