Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/182

 

        

 

 

 

 

     2023           2             9                                        2023/ДШМ/182                                                

 

 

                              З.Б, М.Б, Ж.Б нарт

                                       холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Б.Ганбулган,

иргэний хариуцагч “Бэрэн Групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-Очирын өмгөөлөгч Л.Хатанбаатар,

цагаатгагдсан этгээд З.Б өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

цагаатгагдсан этгээд М.Б, түүний өмгөөлөгч Б.Энхбат, Б.Лхагвасүрэн,

цагаатгагдсан этгээд Ж.Б,

            нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1277 дугаар цагаатгах тогтоолтыг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 87 дугаар эсэргүүцлээр З.Б, М.Б, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 1702000000075 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Цагаан овгийн З.Б, 1974 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ................... тоотод түр оршин суух, /РД:......................./;

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч хийх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1 дэх заалт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

            2. Боржигон овгийн М.Б, 1970 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 нөхөр, 4 хүүхдийн хамт .............. тоотод түр оршин суух, /РД:......................./;

            3. Алтан овгийн Ж.Б, 1963 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Барилгын үйлдвэрлэлийн удирдлага зохион байгуулалт мэргэжилтэй, “Идэр” их сургуулийн Гадаад харилцаа, оюутны хөгжил хариуцсан дэд захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................./;

Шүүгдэгч З.Б нь Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа М.Б, Ж.Б нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

-“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэсэн хэм хэмжээг зөрчин,

-Барилга хот байгуулалтын яамны “Гадаад хамтын ажиллагаа үл хөдлөх хөрөнгийн зохицуулалтын” хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бд “Бэрэн групп” ХХК-ийн барьж байсан Нийслэлийн орон сууцны санд шилжүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 31- ний өдрийн 298 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулах үүрэг өгсөн,

-Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 тоот тогтоолын нэгдүгээр заалтад “төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд орон сууцыг худалдан авах арга хэмжээ авахыг зөвшөөрсүгэй” гэж, уг заалтын хэрэгжилтийг хангуулахыг Барилга хот байгуулалтын сайд, З.Бд зөвшөөрөл олгосон шинжтэй байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамны ажлын албаны мэргэшсэн төрийн албан хаагчид “шударга өрсөлдөөний хууль зөрчсөн”, “сонгон шалгаруулалт зөрчсөн” тухай мэдээлсээр байтал Засгийн газарт хандаж, тогтоолд өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох талаар санаачилга гаргаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй,

-Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Бгийн Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр,

-Засгийн газрын тогтоол албажаагүй байхад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн группХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мөнхтөртэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй этгээд болох М.Бд олгосон,

-Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпораци Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай /өөрийн жолооч, сонгуулийн штабт нь ажиллаж байсан нэг намын гишүүн хүмүүс, нөхөр Т.Түвшинжаргалын дүү гэх мэт/ хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн,

-Барилга хот байгуулалтын яамны “Төрийн захиргааны удирдлагын газрын дарга”- аар ажиллаж байсан М.Бг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон байхад буюу /Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдсөн/, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлыг нь бодитоор хэрэгжүүлэлгүй, эрхгүй албан тушаалтнаар түүний өмнөөс хэлцэл дээр гарын үсэг зуруулан,

2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мөнхтөртэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах үүрэг чиглэл өгч, гэрээг байгуулан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан,

Шүүгдэгч  М.Б нь Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа З.Б, Ж.Б нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

-“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн Албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэсэн хэм хэмжээг зөрчин,

-М.Б нь Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр,

-Засгийн газрын тогтоол албажаагүй байхад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мөнхтөртэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй эрх нь дуусгавар болсон цаг хугацаанд гэрээг байгуулан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан,

Шүүгдэгч Ж.Б нь Барилга, хот байгуулалтын яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа М.Б, З.Б нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

-“Бэрэн групп” ХХК-ийн барьж байсан Нийслэлийн орон сууцны 7 дугаар хорооллын 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний 298 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулахад,

-Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргэж өгч,

“Бэрэн групп” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол Хангай хотхоны 223 айлын нийт 7975.36 м2 талбай бүхий орон сууцыг 14.993.676.800 /арван дөрвөн тэрбум есөн зуун ерэн гурван сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун/ төгрөгөөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар “Бэрэн групп” ХХК-ийн удирдлагатай яриа хэлэлцээр хийж, Барилга, хот байгуулалтын яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулсан материал, Засгийн газрын тогтоолын төсөлд “Бэрэн групп” ХХК-ийн нэрийг шууд заан оруулж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан” ...энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ...” гэснийг, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэг” ...улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх” гэж заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: З.Баянсэлэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт, Ж.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Б, М.Б, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 1702000000075 дугаартай хэргийг “шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан прокурорыг тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1702000000075 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэрэгт шүүгдэгч З.Баянсэлэнгийн өмчлөлийн Ү-2204002746 бүртгэлийн дугаартай орон сууц, шүүгдэгч М.Бгийн эзэмшлийн Г1423001563 дугаар бүхий газар битүүмжлэгдсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” гэх 2 хавтаст 385 хуудас зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Б нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гаргах хязгаарлалт тогтоох, уг хэргийн гэрч болон яллагдагчаар татсан хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хууль тогтоогчоос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийг “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албаны тушаалын байдлаа урвуулан ашигласан улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээнээс дээш хохирол учирсан бол...” гэж,

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;

Харин Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” гэж тус тус хуульчилсан ба албан тушаалаа зүй бусаар ашиглан хувьдаа материаллаг ашиг олохгүй ч албан үүргээ танил тал, найз нөхөд, нутаг усны гэх мэт алагчилсан, олон нийтэд ашиг сонирхлын зөрчил үүссэнийг хувийн ашиг сонирхол гэж ойлгохуйц нөхцөл байдлаар тайлбарладаг. Мөрдөн шалгах ажиллагааны шүүгдэгч З.Б нь албаны эрх мэдэл буюу албаны тушаалын байдлаа урвуулан ашигласан, улсын төсөвт хүнд хор уршиг учруулсан, “Бэрэн Групп” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдлууд нотлогдож, тогтоогдсон гэж улсын яллагчийн зүгээс үздэг. Харин шүүгдэгч З.Б өөртөө ямар эдийн болон эдийн бус давуу байдал бий болсныг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгасан, хэрэв нотлогдсон бол тус гэмт хэрэг Эрүүгийн хуулийн бусад зүйл, хэсэг, заалтад заасан өөр гэмт хэргээр давхар зүйчлэгдэх байсан байх, гэтэл шүүх албан тушаалтны хувийн ашиг сонирхол, өөрт бий болгосон, эдийн болон эдийн бус давуу байдлыг нотлох ажиллагаа хийгдээгүй гэж шүүгдэгч нарыг бүхэлд нь цагаатган шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

            Мөн Монгол Улсын нэгдсэн орсон Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний -т байгууллагын конвенцын 28 дугаар зүйлд “Ухамсар, санаа, зорилго гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг болох нь Энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж тусгасан ба шүүхийн тогтоолд тусгасан шүүхээс дүгнэсэн үйл баримт, прокуророос ялласан үйл баримтуудаар гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилгыг бүрэн тодорхойлох боломжтой, мөн анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар улсын яллагчаас бүрэн тодорхойлсон байдаг.

Шүүхийн цагаатгасан бас нэг үндэслэл нь “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйл.чилгээ худалдан авах ажиллагаа нь Төсвийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт суусан хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа сонгон шалгаруулалт зарлах замаар үйл ажиллагаа явуулахыг зохицуулсан байх тул Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны төсөвт 14,993,676,800 төгрөг суугдаагүй байхад түүнийг худалдан авах ажиллагааг хуульд заасны дагуу явагдаагүй” гэсэн дүгнэлт юм.

Үүнтэй дараах үндэслэлээр санал нийлэхгүй байна. Учир нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.6-д “улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг; 4.1.26-д “төсвийн тодотгол” гэж тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг” гэж тус тус заасан байхад төсвийн тодотголоор 2016 оны 9 дүгээр сард 2016 оны Улсын төсөвт нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан зардлыг төсөв биш гэж дүгнэн, гэмт хэргийг үгүйсгэсэн шийдвэр гаргасныг нь хуулийг буруу ойлгож, тайлбарласан гэж үзэхээр байна. Дээрх мөнгийг төсөвт суутгагдаагүй гэсэн нь энэ хуулийн заалтаар бүрэн үгүйсгэгдэнэ.

Мөн “Бэрэн Групп” ХХК-аас орон сууц худалдан авах асуудлыг Засгийн газарт танилцуулсан гэх нь шүүгдэгч нар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй бөгөөд Засгийн газрын хуралдаанаар “Бэрэн Групп” ХХК-аас орон сууц худалдан авах бүхий л ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг хэлэлцээгүй, танилцуулагдаагүй, Засгийн газрын гишүүд тухайн хууль тогтоомж ноцтой зөрчсөн мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Гэтэл шүүхээс Засгийн газарт танилцуулсан гэж өрөөсгөл дүгнэн, шүүгдэгч нарын гэмт хэргийг цагаатгасан нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, гэм буруутай зарчимтай зөрчилдөж байна. Прокуророос хавтаст хэргийн хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн 340 дугаартай яллах дүгнэлтэд бусдад давуу байдал бий болгосон гэх үг, үсэг, өгүүлбэр тусгагдаагүй.

Харин шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас бий болсон нөхцөл байдал, үүссэн үр дагаварт дүгнэлт хийхдээ аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэж дүгнэлтэд дурдсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн хэсгийг тодруулан заасан 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуульд “Давуу байдал”-ыг, мөн 2012 онд батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль “хувийн ашиг сонирхол”-ыг тус тус тодорхойлсон ба улсын яллагчийн дүгнэлтэд хуульд заасан шинжийг дурдсан нь яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

2. Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Б, Барилга, хот байгуулалтын яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Б, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Б нар нь бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн хохирол учруулсан,

Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон бууд бус хамааралтай /өөрийн жолооч, сонгуулийн штабт нь ажиллаж байсан нэг намын гишүүн хүмүүс, нөхөр Т.Түвшинжаргалын дүү гэх мэт/ хүмүүсийн материалыг “Түрээсийн орон сууцны корпорац” төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хавтаст хэргээс тухайн Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг “Түрээсийн орон сууцны корпорац” төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон бууд бус хамааралтай /өөрийн жолооч, сонгуулийн штабт нь ажиллаж байсан нэг намын гишүүн хүмүүс, нөхөр Т.Түвшинжаргалын дүү гэх мэт/ хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн үйлдэлд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой юм.

Мөн урьд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжид энэ талаар тусгасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ДШМ/60 дугаартай магадлалаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн байхад цагаатгах тогтоолд тусгасан байгаа нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1277 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Иргэний хариуцагч “Бэрэн Групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-Очирын өмгөөлөгч Л.Хатанбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 223 айлын түрээсийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийдвэр болон прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэхэд “Бэрэн групп” ХХК-тай холбоотой хохирол, гэм буруугийн асуудал байхгүй. Яагаад иргэний хариуцагчаар татсаныг тодорхой болгох гэж хэдэн жил явж байна. “Бэрэн групп” ХХК уг гэрээг байгуулсан. Өнөөдрийн байдлаар гэрээ бүрэн хангагдсан. Прокурорын эсэргүүцэлд Барилга хот байгуулалтын яам “Бэрэн  групп” ХХК-д давуу байдал олгосон мэтээр дурдагдсан байна. Анх “Бэрэн групп” ХХК яагаад 223 айлын орон сууцыг авах ёстой болсон талаар тайлбарлах ёстой. “Бэрэн групп” ХХК 2008 оноос хойш “100.000 айлын орон сууцны хөтөлбөр”, “утаагүй Улаанбаатар”, “гэр хорооллын дахин төлөвлөлт”, “гэр хорооллын орон сууц хөтөлбөр” гэх мэт олон хөтөлбөрийн хүрээнд “Хангай” хотхоныг барьсан. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн орон сууц хөтөлбөр батлах тухай 248 дугаар Засгийн газрын тогтоол гарсан. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын яам судалгаа явуулж, амьжиргааны түвшин, эдийн засгийн нөхцөл байдал буюу бодит нөхцөл байдлуудыг харгалзан “Бэрэн групп” ХХК-д санал, хүсэлтээ явуулсан байдаг. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс 298 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолд “гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсвийн хүрээнд нийслэлийн орон сууц 7 дугаар хороонд баригдаж байгаа “Бэрэн групп” ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцын санд худалдах, худалдан авах арга хэмжээг Барилга хот байгуулалтын яамны сайд З.Бд зөвшөөрсүгэй”,  “худалдан авсан орон сууцны үнэ болох 15.000.000.000 төгрөгийг 2017 оны улсын төсөвт  тусгаж шийдвэрлэхийг З.Б, Болор нарт даалгасугай” гэж заасан. Энэ үйл ажиллагаа нь бараа, ажил үйлчилгээ худалдан авсан бус үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа ажиллагаа учир Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль үйлчилж байна. “Бэрэн групп” ХХК-ийн барьсан 223 айлын орон сууц Төсвийн тухай хуульд багтаж 2016 оны 12 дугаар сард ашиглалтад орж Улсын комисс хүлээж авсан. Мөн эсэргүүцэлд дурдагдсан Авлигатай тэмцэх газар хувийн компанитай гэрээ байгуулж шинжээч томилоод, шинжээчийн дүгнэлтээр зөрүү гаргаж ирсэн. Энэ нь хууль зөрчсөн ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуульд зааснаар төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал дээр Төрийн аудитын газар дүгнэлт гаргах ёстой. Төрийн аудитын газар дүгнэлт гаргаагүй байхад Авлигатай тэмцэх газар шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтээр бамбай хийж “Бэрэн грүпп” ХХК-ийг яллах үйл ажиллагаа явагдсан. “Бэрэн групп” ХХК засгийн газрын тогтоол болон Улсын их хурлаас баталсан хуулийн заалтуудыг хэрэгжүүлж 223 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан бөгөөд хэн ч хохироогүй. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.  ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. Яллах дүгнэлтэд 177 хүний материалыг төрийн орон сууцны корпорацад хүргэж өгсөн гэсэн үндэслэлээр намайг буруутгасан. Үүнийг би ойлгохгүй байгаа. Тухайн үед цаг үе хэцүү, түрээсийн орон сууц нэн шаардлагатай байсан үе. Яамны гадаа маш олон хүмүүс 7 хоногийн туршид түрээсийн орон сууцанд орохоор материалаа өгөхөөр хүлээж байсан. Үүнийг би эмхэтгэж төрийн орон сууцны корпорацад хүргэж өгсөн. Анхан шатны шүүхэд энэ талаар би, мөн өмгөөлөгч маань дэлгэрэнгүй тайлбарласан. Би хэн нэгэнд давуу тал олгож, хэн нэгнийг хохироогоогүй. 2016 оноос 2023 оны 01 дүгээр сар хүртэл  7975.36 мкв орон сууцыг 78 түрээсээр бодож үзэхэд 4.000.000.000 төгрөгийг орлого оруулсан байдаг. Өнөөдрийн байдлаар “Хангай” хотхоны орон сууц мкв нь 2.200.000-2.400.000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Биднийг тухайн үед мкв-ыг 1.800.000 төгрөгөөр үнэлсэн гэж буруутгасан. Үнийг бид тогтоогоогүй Сангийн яамнаас тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр...” гэж дүгнэсэн нь буруу. Тухайн үед С.Магнайсүрэн, З.Б нар байнга хэрэлддэгээс болоод С.Магнайсүрэн ажлаа авалгүй явсан. Хавтаст хэрэгт тамга тэмдэг хүлээлцсэн дэвтэр авагдсан. Би 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 2 тамгыг хүлээлгэж өгсөн. Үүгээр миний гарын үсэг зурах эрх дуусгавар болсон. Засгийн газрын тогтоолоор төрийн нарийн бичгийг томилж, чөлөөлдөг байсан. 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн З.Баянсэлэнгийн түр орлон гүйцэтгэх тушаал надад ирсэн байсан. Засгийн газрын М.Бг чөлөөлж С.Магнайсүрэнг томилсон тогтоол намайг ажлаас гарсны дараа гарсан учир хавтаст хэрэгт хавсаргаж чадаагүй. Дээрх үндэслэлүүдээр би өөрийгөө гарын үсэг зурах эрхтэй байсан гэж үзэж байна. Засгийн газрын тогтоол бол энэ гэрээнд хэн ч байсан гарын үсэг зурах байсан. Мөн прокурорын зүгээс З.Б, М.Б, Ж.Б нар үгсэн хуйвалдаж энэ хэргийг хийсэн гэж дүгнэсэн. Миний бие тухайн үед төрийн нарийн бичгийн дарга, төрийн захиргааны удирдлагын газрын даргын ажил үүргийг хавсарган гүйцэтгэж байсан. З.Б давхар дээлтэй байсан учир яам дээр бараг ирдэггүй байсан. Ж.Б нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга байсан. Эдгээр хүмүүс засгийн газрын хуралдаанаар “Бэрэн групп” ХХК-ийн асуудлыг хэлэлцүүлж байгаа талаар би мэдээгүй. З.Б 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр надад засгийн газрын тогтоол гарсан. Ж.Б очиж гарын үсэг зуруулна. Яаралтай зураад явуул. Энэ бол засгийн ажил гэж хэлсэн. Тэрний дагуу гэрээн дээр маш яаралтай гарын үсэг зурсан. Хамгийн анхны шүүх хуралдаанд сайд Ч.Сайханбилэг оролцсон бөгөөд “Бэрэн групп” ХХК нь миний санал болгосон компани гэж тайлбарлаж байсан. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.Бгийн өмгөөлөгч Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд Төсвийн тухай хуулийн 4.1.26-д зааснаар төсвийн тодотголоор 14.993.676.800 төгрөг суучихсан байхад анхан шатны шүүх өөрөөр дүгнэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй гэсэн байна. 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тогтоол гарч, 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэтэл Улсын их хурлын 2016 оны төсвийн тодотгол буюу нэмэлт өөрчлөлт 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хийгдсэн. Тогтоолд ямар компаниас, хэн, хэдэн төгрөгөөр, юу худалдан авах талаар тодорхой заасан байсан. Үүн дээр тендер, сонгон шалгаруулалт зарлах боломжгүй байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төсвийн тухай хуульд зааснаар тухай жилийн төсөвт суусан хөрөнгөөр төр худалдан авах ажиллагаа хийж байгаа бол тендер, сонгон шалгаруулалт зарлана гэж заасан. 14.993.676.800 төгрөг нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Төсвийн хөрөнгөд суугаагүй, төсвийн хөрөнгө биш байсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоож чадаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдүүлэг өгөхдөө “дээрх буруутай этгээдүүдээс төрд учирсан 972.448.955 төгрөгийг гаргуулж, улсыг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн байдаг. Гэтэл яллах дүгнэлтийн хавсралт хэсгийн 4 дэх заалтад хохирлын хэмжээг 1.305.223.684 төгрөг гэж бичсэн. Шүүхийн хэлэлцүүлэг болон прокурорын эсэргүүцэлд дурдагдсанаар хохирлын хэмжээ 14.993.676.800 төгрөг болж өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, хохирлын хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн дүүрэн тогтоож чадаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр прокурорын эсэргүүцэл биелэгдэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.Бгийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд З.Баянсэлэнгийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн даралт нь унасан учир акт ирүүлсэн. Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан. Ингээд энэ 3 хүний гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн. Одоо хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн эсэргүүцэл бичсэн байна. Энэ биелэгдэх боломжгүй. Прокурорын эсэргүүцэлд Төсвийн тухай хуулийн талаар дурдсан байна. Төр өөртөө өмч хөрөнгө худалдаж авсан. Өнөөдрийн байдлаар энэ өмч хөрөнгө ашгаа өгсөөр байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн объектив шинж үгүйсгэгдэж байна. Тогтоолын төслийг боловсруулсан М.Б, Ж.Б гэх хүмүүс хэрэгт хамааралгүй учир Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг холбож тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах дүгнэлтэд тавигдах шаардлагыг болон мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудын үүргийг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, бодит үнэнийг тогтоох үүрэгтэй. Гэтэл яллах дүгнэлтийг харахад Төсвийн тодотголын тухай хуулийг баталсан, Засгийн газрын тогтоолыг баталсан сайд нар болон Улсын их хурлын гишүүдийн үйлдэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Гэтэл прокурор орон сууц худалдан авсан үйл явдалд биш орон сууцанд орохоор материал өгсөн хүмүүс дунд миний үйлчлүүлэгчийн таньдаг 20 гаруй хүн байсныг үндэслэн гэмт хэрэг гэж үзсэн. Мөн С.Магнайсүрэн ажилдаа ороогүйгээс болж тогтоол батлагдсан гэж буруутгасан. С.Магнайсүрэн ажлаа авсан байсан бол тогтоол батлагдахгүй байсан талаар нотлоогүй. М.Б мэргэшсэн төрийн албан хаагч, С.Магнайсүрэн мөн ялгаагүй мэргэшсэн төрийн албан хаагч, ажилдаа орсон байсан бол ямар ялгаатай байх байсан талаар тодорхойлоогүй учир прокурорын эсэргүүцэл авцалдаагүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хангалгүй орхиж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар З.Б, Ж.Б, М.Б нарт  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Прокуророос З.Баянсэлэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Ж.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг хянахад анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн зарим дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх зэрэг хууль бус ажиллагааны улмаас төр, иргэн, аж ахуйн байгууллагад үлэмж болон түүнээс дээш хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага  хүлээлгэхээр хуульчлан  тогтоосон.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, анхан шатны шүүх З.Б, М.Б, Ж.Б нар нь Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын яамны сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын санхүүжилтээр түрээсийн орон сууц  худалдан авах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тендер зарлалгүй, мөн бусад журам, дүрмийг зөрчин  “Бэрэн групп” ХХК-ийн Хангай хотхоны 223 айлын орон сууцыг худалдан авах эрхийг тус компанид  олгож төрийн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар хурлаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолын төслийг шадар сайд Ц.Оюунбаатар /1хх 198-202/ оруулж ирэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 298 дугаар тогтоолыг /1хх 192/ баталсан.

            Уг тогтоолоор “Бэрэн  групп” ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцын санд худалдан авсугай” гэж нэр заан тогтоол гаргаж, орон сууцны үнэ 15.000.000.000 төгрөгийг улсын төсөвт тусган шийдвэрлүүлэхээр даалгасан байх бөгөөд засгийн газрын гишүүдийн хуралдаанаар хэлэлцэгдэж шууд “Бэрэн групп” ХХК-д эрх олгосон Засгийн газрын тогтоолын дагуу түрээсийн орон сууцыг худалдан авсан бөгөөд Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайдын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ,” гэж хуульчилсан байхад Засгийн газрын 298 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн асуудлаар засгийн газрын гишүүн буюу Барилга хот байгуулалтын яамны сайд З.Баянсэлэнгийг дангаар болон М.Б, Ж.Б нартай бүлэглэн “Бэрэн групп” ХХК-д давуу байдал олгосон гэж үзэх  боломжгүй эргэлзээтэй байдал үүсч байгаа тул засгийн газрын тогтоолоор шийдвэрлэсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Харин З.Б нь Улсын их хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын яамны сайдаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэсэн хэм хэмжээг зөрчин, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Бгийн Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр, Засгийн газрын тогтоол албажаагүй байхад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мөнхтөртэй байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулан, гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй этгээд болох М.Бд олгосон,

            Мөн Барилга хот байгуулалтын яамны гадаад хамтын ажиллагаа үл хөдлөх хөрөнгийн зохицуулалтын  хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бд чиглэл өгч

            Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамаарал бүхий  хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргүүлэн сонгон шалгаруулалтад оруулсан,

            2. М.Б нь З.Бтэй бүлэглэн Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр,

            Засгийн газрын тогтоол албажаагүй байхад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мөнхтөртэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг эдэлж, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй эрх нь дуусгавар болсон цаг хугацаанд гэрээг байгуулан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

            3. Ж.Б нь З.Бтэй бүлэглэн “Бэрэн групп” ХХК-ийн барьж байсан Нийслэлийн орон сууцны 7 дугаар хорооллын 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний 298 дугаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулах ажлыг хэрэгжүүлэх явцад

Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргэж өгч сонгон шалгаруулалтад оруулж, төрийн албан тушаалтан  албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болохыг нотолсон

гэрч С.Магнайсүрэнгийн “...М.Б нь гэрээнд гарын үсэг зурах эрхгүй байсан. ... Намайг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажиллах хугацаанд түрээсийн орон сууц худалдаж авах талаар огт юм яригдаж байгаагүй. 2016 оны яамны төсөвт Түрээсийн орон сууц худалдаж авах талаар ямар нэгэн хөрөнгө санхүүжилт тусгагдаагүй байсан. Хэрэв улсын төсвөөс мөнгө гаргаж  худалдаж авах тохиолдолд бол худалдан авах ажиллагааны журмын дагуу тендер сонгон шалгаруулалтаар түрээсийн орон сууц авах ёстой. ...” /1хх 29-33/,

Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын  85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдсөн /7хх 190/ байхад  тухайн албан тушаалыг гүйцэтгэх эрхгүй байсан этгээд болох М.Б нь тухайн ажлыг түр орлон гүйцэтгэж /7хх 189/ байхдаа 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр болон Барилга хот байгуулалтын яамыг төлөөлж ТЗУГ-ын дарга болон ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б нар 14.993.676.800 төгрөгийн үнэ бүхий “Түрээсийн 223 айлын орон сууц худалдах, худалдан авах гэрээг” байгуулж /1хх 227-239/, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 116/614 дугаартай Төлбөр баталгаажуулах гэрээ /2хх 49-50/, төлбөр биелүүлэх гэрээний биелэлтийг дүгнэсэн акт /2хх 51-5/,

гэрч О.Нямхүүгийн “...М.Б төрийн нарийн бичгийн даргын өмнөөс худалдах, худалдах  авах гэрээнд гарын үсэг зурж болохгүй. ...” /1хх 79-80/,

            гэрч А.Гантулгын “...М.Бгаас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07/1952 дугаартай албан бичгээр давхардсан тоогоор 177 иргэний овог нэрийг миний нэр дээр хүргүүлсэн нь сайдын амаар өгсөн чиглэлийг албажуулж над руу явуулсан. ...” /1хх 92-93, 8хх 61-62/,

            гэрч Д.Дөлгөөний  “...М.Ариунмаагийн авчирч өгсөн иргэдийн материалыг Бадам эгч, Шагшжав, Оюунжаргал бид 4 хувааж аваад түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт өгсөн иргэдийг exel файл дахь жагсаалт руу шивж оруулсан. Намайг өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад Хангай хотхоны цахим сугалаа болох гэж байна хурлын өрөө рүү ор гэж хэлсэн. Сүүлд сонсоход 177 хүнээс 130 орчим нь уг байранд орсон гэж сонсогдож байсан. ...” /1хх 44-46, 67-68/,

            гэрч М.Ариунмаагийн /8хх 81-83/, гэрч Б.Мөнхтөрийн “...компанитай тус яамны төрийн нарийн бичгийн дарга М.Б гэрээ хийсэн. ...” /1хх 84-85/ гэсэн мэдүүлгүүд,

гэрч Д.Оюунжаргалын “...З.Б сайд сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуул гэж 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 131 дугаартай “Түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, иргэдийг  түрээсийн орон сууцаар хангах тухай” тушаал гарсан. Үүний дагуу сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулж явуулсан. 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07/1952 дугаартай М.Бгийн гарын үсэгтэй албан бичгээр ирүүлсэн. Тухайн иргэдийн нэрсийг материалтай нь тулгаад сугалаанд хамрагдахад иргэдийн нэрсийн жагсаалтад нэмж оруул гэж үүрэг чиглэл өгч, орон сууцанд хамрагдах иргэдийн жагсаалтад нэмж оруулаад сугалааг явуулсан. ...” /8хх 69-70/ гэсэн мэдүүлгүүд зэрэг баримт байсаар байхад дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр тэднийг цагаатган хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, тус цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж  байна. 

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлт нь хэдийгээр гэмт хэргийн үйлдэл, холбогдол, яллагдагч нарын бүлэглэсэн байдлыг ойлгомж муутай, зарим үйлдлийн агуулгыг давхардуулсан байдалтай бичсэн байгаа боловч хэрэгт буй баримт, болон хэргийн оролцогч, прокурорын тайлбар дүгнэлтээр үйл баримтыг тодруулж шүүхээс бодит дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байсан.

Дээрх үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байх боловч  Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн.

Уг хуулийн зохицуулалтаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг прокурорт болон анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлэх эрхгүй болсон тул  тус цагаатгах тогтоол хэвээр үлдэж байгаа болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1277 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Ганбулганы 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 87 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг агуулгын хувьд хүлээн авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1277 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

                           ШҮҮГЧ                                             Б.БАТЗОРИГ

  

               ШҮҮГЧ                                             Д.МӨНХӨӨ

 

               ШҮҮГЧ                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ