| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0100/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогч Г.Т,
иргэний хариуцагч Б.Н,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян-Өндөр овогт Нгийн Бт холбогдох 1703000010115 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Багшийн Их сургуулийн дизайн технологийн багш мэргэжлээр суралцдаг, 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ...тоотод оршин суух, Баян-Өндөр овогт Нгийн Б /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой 00 цагийн үед манай хажуугийн айлд ирсэн ахыг манай аав Н хүргээд өгөөч гэсэн, би машинаа унаад гэрээсээ гараад тэр ахыг Сонгинохайрхан дүүрэгт байх Цэнхэр дэлгүүрт хүргэж өгөхөд тэр ах намайг түр хүлээж байгаач гэсэн, тэгээд машиндаа хүлээж байгаад ойролцоогоор 3 цаг орчим хүлээгээд гарч ирэхгүй болохоор орсон айлд нь ороход тэр ах согтуу унтаж байхаар нь буцаад гэр рүүгээ машинаа унаад явсан. ...миний утас дуугарахаар нь утас руугаа хартал ээж залгаж байсан, тэгээд буцаад дээшээ хартал урд талд нохой байхаар нь зүүн гар тийшээгээ дарсан, өөдөөс ирж байсан автомашины гэрэл гялбаад буцаад баруун тийшээ дарж өөрийн урсгалдаа орж амжилгүй өөдөөс ирж байсан автомашинтай мөргөлдсөн. ...хохирогчтой харилцан тохиролцоод машиныг авч өгөх гэсэн боловч сэтгэлд нийцэхээр машин байхгүй байсан тул түүнд машины мөнгө гэж 10,000,000 төгрөг өгсөн. Эмчилгээний зардалд 1,034,170 төгрөг зарцуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
1.2.Хохирогч А.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 06 цагт босоод таксиндаа явахаар өөрийн ...УНӨ дугаартай Тоёото Приус-20 маркийн автомашинаар гэрээс гараад явж байсан. Замдаа цэнхэр дэлгүүрийн харалдаа хойноосоо урагшаа явж байтал өөдөөс ирж байсан цайвар өнгийн Тоёото Пробокс маркийн автомашин зөрөх гэж байтал ганцхан огцом дараад л бултах зай өгөлгүй өөдөөс ирээд мөргөсөн. Гэхдээ би дараад ороод ирэхэд нь аминдаа замын хажуу руу шахаж чадлаараа зугтсан боловч зүүн талаас хүчтэй мөргөсөн. Ослын дараа би явж чадахгүй хөл гэмтсэн байсан. Тэр мөргөсөн машины жолооч залуухан хүүхэд байсан. Бид 2 2-лаа цагдаа, эмнэлэг дуудсан, эхлээд замын цагдаа, араас нь 103 машин ирсэн. Надад мөнгө хэрэг болоод ББСБ-д 2017 оны 06 дугаар сарын 27-нд 4,000,000 төгрөгөнд тавьсан, сард 454,000 төгрөг төлдөг. Би жолооч залуутай уулзаад миний эмчилгээний төлбөр төл, өвдлөө, зовлоо гэж шаналгаж мөнгө нэхэхгүй, мөн машиныг бүрэн бүтэн болгож өг гэж хэлсэн, тэр хүн болон ар гэрийнхэн нь төлж барагдуулна гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,
1.3.Хохирогч А.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэрээс гараад явж байхад өөдөөс энэ залуу ирж байсан би харсан. Тухайн зам зөрж өнгөрдөг нарийхан зам болохоор хажуугаар өнгөрөөд гарах байх гэсэн чинь өөдөөс шууд ороод ирсэн. Би сигналаа дарсан надад замын хажуугийн боржур руу даваад гарах боломж байгаагүй тулаад байсан, 60-н километр цагийн хурдтай явж байсан гэдэг нь үнэн байх нэлээн хурдтай тулж орж ирээд дарсан. Би аль болох дараад шахагдаад замын хажуу руу зогссон. Тэгээд буугаад ирсэн чинь миний тойг бяцарчихсан гишгэж чадахгүй хазагнаад байсан. ... Машины төлбөрийг барагдуулсан. Эрүүл мэндийн тал дээр эмчилгээ зардал гэж явж байгаад одоо намайг огт хаясан. Утсаар ярьхаа ч байсан. Эрүүл мэндийн дэвтэр сунгуулаад өгөөч гэж хэлсэн. Би эмнэлгээр явж групд ормоор байна гэж хэлэхээр мөнгө байхгүй гэж хэлээд утсаа авахаа байсан. Би эд нарт нотариатаар ороод хөлний тал дээр бид нар 100% хариуцна гэдэг тал дээр гэрээ байгуулаад би гомдолгүй гэдгээ хэлье гэсэн энэ асуудлыг хүлээж авсан хэрнээ биелүүлэхгүй байна. Би банкны мөнгө сард 427,000 гаруй төгрөг төлдөг. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ажилгүй бага хүүхдүүдээ гэртээ хардаг. 3 хүүхэд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуульд суралцдаг. Одоо энэ байдлаараа эд нарыгаа тэжээж дийлхээргүй болчоод гомдолтой гэдэг зүйлийг тавьж байна. Би хөлөө зүгээр болон болтол банкны мөнгөө төлүүлмээр байна. Жоохон суухаар хөл янгинаж, хөшиж өвдөөд өвчин намдаах эм уудаг. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.4.Иргэний хариуцагч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тоёота Пробокс маркийн 56-46 УНУ дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийн машин юм. ...уг машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй, манай хүүгийн буруугаас тухайн осол болсон, миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй, би иргэний хариуцагчийн хувьд мөн миний хүү осол гаргаж бусдад хохирол учруулсан тул хохирогчтой харилцан тохиролцоод эхлээд түүний ...УНӨ дугаартай автомашин “Есөн финанс” ББСБ-д 3,331,000 төгрөгийн өрийг хааж төлсөн /баримт нь байгаа/, дараа нь түүний автомашиныг шинээр авч өгөхөөр тохиролцоод 3,500,000 төгрөг дансаар өгсөн, түүний автомашиныг 10,000,000 төгрөгөнд авч өгөхөөр тохиролцсон. Дахин дансаар 3,100,000 төгрөг өгсөн. Мөн эмчилгээний зардлыг бүрэн хариуцаж төлж байгаа, баримтууд нь надад байгаа. Миний хүү Б нь 1998 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, эцэг эхээс 2-лаа, айлын бага хүүхэд, дээрээ 1 эгчтэй, миний хүү Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийг амжилттай төгсөөд, одоо Багшийн их сургуульд суралцаж байна. Миний хүү зан төлөвийн хувьд зөөлөн, дөлгөөн тайван, янз бүрийн ааш гаргаад байдаггүй. Эцэг, эхийн үгнээс гардаггүй, урьд нь хэрэг төвөгт орж байгаагүй, ял шийтгэлгүй. ...” гэх мэдүүлэг /хх 27 х/
1.5.Иргэний хариуцагч Б.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Машиныг нь ханын материалд янзлуулах гээд айлын хашаанд байгаа. Машинд нь үнэлгээ хийлгэсэн. Машиныг нь засаад буцаагаад өгөх бодолтой байгаа боловч хохирогч ийм машин авахгүй машин авхуулна гээд байгаа. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.6. Шинжээчийн 12680 дугаар дүгнэлт
1.А.Тын биед зүүн тойг ясны бяцарсан ил хугарал, зүүн гуя, өвдөг, шилбэ, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх 39 х/,
1.7. Замын цагдаагийн албаны шинжээчийн 574 дугаар дүгнэлт
1.Тоёота Пробокс маркын 56-46 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Тоёота Приус маркын ...УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан А.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөхгүй байна. гэсэн дүгнэлт /хх 44 х/
1.8.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Н.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 64 х/
2.2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58 х/
Гурав:Хохирлын баримтууд.
3.1.Хохирол төлсөн баримтууд, зардлын тооцоо /хх 66-72 х/
3.2. “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн автомашины эвдрэлийн үнэлгээ /хх 33 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Н.Бын хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цэнхэр дэлгүүрийн замд Б.Нгийн эзэмшлийн “Toyotа Probox” маркийн 56-46 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Г.Тын жолоодон явсан “Toyotа Prius” маркийн ...УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Г.Тын эрүүл мэндэд “зүүн тойг ясны бяцарсан ил хугарал ...” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Н.Бын “...миний утас дуугарахаар нь утас руугаа хартал ээж залгаж байсан, тэгээд буцаад дээшээ хартал урд талд нохой байхаар нь зүүн гар тийшээгээ дарсан, өөдөөс ирж байсан автомашины гэрэл гялбаад буцаад баруун тийшээ дарж өөрийн урсгалдаа орж амжилгүй өөдөөс ирж байсан автомашинтай мөргөлдсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч А.Тын “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 06 цагт босоод таксиндаа явахаар өөрийн ...УНӨ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаар гэрээс гараад явж байсан. Замдаа цэнхэр дэлгүүрийн харалдаа хойноосоо урагшаа явж байтал өөдөөс ирж байсан цайвар өнгийн “Тоёота Пробокс” маркийн автомашин зөрөх гэж байтал ганцхан огцом дараад л бултах зай өгөлгүй өөдөөс ирээд мөргөсөн. Гэхдээ би дараад ороод ирэхэд нь аминдаа замын хажуу руу шахаж чадлаараа зугтсан боловч зүүн талаас хүчтэй мөргөсөн. Ослын дараа би явж чадахгүй хөл гэмтсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,
Шинжээчийн 12680 дугаар дүгнэлт
1.А.Тын биед зүүн тойг ясны бяцарсан ил хугарал, зүүн гуя, өвдөг, шилбэ, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх 39 х/,
Замын цагдаагийн албаны шинжээчийн 574 дугаар дүгнэлт
1.Тоёото Пробокс маркын 56-46 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Тоёота Приус маркын ...УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан А.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөхгүй байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 44 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Шүүгдэгч Н.Бын “... би машины мөнгө гэж 10,200,000 төгрөг өгсөн. Эмчилгээний зардалд 1,034,170 төгрөг зарцуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч А.Тын “... автомашины хохиролд 10,200,000 төгрөг авсан, эмчилгээнд гарсан зардлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлүүлмээр байна ...” гэх мэдүүлэг,
Хохирол төлсөн баримтууд, зардлын тооцоо /хх 66-72 х/ зэргээр автомашины хохиролд 10,200,000 төгрөг, эмчилгээний зардалд 1,034,170 төгрөг төлөгдсөн болох нь тус тус нотлогдон тогтоогдсон.
Хохирогч автомашины төлбөрийн зөрүү болон цаашид гарах эрүүл мэндтэй холбоотой зардлын баримтууд гаргаж ирүүлээгүй учраас баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд нээлттэй зааж өгөх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Н.Бт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг харгалзан түүнд улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, уг торгуулийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгож шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, автомашины хохиролд 10,200,000 төгрөг, эмчилгээний зардалд 1,034,170 төгрөг төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.
Хэрэгт хураагдсан ирсэн Н.Бын 1175869 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баян-Өндөр овогт Нгийн Быг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Н.Бт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Бт мэдэгдсүгэй.
5.Н.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, автомашины хохиролд 10,200,000 төгрөг, эмчилгээний зардалд 1,034,170 төгрөг тус тус төлөгдсөн болохыг тус тус дурьдаж, хохирогч автомашины төлбөрийн зөрүү болон цаашид гарах эрүүл мэндтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Н.Бын 1175869 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ