Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/149

 

 

 

 

 

 

    2023           2              1                                        2023/ДШМ/149

 

 

К.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

хохирогч С.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

шүүгдэгч К.Х, түүний өмгөөлөгч Р.Түвшинбат,

           нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/869 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч К.Х, хохирогч С.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч К.Хт холбогдох эрүүгийн 2205018060462дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Найман овгийн К.Х, 1973 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Эрдэм транс” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт ............................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:.............................../;

            Налайх дүүргийн шүүхийн 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

            Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 124 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 1998 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 8 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,  

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр уг торгуулийн ялыг биелүүлж дууссан,

            Шүүгдэгч К.Х нь Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудлын замд 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 22:00 минутын орчимд Daewoo BS106 маркийн 75-14 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 23.4-т “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэт зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч С.Быг бууж дуусаагүй байх үед нь хөдөлгөөн эхэлж, улмаар хөлийг нь дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

            Тээврийн прокурорын газраас: К.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч К.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар К.Хийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч К.Хт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 300.000 төгрөг гаргуулан хохирогч С.Бт, 1.959.250 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч С.Б нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан цаг хугацааны цалин болон бусад гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Хохирогч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн орой ажлаа тараад гэртээ харьж явахдаа Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудлын замд "Daewoo BS106” маркийн 75-14 УБЧ улсын дугаартай автобуснаас унаж хойд дугуйн доогуур баруун зүүн хөлийн өсгий хэсгээр дайруулан хугарч гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон юм. Анхан шатны шүүх К.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Хохирогч надад гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал, ажилгүй байсан цаг хугацааны цалин болон бусад гэм хорын зардлын талаарх баримт хавтас хэрэгт хангалттай байсаар байтал “Зорчигч тээврийн  нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гаргуулж өгөөгүй шийдвэрлэсэн нь миний эрүүл мэндийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тул дахин хянаж, миний эрүүл мэндэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч К.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өндөр настай эх, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манайд надаас өөр ажил хийдэг хүнгүй. Эх маань өндөр настай учир байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай байдаг. Миний бие “Эрдэм транс” ХХК-д жолооч хийдэг бөгөөд нийслэлийн бүх газар нутгаар зорчигч тээвэрлэх үүрэгтэй байдаг. Иймд миний гэр бүл болон ажлын нөхцөлийг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч С.Бын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн ажлын газрын цалингийн тодорхойлолт, эрүүл мэндийн болон сувилагчийн зардлын баримтыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүхээс хохирлыг барагдуулж болох бодит нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хохирогчийн эмчилгээний буюу нэхэмжилсэн зардал, цаашид тэтгэвэр тогтоолгон, мөн группт орсон нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирол барагдуулах тал дээр өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгч мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хохирол төлөх талаар тохиролцож байсан боловч шүүх хуралдаан болох үед төлөөгүй байсан. ...” гэв.

            Шүүгдэгч К.Хийн өмгөөлөгч Р.Түвшинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ажлын онцлогоос хамаарч нийслэлийн бүх газар нутгаар зорчигч тээвэрлэдэг ажил эрхэлдэг. Цалингийн тодорхойлолт /хх-122/ сарын дундаж цалин 1.335.000 төгрөг. К.Хийн эх нь өндөр настай, 500.000 төгрөгийн тэтгэвэртэй, ам бүл 5. К.Хийн том хүүхэд нь Турк Улсад тэтгэлгээр суралцаж байгаад энэ жил ирж байгаа. Тийм учраас торгууль төлөх боломжтой. Манай үйлчлүүлэгчийн давж заалдах гомдолд дурдсан ял өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү. Хохирогчийн зүгээс мөрдөн байцаалт дуусах үед хохирлын талаар баримт гаргаж өгч, хэрэг шүүхэд шилжсэн. Тэрнээс өмнө шүүгдэгч, хохирогч нар хоорондоо холбогдож байгаагүй. Хохирогчийн хувьд гэм хорын хохирол нь 100 хувь нотлох баримтаар тогтоогдвол төлөх бүрэн боломжтой. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтны учруулсан гэм хорыг ажил олгогч хариуцна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болбол Эрдэм транс зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ хохирлыг бүрэн барагдуулах боломжтой. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж, шүүхээс оноосон эдийн засгийн цээрлэл хүлээх боломжтой гэж үзээд ялыг өөрчилж өгнө үү. ...” гэв.

                   Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх дээр хохирогчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэж тэргэнцэрийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр тухайн хэрэг болж, 9 сард хохирогч группт орсон. Энэ хоорондох ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нотлох баримтаа гаргаж чадаагүй учраас цаашид нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардал болон цалин, хөлстэй холбоотой гэм хорын асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч оролцсон бөгөөд энэ талаарх цалингийн тодорхойлолтоос гадна бусад нотлох баримт хангалттай биш, мөн асаргааны сувилагчийг хөлсөлж ажиллуулж байсан талаар баримт нь хангалттай биш байсан учраас нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн нь шийдвэр үндэслэлтэй.  Шүүхээс шүүгдэгч К.Хийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Энэ нь зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарласан ял учраас шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргээс гэдэг нь ажлын онцлогоос шалтгаалан Улаанбаатар хотоос гэж өөрчлөх боломж нь шүүхийн эрх хэмжээний асуудал. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч К.Х нь Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудлын замд 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 22:00 минутын орчимд Daewoo BS106 маркийн 75-14 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 23.4-т “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэт зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч С.Быг буугаагүй байх үед нь хөдөлгөөн эхэлж, улмаар хөлийг нь дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

            хохирогч С.Бын “...автобусны буудал дээр арын хаалган дээр зогсож байхад нэг хүн намайг түлхээд, би арагшаа савж унасан. Автобус хөдлөөд миний зүүн хөл дээгүүр гараад үргэлжлүүлээд миний баруун хөлийн шилбэнээс доошоо дугуйгаараа дараад зогсчихсон. Хүмүүс орилоод автобусны жолооч автобусаа ухрааж, миний хөлийг гаргаж түргэн дуудсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...” /хх 26-27/,

            иргэний нэхэмжлэгч М.Энхтуяагийн “... Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.646.250 төгрөг гарсныг яллагдагч К.Хаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд төлүүлж өгнө үү. ..." /хх 50/,

            иргэний нэхэмжлэгч Ц.Баясгалангийн “...Daewoo BS106 маркийн 75-14 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшлийн автобус юм. Манай компани Хаан даатгалтай хамтран ажилладаг тул бусдад учруулсан хохирлыг даатгалаас төлж барагдуулна. ...” /хх 57/,

шинжээч Б.Даваасүрэнгийн “...Баруун өсгийн ясны хугарал гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй, өндрөөс унах үед үүсэх гэмтэл юм. Өөрөөр хэлбэл тухайн зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. ...” /хх 76/,

Шүүгдэгч К.Хийн яллагдагчаар өгсөн “...цаашид хохирлыг төлж барагдуулна. ..." /хх 93/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8991 дугаар “...С.Бын биед баруун зүүн өсгий ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ..." /хх 79-80/,

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 22/108 дугаартай Цагаан шонхрын жигүүр НҮТББ-ын шинжээчийн “... Daewoo BS106 маркийн 75-14 УБЧ улсын дугаартай нийтийн тээврийн автобусны жолооч К.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 23.4 “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэт зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. ...” /хх 83-84/ гэсэн дүгнэлтүүд,

            хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “...Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр нэг хүн хөлөө автобусанд дайруулчихлаа гэх мэдээлэлд ирж шалгахад автобусны буудал дээр байрлах ертөнцийн зүгээр баруун талаасаа 5 дахь ...... үйлчилгээний дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талд явган зорчигчийн замын хөвөөнөөс урагш 3 метр 33 см зайд 75-14 улсын дугаартай цэнхэр өнгийн автобус байх ба уг автобусны баруун хойд талын дугуйны хажууд цус мэт улаан шингэн зүйл асгарсан байдалтай байв. Хэргийн газраас эд мөрийн баримтаар тооцож уг автобусны гэрчилгээг хураан авав. Хэргийн газраас Никон Ди 3100 маркийн зургийн аппаратаар нийт 3 ширхэг кадр зураг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...” /хх 14/

            Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-23/, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл буюу эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээнд 2022 оны 5-7 дугаар сарын хооронд нийт 1.646.250 төгрөг /хх 53-54/

            2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын“...С.Б                            S-92,0 гэх оноштой, өвчний жагсаалтын 10.26 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50%-иар тогтоож шийдвэрлэв. ...” гэсэн шийдвэр /хх 180/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч К.Хийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч К.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Хохирогч С.Б “...гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал, ажилгүй байсан цаг хугацааны цалин болон бусад гэм хорын зардлын талаарх баримт хавтас хэрэгт хангалттай байсаар байтал “Зорчигч тээврийн  нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гаргуулаагүй шийдвэрлэсэн тул хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэсэн,

            шүүгдэгч К.Х “...Миний бие “Эрдэм транс” ХХК-д жолооч хийдэг бөгөөд нийслэлийн бүх газар нутгаар зорчигч тээвэрлэх үүрэгтэй. Иймд миний гэр бүл болон ажлын нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх, шүүгдэгч К.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, зорчих эрхийг хязгаарлах ял нь тухайн хүнийг чөлөөтэй зорчуулахгүй байх эрүүгийн хариуцлагын төрөл буюу ялын нэг төрөл юм. Тийм учир түүний оршин суугаа газрын нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй бөгөөд шүүгдэгчийн ахуй амьдрал, хүсэл саналаар шүүх ял шийтгэлийг оногдуулах заалт байдаггүй, шүүхийн эрх хэмжээний асуудал тул шүүгдэгч К.Хийн торгуулийн ял оногдуулж өгөх талаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдсонгүй.

Хохирогч С.Бын гаргасан гомдлын тухайд,  анхан шатны шүүх нотлох баримтаар хохирогч нь Гэмтэл сонгог судлалын үндэсний төвөөс 2.305.000 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан бөгөөд дээрх төлбөрийн 1.959.250 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн, мөн шүүгдэгч нь хохирогчоос гаргаж өгсөн баримтын зөрүү болон эм хэрэгслийн төлбөр болох 399.950 төгрөгийг төлсөн талаар дурдаж шийдвэрлэсэн.

Хохирогч С.Б нь ажилгүй байсан хугацааны  цалин хөлс, цаашид олох байсан орлого, сувилагчийн үйлчилгээ авсны хөлс зэргийг нэхэмжилсэн боловч түүний шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтууд нь  бүрэн биш, энэ тогтоолоор иргэний нэхэмжлэгчийг тооцоолон шийдвэрлэхэд хангалттай баримт болж чадахгүй хохирлыг эрүүгийн хэрэгтэй нь хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн зүйлд заасны дагуу хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “Зорчигч тээврийн  нэгтгэл” ОНӨААТҮГ-аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Гэхдээ энэ хэргийг үйлдсэн гэмт буруутай этгээд нь шүүгдэгч К.Х бөгөөд гэм хорын хохирлыг төлөх хууль зүйн үүрэг хүлээсэн этгээд тул иргэний хариуцагч болон шүүгдэгч К.Хаас  гэж нэмж оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд хохирогч С.Б болон шүүгдэгч К.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/869 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтын “...хохирогч С.Б нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан цаг хугацааны цалин болон бусад гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэснийг “...хохирогч С.Б нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан цаг хугацааны цалин болон бусад гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болон шүүгдэгч К.Хаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Л.ДАРЬСҮРЭН

           

                               ШҮҮГЧ                                                        Т.ШИНЭБАЯР

 

                   ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ