Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/183

 

 

 

 

 

 

    2023            2             9                                        2023/ДШМ/183

 

 

Д.Бт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

           нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, шүүгч А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1011 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн 2209008581204 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Д.Б, 1991 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:...................../;

Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүж, ялын хугацаа дуусч суллагдсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Багануур  дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 261 дүгээр тогтоолоор төлж дуусгавар болгосон,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор дуусгавар болгосон,  

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн задгай тоотод шаргал өнгийн будагтай, хар өнгийн иштэй алхыг зэвсэг болгон хэрэглэж, хохирогч Б.Мтолгой тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь гавлын дух ясны шугаман хугарал, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Д.Бийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс сэжигтнээр баривчлагдсан 2 /хоёр/ хоног, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 129 /нэг зуун хорин ес/ хоног, нийт 131 /нэг зуун гучин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Бээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж байсан бөгөөд хохирогчоос уучлалт хүсэж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасанчлан хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлын баримт байхгүй ч миний бие өөрийн найзад эмчилгээний зардалд тусламж үзүүлэхээ илэрхийлсэн. Харин хохирогч Б.М нь нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн танхимд мэдүүлсэн ч миний бие тодорхой мөнгөн дэмжлэг үзүүлэх, өөрөөс хамаарах бүхий л зүйлийг хийхээ энэхүү гомдлоор дамжуулан илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хохирлоо нөхөн төлсөн бол ял хөнгөрүүлэхээр хуульчилжээ. Хохирогч надаас хохирол нэхэмжлээгүй, хавтаст хэрэгт эмчилгээний болон бусад зардлын талаар баримт байхгүй тул, би хэдэн төгрөг өгөхөө мэдээгүй, мөн хуулийн мэдлэг дутуугийн улмаас буруу хүний зөвлөгөөнд автаж хохирогчид, тусламж үзүүлээгүйдээ маш их гэмшиж байна.

            Хохирогч надаас хохирол нэхэмжлээгүй ч цаашид хохирогчид эмчилгээ хийлгэсэн бүхий л зардлыг өөрийн боломжийн хэрээр төлөх болно. Харин хохирогч хохирол нэхэмжлээгүй байхад эмчилгээний төлбөр төлөөгүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй дүгнэлт болсон, мөн миний хувийн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Миний бие өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байсан нь энэхүү хэрэгт хамааралгүй гэж үзэж байгаа бөгөөд хувийн байдалд нөлөөлөхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлийг хэрэглэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй болно. Хувийн байдлын хувьд эхнэр хүүхдийн хамт амьдардаг, чихний хагалгаанд орох шаардлагатай, эрүүл мэндийн хувьд хэвийн бус байгаа болно. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн хувьд хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж үндэслэлтэй юм. Шүүгдэгч Д.Б нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, тодорхой дүгнэлт хийж байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал хамаарахгүй ба хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан 6 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Гэрэлтбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Шарга морьт зуслангийн задгай тоотод шаргал өнгийн будагтай, хар өнгийн иштэй алхыг зэвсэг болгон хэрэглэж, хохирогч Б.Мтолгой тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь гавлын дух ясны шугаман хугарал, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.М“...Бид манай лагерын байшинд очсон, би хөдөө явах төлөвлөгөөтэй байсан тул эхний архийг уухад би уугаагүй. Харин надтай хоол хийж байсан нэг охин алхаар зуухны тагийг авч холдуулж байсан. Хоолоо хийчхээд бид машины хажууд ил гал асаагаад гадаа суусан. Энэ хооронд нэг шил архийг долуулаа хувааж уусан. ...Үүдний амбаарт ортол Д.Б урдаас шууд алх аваад намайг цохисон. Би шууд шалан дээр халитраад хойшоо унатал дээрээс дахин алхаар толгой руу цохисон. Тэр үед би орилтол дахиад цохисон бөгөөд би толгойгоо бултуулаад мөрөн дээрээ цохиулаад алхыг нь булааж барьж авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс Д.Бийг салгасан. Миний нүүрнээс цус гараад цааш юу болсон талаар сайн харж чадаагүй. Би жижиг цонх онгойлгоод Д.Бийг битгий явуулаарай гэж орилохтой зэрэгцээд Д.Б хар эрчээрээ гүйгээд явж байсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гэхдээ зүгээр байж байгаад ингэж хүнд гэмтсэндээ гомдолтой байна . ..." /хх 24-26/,

гэрч Э.Баянмөнхийн “...Би найзуудтайгаа хамт өөрийнхөө төрсөн өдрийг Шарга морьт дээр Мы лагерын гадаа тэмдэглэж байгаад байшин руу орсон. Тэгээд гал түлэх гээд сууж байсан чинь хойноос нэг хүн миний хажууд байсан алхыг аваад далайх шиг болсон. Хүмүүс гэнэт орилолдоод байхаар нь эргээд харсан чинь М цустайгаа холилдсон, Баттүшиг алх барьсан байсан. Би тэр хоёрыг салгасан чинь Д.Б намайг газарт унагаад зугтаасан. ...” /хх 32-33/,

гэрч Б.Оюунбаярын “...Шарга морьтод Чука гэх залуугийн лагер дээр очсон. Тэнд очоод бид баярлаж байгаад орой болоод Чукагийн лагерын байшин руу орсон. Би орохоосоо өмнө асаасан байсан түүдэг унтраагаад оръё гээд нэг залуутай унтрааж байтал байшин дотроос гэнэт чанга дуу гараад байсан болохоор байшин руу ороход Чукагийн толгойноос цус их гарсан, цохиулсан байдалтай, баруун гартаа алх барьчихсан зогсож байсан. ...” /хх 35-36/,

гэрч Э.Цэсингийн “...Бид гадаа гал түлээд тойроод сууж байгаад М, Баттүшиг, Баянмөнх, бас нэг эмэгтэй нар хамт байшин руу орсон. Би гал унтрааж байгаад араас нь ороход Баттүшиг Баянмөнхийг тэвэрчихсэн, М руу дайрсан байдалтай зодолдох гээд байсан. Би эхлээд ойлгоогүй байж байгаад асуухад Мыг алхаар цохисон гэж хэлсэн. Тэгээд Мыг харахад нүүр хэсэг нь цус болсон байсан. ...” /хх 41/,

шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би нойл орчхоод гарч ирэхэд Ганчулуун Мыг заагаад “энийгээ ав л даа” гэж хэлээд миний араар орохоор нь би “яасан бэ, юу болсон юм бэ” гэж асуухад М “чи яасан, наад гичийгээ өмөөрөөд байгаа юм уу” гэж хэлэхээр нь би “чи битгий тэнэгтээд бай, согтуу байгаа юм уу” гэж хэлээд хажуугаар нь зөрөөд байшин руу орох гээд явж байхад М миний араас “наад гичийгээ биш эхнэрээ харж явах ёстой байсан юм” гэж орилоод байсан. Тэгэхээр нь би “наад хэлж байгаа үгээ бодож хэлээрэй” гэж хэлээд байшин руу орох гэхэд “чи байж бай даа” гээд М машиныхаа араас урт буу хайрцагнаас гаргаж ирсэн бөгөөд би айсан хэдий ч айгаагүй дүр үзүүлээд хажуугаар нь тоохгүй зөрөөд байшингийн амбаар руу ороход М араас ирээд намайг хавирч унагаасан. ...Миний дээр гарч цамцнаас заамдаж дараад “чи наад гичийгээ биш эхнэрээ харж явах ёстой байсан юм” гээд байхаар нь би тэнд байсан нэрийг нь мэдэх хүмүүсийг дуудаж орилсон. Тэгтэл М намайг цамцаар боож дээрээс дараад хөдөлгөх боломжгүй болгосон. Орилох гэхэд миний хоолой гарахгүй байсан. Тэгээд давчдаад байхаар нь гараараа юм тэмтэртэл гарт нэг юм баригдахаар нь Мы цээж, толгой орчим руу нь цохисон. М болихгүйгээр намайг боож байснаа болиход би арай гайгүй сэргэсэн бөгөөд тэнд байсан хүмүүс бүгд гарч ирээд салгасан. ...Би босоод хаалганы үүдэнд зогсож байхад зугтаач гээд бүгд орилсон. Тэгэхэд М буугаа аваад машиныхаа тэндээс над руу онилсон байхаар нь хараад би шууд зугтаад мод руу орж нуугдсан. ...Сүүлд харахад Мы толгойны урд хэсэг, нүүр орчимд нь цус дагаж урсаж байсан. М салсныхаа дараа “чи намайг алхаар шаачихлаа” орилоод байсан. Тэгээд би алхаар цохисон гэдгээ мэдсэн. ...” /хх 11-12/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 5127 дугаар “...Б.Мбиед гавлын дух ясны шугаман хугарал, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” /хх 44-46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн хуванцар бариултай шар өнгийн төмөр 33 см урттай алхан дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. ...” /хх 59-61/ гэсэн дүгнэлтүүд,

2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 91-97/, хохирогч Б.МГэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн 3958 дугаартай өвчний түүх /хх 47-52/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.   

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Бийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Бийн “шаргал өнгийн будагтай, хар өнгийн иштэй алхыг зэвсэг болгон хэрэглэж, хохирогч Б.Мтолгой тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь гавлын дух ясны шугаман хугарал, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл хүнд хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Б “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлийг хэрэглэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “...Шүүгдэгчид оногдуулсан 6 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан хорих ялаас сонгож 6 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэмт хэргийн улмаас хүний биед учирсан хохирол, хор уршиг болон хувийн байдалд нь тохирсон байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах…” гэж тус тус заажээ.

             Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан хорих ялын хэмжээ болон уг ялыг эдлэх хорих байгууллагын дэглэм нийцсэн байна гэж дүгнэв.

             Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 104 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

                 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1011 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 104 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ