| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2210000000498 |
| Дугаар | 2023/ДШМ/148 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ДШМ/148
2023 2 1 2023/ДШМ148
Х.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Төгсжаргал,
яллагдагч Х.Гийн өмгөөлөгч Ч.Болдбаатар,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/2010 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Төгсжаргалын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар эсэргүүцлээр шүүгдэгч Х.Гт холбогдох эрүүгийн 2210000000498 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Жал овгийн Х.Г, 1997 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль, татвар, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,/РД:.........................../;
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэгдэж байсан,
Яллагдагч Х.Г нь үргэлжилсэн үйлдлээр:
2. 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.Бт “Toyota sai” маркийн тээврийн хэрэгслийг худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт Ухаа 1 дүгээр хороололд байхдаа 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 6.800.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны 1245122854 дугаарын дансаар авч, Ц.Бт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр С.Бт 14.000.000 төгрөгөөр “toyoya prius 30” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, бусдад 18.000.000 төгрөгөөр худалдан борлуулж ашгаа хамт хуваан авъя гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Юнион Бюлдинг” ХХК-ийн оффист үйл ажиллагаагаа явуулах “Эм Эс Эс” ХХК-ийн ажлын байрнаас интернэт банк ашиглан шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг Голомт банкны өөрийн эзэмшлийн 1245122854 дугаарын дансаар авч, С.Бт 7.000.000 хохирол учруулсан,
4. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Л.Атай фейсбүүк цахим хэрэгслээр харилцаж өөрт байхгүй тээврийн хэрэгслийн зургийг үзүүлж, өөрийн ажиллаж байгаа “Эм Эл Жи банк бус санхүүгийн байгууллагаас хямдхан тээврийн хэрэгсэл гарах гэж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Л.Аын тээврийн хэрэгсэл худалдан авах хэрэгцээ шаардлагыг далимдуулан “toyoya prius 30” маркийн тээврийн хэрэгслийг зарна, урьдчилгаа төлбөр төл гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 14.500.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Хаан банкны мобайл банк ашиглан Х.Уянгын эзэмшлийн 5276088203 дугаарын дансанд шилжүүлснийг Голомт банкны өөрийн 1245122854 дугаарын данс уруу шилжүүлэн авч, Л.Ад 14.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Т.Гтэй фейсбүүк цахим хэрэгслээр харилцаж, өөрт байхгүй тээврийн хэрэгслийн зургийг үзүүлж банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан тээврийн хэрэгслийг худалдах гэж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Т.Гийн тээврийн хэрэгсэл худалдан авах хэрэгцээ шаардлагыг далимдуулан “toyoya prius 41” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор авахгүй бол дуудлага худалдаанд орох гээд байна гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 20.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар“ үйлчилгээний төвөөс мобайл банк ашиглан шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг Төрийн банкны 108801124054 дугаарын дансаар шилжүүлэн авч Т.Гт 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Г.Батмагнайгаар дамжуулан Ж.Игаас “авто ломбардаас 2 ширхэг toyota prius 30 маркийн тээврийн хэрэгслийг зээлээс чөлөөлж, хямд үнээр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ж.Игийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 27.000.000 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “зээл чөлөөлөөд, хүүтэй өгье” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 5.850.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа Хөгжлийн банкны 2612242724 дугаарын дансаар авч Ж.Ид 32.850.000 төгрөгийг хохирол учруулж, нийт нэр бүхий 10 хохирогчид 155.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих асуудлуудыг заасан ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ын талаар заасан нотолбол зохих байдал хангагдаагүй гэж үзэхээр байна. Тодруулбал, прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Х.Гийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 28-ны хооронд 10 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Үүнээс, яллагдагч Х.Гийг 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд иргэн Д.Эгаас “мөнгө зээлээч, банк бусын зээл чөлөөлөөд хүүтэй мөнгө өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Д.Эгийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 56-35 тоот гэрээсээ интернэт банкны апп ашиглаж 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 20.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны 1245122854 дугаарын дансаар шилжүүлэн авч, 20.500.000 төгрөгийг,
мөн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Г.Батмагнайгаар дамжуулан Ж.Игаас “авто ломбардаас 2 ширхэг Toyota prius 30 маркийн тээврийн хэрэгслийг зээлээс чөлөөлж, хямд үнээр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ж.Игийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 27.000.000 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “зээл чөлөөлөөд, хүүтэй өгье” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 5.850.000 төгрөгийг тус тус залилсан буюу сүүлчийн 2 удаагийн үйлдэл нь Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн талаар дурджээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч ..., гагцхүү хуульд захирагдана” гэж хуульчилсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “...гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ” 7 дахь хэсэгт “гэмт хэрэг нь нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ. Гэтэл яллагдагч Х.Гийн холбогдсон гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байх боловч мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг төгссөн газрыг тогтоогоогүй байхад тус хэргийг харьяаллын бус Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн зөрчилтэй байна.
Хэрэгт хохирогч Ж.Игийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа мөнгө шилжүүлсэн талаарх ХААН банкны дансны хуулга хавтас хэрэгт авагдсан байгаа боловч харин хохирогч Д.Эгийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 56-35 тоот гэрээсээ интернэт банкны апп ашиглаж шилжүүлсэн гэх мөнгө нь цаг хугацааны хувьд хамгийн сүүлд шилжүүлэг хийсэн талаарх ХААН банкны санхүүгийн баримт буюу дансны хуулга болон мөнгө хүлээн авсан гэх яллагдагчийн дансны хуулга зэрэг нь хавтас хэрэгт авагдаагүй байх тул гэмт хэрэг төгссөн газрын шүүхийг тодорхойлох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ” гэсэн заалтыг үндэслэж харьяалах шүүхэд хэргийг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болно.
Иймд яллагдагч Х.Гийн үйлдсэн гэмт хэргийн төгссөн газрыг тогтоох, тодруулбал Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн мөнгөний шилжүүлгийн баримт, бусад баримтыг хэрэгт нотлох баримтаар цуглуулах аргаар гэмт хэрэг төгссөн өдөр, цаг минутыг тодорхой болгосны эцэст хэргийн шүүхийн харьяаллыг тогтоож, улмаар харьяалах шүүхэд хэргийг шилжүүлэх нь зүйтэй байна. Иймд Х.Гт холбогдох эрүүгийн 2210000000 дугаартай хэргийг тус прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Х.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Л.Төгсжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос шүүхэд шилжүүлсэн яллагдагч Х.Гт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон тул хэргийг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн хэргийн хууль ёсны шүүхийн харьяаллыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэж тодорхойлж, хэргийг шилжүүлсэн. Яллагдагч Х.Г нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн байх ба гэмт хэрэг төгссөн үйлдэл буюу хохирогч Ж.Игийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 32.850.000 төгрөгийг, Д.Эгийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20.500.000 төгрөгийг тус тус 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр авсан нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх мөнгө шилжүүлсэн цаг хугацааг тогтоох шаардлагатай гэж прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ”,
Дээрх асуудлаар Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02/4780 дугаартай албан бичигт “...Хэд хэдэн шүүх харьяалах газарт хэрэг дамнан үйлдэгдсэн тохиолдолд хэргийн шүүхийн харьяаллыг хэрхэн тогтоохыг ч хуулиар зохицуулсан. Ингэхдээ хэргийн дийлэнх үйлдэгдсэн, хохирол, хор уршгийн үндсэн хэсэг бий болсон газрыг хэрэг гарсан газар гэж үзэх нь тухайн хэргийг бүхэлд нь харьяалах шүүхийг прокурор бодитойгоор тогтоож буй явдал гэж шүүх үзнэ. Дээрх тохиолдолд хэргийн нийт ажиллагаанд бага жин дарах яллагдагчийн сүүлчийн салангид нэг үйлдлээр хэргийн шүүхийн харьяаллыг шилжүүлэх, өөрчлөх байдлаар шүүхүүд харьяаллын талаар маргаан үүсгэх ёсгүй..." гэсэн байна.
Хэдийгээр энэхүү албан бичиг нь Улсын дээд шүүхийн тогтоол биш боловч Эрүүгийн хэргийн танхимаас шүүхийн хууль ёсны харьяаллыг хэрэгжүүлэх талаар баримталж буй зарчим гэж ойлгож байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх боломжтой. Учир нь яллагдагч Х.Гийн үйлдсэн гэмт хэргийн дийлэнх үйлдэгдсэн, хохирол, хор уршгийн үндсэн хэсэг бий болсон газар нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирсон 10 иргэний 6 иргэн нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа нийт 67.200.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогддог тул тухайн гэмт хэргийг бүхэлд нь харьяалах шүүхийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Х.Гийн өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байгаа. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх ёстой. Энэ үндэслэлээ шүүх захирамжид дурдсан. Улсын яллагчийн эсэргүүцэлд дурдагдсан дийлэнх олонх хэрэг гарсан газар буюу онцгой тохиолдол, нөгөө талаар хэргийн оролцогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна гэдэг нь үндэслэлгүй. Хэрэг шалгуулах хэргийн процессын асуудалд ямар нэгэн хэргийн оролцогчийн зүгээс саад учруулсан зүйл огт байхгүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурор хэргээ хянаад үндэслэл бүхий шийдвэр гаргаад явах нь хуульд нийцэх ажиллагаа. Үүнийг биелүүлэх ёстой. ...” гэв.
|
|
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Х.Гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Хавтас хэрэгт авагдсан хохирогч Д.Эгийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 56-35 тоот гэрээсээ интернэт банкны апп ашиглаж 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 20.5000.000 төгрөг, мөн Ж.Игийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 27.000.000 төгрөгийг Х.Г залилсан сүүлийн 2 удаагийн үйлдэл нь Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн талаар дурджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “...гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 7 дахь хэсэгт “гэмт хэрэг нь нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд хэргийн харьяалалын талаар прокурор тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна дээрх ажиллагааг шалгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд давж заалдах шатны шүүх прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/2010 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/2010 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Л.Төгсжаргалын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ