Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 01974

 

 

 

 

 

 

 

 

 

Т.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02702 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.А-гийн хариуцагч “М М” ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А-, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа, хариуцагчийн өмгөөлөгч П.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Т.А-г 2019 оны 02 сарын 18-ны өдрийн “М М” ХХК-ийн захирлын Б/24 дугаар тушаалаар уурхайн клиник менежер албан тушаалд томилсон бөгөөд 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 63 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тушаалыг хүлээн авч танилцаад ажлаас хууль бусаар, үндэслэлгүй халагдсан гэж үзэж шүүхэд хандаж байна. Маргаан бүхий тушаалдаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчтэй 2019 оны 02 сарын 18-ны өдөр байгуулсан гэрээгээр хугацаа тохироогүй байхад хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж гэрээ дуусгавар болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгч Т.А-г урьд эрхэлж байсан уурхайн клиник менежер ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.А- нь “М М” ХХК-ийн орон нутаг дахь уурхайн клиник менежерийн албан тушаал эрхлэхээр ажил олгогчтой 2019 оны 02 сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т “Энэхүү гэрээ нь байгууллагын захирал болон ажилтан гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж 3 сарын хугацаанд үйлчилнэ” гэж нэн тодорхой заасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т “Гэрээний хугацаа дуусах үед аль ч тал нь гэрээг цуцлах тухай санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа бол энэхүү гэрээний хугацааг цааш мөн хугацаа буюу 3 сараар сунгасанд тооцно” гэж заасны дагуу Т.А-гийн хөдөлмөрийн гэрээний хугацаа 3 сараар тус тус сунгагдсанаар 2020 оны 05 сарын 18-ны өдрийг хүрсэн болно. Т.А- нь тус эмнэлэгт хамгийн удаан хугацаагаар ажиллаж байсан, тус байгууллагатай олон удаа хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан учир манай хөдөлмөрийн гэрээний 5.1.1-д заасан бодит хүчин зүйл, онцлогоос хамааран талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаагаар байгуулдаг болохыг мэдэж байсан, мэдэх ч ёстой ажилтан билээ. Гэтэл тэрээр нэхэмжлэлдээ “хөдөлмөрийн гэрээгээр хугацаа тохироогүй байсан” гэж нэхэмжлэлдээ бичиж байгаа нь бодит байдалд огт нийцэхгүй байна. Иймд Т.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Т.А-г “М М” ХХК-ийн уурхайн клиник менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “М М” ХХК-аас 10 570 053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А-д олгож, дээрх олговроос шимтгэл тооцон Т.А-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “М М” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.А-гийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 254 270 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Т.А- нь нэхэмжлэлийн шаардлагадаа “хөдөлмөрийн гэрээнд хугацаа тохироогүй байхад уг гэрээг хугацаа дууссан гэх үндэслэлээр дуусгавар болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байдаг. Шүүх нэхэмжлэгчийн гаргаж буй хөдөлмөрийн гэрээний хугацааны талаарх энэхүү шаардлага нь үндэслэлтэй эсэхийг, өөрөөр хэлбэл, ажил олгогчтой 2019 оны 02 сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Т.А- нь “нэхэмжлэлд дурдсанчлан хөдөлмөрийн гэрээнд хугацаа тохирсон, тохироогүй эсэхийг л” хянан шийдвэрлэх үүрэгтэй билээ. Гэтэл шүүх Т.А-гийн нэхэмжлэлдээ огт дурдаагүй шаардлагыг өөрөө гаргаж энэхүү маргааныг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” тухай маргаан болгон шийдвэрлэсэн болно. Байгууллагын бүтэц, зохион байгуулалтаа батлах болон ажилтныг ажилд авсан тушаалдаа хугацаатай гэдгийг тодорхой заах ёстой гэх хууль зүйн үндэслэлгүй зүйлийг шүүх үнэлжээ. Манай байгууллага бол олон улсын жишигт нийцсэн яаралтай түргэн тусламжийг Монгол Улсын аль ч бүс нутаг, дэлхийн аль ч оронд хүрч ажиллах зорилготойгоор ажиллах онцлогтой байгууллага. Үүний нэг том үйлчлүүлэгч нь уул уурхайн салбар дахь “яаралтай түргэн тусламжийн түр эмнэлэг” бөгөөд үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагаар бий болж, татан буугддаг. Гэрээний талууд харилцан тохиролцож, хугацаатай байгуулахаас өөр үндэслэл, шалтгаан байхгүй тул албан тушаалын нэрийг тодорхой зааж ажилтантай тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулдаг. “Уурхайн клиникийн менежер”-ийн албан тушаал хэвээр байгаа нь үнэн. Бид ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан хугацааг дуусгавар болгосон тухай асуудалд маргаж байгаа болохоос энэ ажлын байр байнгын, байнгын бус гэдэгт огт маргаагүй боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн нөхцөл байдалд хэргийг шийдвэрлэлээ. Хариуцагчийн зүгээс өөрийн санаачилгаар цуцалсан бус, талуудын хоёр талын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу гэрээний хугацаа дуусаж, ажил олгогчоос цааш дахин сунгахгүй тухай хуульд заасан хугацааны өмнө мэдэгдэж, ажилтан ч өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн нь нотлох баримтаас тодорхой харагдана. Мөн шүүх уг ажлын байр байнгын байхад ажил олгогч хууль зөрчин гэрээ байгуулжээ гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан зохицуулалтыг анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч “М М” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 20-21/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.А-г хариуцагч “М М” ХХК-д 2004 оны 03 сарын 26-ны өдрөөс их эмчээр ажилласан, 2019 оны 02 сарын 18-ны өдрөөс уурхайн клиник менежерээр томилогдон ажиллаж байгаад 2020 оны 05 сарын 18-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болон уг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргасан үйл баримтыг зөв тогтоожээ. /хх 5-арын нүүр/

 

Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон “М М” ХХК-ийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 63 дугаар тушаалд Т.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай дурдсан байх ба уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэсэн байна. /хх 3/

 

Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу уг гэрээний хугацаа 2020 оны 05 сарын 18-ны өдрөөр дуусаж, цаашид сунгагдахгүй тухай ажилтанд 2020 оны 04 сарын 15-ны өдөр мэдэгдсэн гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч Т.А- нь уг мэдэгдэлтэй танилцаж, хүлээн авсан гэж гарын үсэг зуржээ. /хх 57/

 

Талууд 2019 оны 02 сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.1.1-д зааснаар эмнэлгийн үйл ажиллагааны онцлог, гэрээт үйлчлүүлэгчид болох уул, уурхайн компанийн үйл ажиллагаанаас хамааран өөрчлөгдөж болох шаардлага, шалтгааныг харгалзан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах, 5.1.2-д гэрээний хугацаа 3 сар байх, уг хугацаа дуусах үед аль аль тал нь гэрээг цуцлах тухай санал тавиагүй бол гэрээний хугацаа мөн 3 сараар сунгагдсанд тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон /хх 7-9/ байх ба дээрх тохиролцоо нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай зохицуулалтад нийцжээ.

 

Талуудын байгуулсан 2019 оны 02 сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” нь дээрх нөхцөлийн дагуу 2019 оны 05 сарын 18-ны өдөр дууссан боловч ажил олгогч, ажилтан хэн аль нь дуусгавар болгох талаар санал гаргаагүй учир 2019 оны 08 сарын 18, 2019 оны 11 сарын 18, 2020 оны 02 сарын 18-ны өдрүүдэд тус тус 3 сарын хугацаагаар сунгагдаж, улмаар ажил олгогчийн зүгээс цаашид сунгагдахгүй тухай 2020 оны 04 сарын 15-ны өдөр мэдэгдсэнээр 2020 оны 05 сарын 18-ны өдөр дуусгавар болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “хөдөлмөрийн гэрээгээр хугацаа тохироогүй” гэсэн тайлбар няцаагдаж байхаас гадна “уурхайн клиник менежерийн албан тушаал хэвээр байгаа, уг албан тушаал байнгын ажлын байр байхад ажил олгогчоос хууль зөрчиж ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан зохицуулалт нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах хэдий ч талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор, улмаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад хугацааг сунгахгүй бол хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болох агуулгатай байна. Түүнчлэн “цаашид сунгагдахгүй болсон” нөхцөл байдлыг нотлох үүргийг ажил олгогчид хүлээлгээгүй байх тул “уурхайн клиник менежер”-ийн албан тушаал хадгалагдаж байгаа эсэх нь маргаанд ач холбогдолгүй, хамааралгүй юм.

 

 Хөдөлмөрийн гэрээний харилцаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдаагүй, харилцан тохиролцсон гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болж байх тул анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “М М” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02702 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “М М” ХХК-д холбогдуулан гаргасан, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай, нэхэмжлэгч Т.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М М” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР