| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00040/И |
| Дугаар | 135/ШШ2024/01504 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2024/01504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00040/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, үйлдвэрийн бүс ******* (РД: *******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,
“78,216,193.91 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан 78,216,193.91 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...*******-ний автосамосвалын оператор Г.******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02 цаг 45 минутад Төмөртэй уурхайн уулын хэсэг 830 дугаар төвшингөөс Вэйчай маркийн автосамосвал парк ******* улсын дугаартай техникийг техникийн замаар жолоодож явахдаа хурдны хайрцагны шатлалыг буруу сонгож авцуулах холбоог огцом залгаснаар хөдөлгүүр хэт ачаалж тус техникт мотор гэмтэл гарч 78,216,193.91 төгрөгийн хохирол учруулсан байна.
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.5-д “Өөрийн буруугаас осол аваар гаргасан болон бусад тохиолдолд ажил олгогчид учруулсан хохирлыг бүрэн төлнө” гэж заасан тул Г.*******гээс Вэйчай маркийн автосамосвал парк ******* улсын дугаартай техникт хөдөлгүүрийн гэмтэлд үүссэн 78,216,193.91 төгрөгийн хохирол учруулсан тул хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. нь хариу тайлбартаа:
“...Г.******* нь тус компанид 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд томилогдон жолоочоор ажиллаж байгаад 2022 оны 08 дугаар сарын 08-ны шөнийн ээлжинд гарч байх үед тээврийн хэрэгсэлд эвдрэл гарсан. Тэр үед машин бариад бага зэрэг өөд газар өгсөн гарч ирээд явж байтал гэнэт мотор тачигнаад нэг, хоёр секундийн дотор гал гарч эхэлсэн ба байсан галын хороороо унтрааж дийлэхгүй байсан тул ард урдаас ирж явсан 2 машины жолоочийн галын хорыг ашиглан унтраасан. Энэ эвдрэл гарсан газар арааг андуурч хийх, огцом залах боломж, шаардлага байхгүй, тэгширсэн газар удаан явж байсан. ******* нь тухайн үед тайлбар авч байсан бөгөөд өөр арга хэмжээ аваагүй. Г.******* нь өөрийн сайн дурын хүсэлтээр 2022 оны 09 дүгээр сард ажлаа хүлээлгэж өгч, тойрох хуудас зураад явж байхад ямар нэгэн хохирол төлбөр төлөх талаар огт яриагүй атлаа ажлаа өгөөд нэг жилийн дараа гэнэт машинд хохирол учруулсан гэж 78,216,193.91 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс *******-ийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2278 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №1 дугаартай техникийн комиссын хурлын протоколын хуулбар, *******-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №22102001 дугаартай хүсэлтийн хуулбар, 1-р ээлжид нийлүүлэх нийт сэлбэгийн жагсаалт гэх хуулбар, Төмөртэй хүдрийн ил уурхай автосамосвал Weichai tr-16 техникийн хөдөлгүүрийн гэмтэл болон галын шалтгааны тодорхойлолтын хуулбар, Төмөртэй хүдрийн ил уурхайн Weichai №-16 хөдөлгүүрийн гэмтлийн материалын хуулбар, *******-ийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1732 дугаартай итгэмжлэл, (хх 2-57, 91-93 хуудас) зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 0670 дугаартай итгэмжлэл (хх 65 хуудас)-г нотлох баримтаар гаргаж өгсөн.
5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/27 дугаартай албан бичиг, Капитал зууч ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 38 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно. (хх 80, 95 хуудас)
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Г.*******д холбогдуулан гаргасан 78,216,193.91 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...тус компанийн ажилтан, автосамосвалын операторчин буюу жолоочоор Г.******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төмөртэй уурхайн уулын хэсэгт 830 дугаар төвшнөөс Вэйчай маркийн автосамосвал парк ******* техникийг техникийн замаар жолоодож явахдаа хурдны хайрцгийн шатлалыг буруу сонгож огцом залгаснаас хөдөлгүүр хэт ачаалж тээврийн хэрэгсэлд гэмтэл гарч компанид 78,216,193.91 төгрөгийн хохирол учруулсан. 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ажилтантай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.5 дугаар зүйлд “Өөрийн буруугаас осол аваар гаргасан болон бусад тохиолдолд ажил олгогчид учруулсан хохирлыг ажилтан бүрэн төлнө” гэж заасан тул хариуцагчаас 78,216,193.91 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. нь шүүх хуралдаанд гаргасан татгалзлынхаа үндэслэлийг “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Г.******* нь том оврын тээврийн хэрэгслийг 2017 оноос хойш жолоодож байсан туршлагатай хүн. Тухайн ажилд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр томилогдож, 2022 оны 09 дүгээр сард өөрөө сайн дураараа ажлаасаа гарсан. Тухайн үйл явдал 2022 оны 08 дугаар сард болсон. Ажлаа өгөөд тойрох хуудас зуруулаад явж байхад ямар нэг өр төлбөргүй, тээврийн хэрэгсэл нэхэмжилсэн зүйл байгаагүй бөгөөд гэнэт 2023 оны 08 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй холбоотой маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тендерт ирүүлсэн үнийн саналаар тогтоосон байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд хохирлын хэмжээг ажил олгогчид учирсан бодит хохирлын хэмжээгээр тодорхойлно гэж заасантай нийцэхгүй байна. Тухайн хөдөлгүүрт Г.*******гийн буруугаас гэмтэл учирсан эсэх асуудал эргэлзээтэй байна. Харин ч Г.******* буруугүй, түргэн шуурхай арга хэмжээ авч байгууллагад их хэмжээний хохирол учруулахаас хамгаалсан байна гэсэн дүгнэлт гарсан зэрэг нотлох баримтуудыг харахад тухайн байгууллагын шийдвэрүүд зөрүүтэй байна. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хэн юм гэхээр бас тодорхойгүй байна. Г.******* буруутай эсэх, хохирлын хэмжээг зөв тооцоолоогүй зэрэг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй” гэж тайлбарлаж, талууд маргаж байна.
4.Хэрэгт авагдсан 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2022/117 дугаартай *******-ийн ажилтан Г.*******тэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, түүний хавсралт, хариуцагчийн шүүхэд гаргасан ...Г.******* нь *******-нд 2002 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сар хүртэл жолоочоор ажиллаж байсан... гэх тайлбар, ...уг тайлбарт дурдагдсан хугацаагаар хариуцагч нь манай компанид ажиллаж байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Төмөртэй хүдрийн ил уурхай автосамосвал Weichai tr-16 техникийн хөдөлгүүрийн гэмтэл болон галын шалтгааны тодорхойлолтод ...Операторчин Г.*******... гэх дурдагдсан байдал (хх10-30, 55-57х) зэргээр:
Хариуцагч Г.******* нь *******-нд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сар хүртэл автосамосвалийн операторчингоор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
5.Талууд хөдөлмөрийн харилцааны явцад 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2022/117 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр “...ажилтан Г.******* нь Вэйчай маркийн автосамосвал парк ******* улсын дугаартай техникийг эзэмшиж байгаа, нийт үнэ бүхий арлын LP2SKTA34M0005049 дугаартай хүнд машин механизмыг ... хамт хүлээлгэн өгнө. Ажилтан Г.******* нь уг тээврийн хэрэгслийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, ариг гамтай эзэмшинэ гэж, мөн гэрээний 3.5.Өөрийн буруугаас осол аваарь гаргасан болон бусад тохиолдолд ажил олгогчид учруулсан хохирлыг бүрэн төлнө, 4.1.Өөрийн буруу үйл ажиллагаанаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг бүрэн нөхөн төлнө” гэж тус тус тохиролцож, хавсралтаар эд хөрөнгийг хүлээлцсэн байна. (хх55-57х)
2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Г.******* нь тус автосамосвал парк ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр ажил үүргээ гүйцэтгэх явцад нь хөдөлгүүрт гэмтэл гарчээ.
6.Дээр дурдсан үйл баримтуудад зохигчид маргаагүй бөгөөд талуудын маргааны зүйл нь Вэйчай маркийн автосамосвал парк ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу техникийн хөдөлгүүрт гарсан гэмтэл нь хариуцагчийн буруугаас болсон эсэх, хариуцагч эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх эсэх, ажил олгогчид хэдэн төгрөгний хохирол учирсан эсэх, уг техник нь нэхэмжлэгчийн өмчлөл мөн эсэх, нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэй эсэх асуудал байна.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ: 158.1.2.Энэ хуулийн 129.2, 130.1-д зааснаас бусад ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх эсэх хөдөлмөрийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба үүнд тус маргаан хамаарч байна.
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болно” гэж, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажилтан дараах тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ: 131.1.2.эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан” гэж, мөн 131.2-т “Энэ хуулийн 131.1-д зааснаас бусад тохиолдолд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж тус тус хуульчилжээ.
Тодруулбал, хөдөлмөрийн харилцааны явцад ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажил олгогч ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон байх нөхцөл байна.
Дээр дурдсанчлан хариуцагч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан, хэрэв эд хөрөнгийн хохирол ажил олгогчид учруулсан тохиолдолд хохирлыг арилгах үүрэг хүлээхээр талуудын хооронд байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд тусгагдсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас байгууллагад учруулсан хохирлыг шаардах эрхтэй.
9.Нэхэмжлэгч ******* нь техникийн хөдөлгүүрт гэмтэл гарсан даруй тухайн үеийн нөхцөл байдлыг шалган тогтоосон байх ба Төмөртэй хүдрийн ил уурхай автосамосвал Weichai tr-16 техникийн хөдөлгүүрийн гэмтэл болон галын шалтгааны тодорхойлолт, Төмөртэй хүдрийн ил уурхайн Weichai №-16 хөдөлгүүрийн гэмтлийн материал зэрэг баримтуудад “...Операторын ур чадвараас хамаарч хурдны хайрцагны шатлалыг буруу сонгож авцуулах холбоог огцом салгаснаар хөдөлгүүр хэт ачааллаж гэмтэл үүссэн урьдчилсан дүгнэлтийг бататгаж байна” гэх дүгнэлтийг холбогдох мэргэжлийн ажилтнууд гаргасан байна.
Хэрэгт авагдсан 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн осолд дохисон тохиолдол /техникийн аваар/ гэх баримтад “...2022.08.08-нд 02:22 цагийн орчимд автосамосвалын оператор Г.******* нь 830-р төвшингөөс хүдэр ачуулан баяжуулах үйлдвэрийн нөөцийн овоолгод буулгах ажлын нарядтай ажиллах явцад мотор гэнэт тачигнаж кабин дотроос гал гарсныг галын хор ашиглан унтраасан. Хүн бэртэж гэмтээгүй. Техникийн гэнэтийн эвдрэлээс үүдэж гал гарсан. Техникийн эвдрэлийн нарийвчилсан үзлэг хийгдэж механик инженерийн дүгнэлтээр суурь шалтгаан тодорхойлогдоно, ХАБЭА инженерийн урьдчилсан дүгнэлт: Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн зүйлгүй, моторт гэнэтийн эвдрэл үүссэний улмаас халуун турбинруу масло цацагдаж гал гарсан тухайн үед оператор сандарч тэвдэлгүй авхаалж самбаачлан галыг тархахаас өмнө галыг унтрааж уурхайн үнэтэй техникийг бүрэн бүтэн авч үлдсэн тиймээс операторыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна...” гэж дүгнэсэн байх боловч 2022.08.12-ны өдрийн Төмөртэй хүдрийн ил уурхай автосамосвал техникийн хөдөлгүүрийн гэмтэл болон галын шалтгааны тодорхойлолт гэх механик инженерүүдийн гаргасан дүгнэлтэд “...операторын ур чадвараас хамааран хурдны хайрцагны шатлалыг буруу сонгож авцуулах холбоог огцом салгаснаар хөдөлгүүр хэт ачааллаж гэмтэл үүссэн” гэж дүгнэж, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн техникийн комиссын хурлаар “...техникийн аваарь гарахад ажил үүрэг гүйцэтгэж байсан машины операторын буруутай үйлдлээс аваарь гарсан гэж үзэж, хохирлыг төлүүлэх” шийдвэрийг нэхэмжлэгч компаниас гаргажээ.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Вэйчай маркийн автосамосвал парк ******* улсын дугаартай техникийн моторт 2022 оны 08 сарын 08-ны өдөр гарсан гэмтлийн шалтгаан, тус техникийн моторт гэмтэл гарахад жолоодож явсан операторчин Г.*******гийн буруутай үйлдэл байгаа эсэх асуудлыг тодруулахаар шинжээчээр Шинжлэх ухаан Технологийн Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийг томилсон бөгөөд шинжээчээс ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай учраас шинжээчээр ажиллах боломжгүй талаар мэдэгдэл ирүүлсэн.
Нэхэмжлэгчээс шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаанд санал хүсэлтгүй байгаа талаараа илэрхийлж, дээрх шинжээч томилуулах хүсэлтийг дэмжээгүй.
Хариуцагч талаас хөдөлгүүрт гэмтэл гарсанд өөрийн буруу байхгүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар өөрийн татгалзлыг нотлоогүй, татгалзалтайгаа холбогдуулан нотлох баримт бүрдүүлэх талаар ямар нэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “...Ажил олгогч эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлохоос өмнө тухайн үеийн нөхцөл байдлыг шалгаж тогтооно. Ажил олгогч ажилтнаас тухайн хохирол учирсан үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тайлбараа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгөхийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчээс тухайн үеийн нөхцөл байдлыг шалгаж, хариуцагчийн бурууг тогтоосон гэж үзэхээр байна.
10.Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т “Ажилтны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлоор тодорхойлох бөгөөд олох байсан орлогыг үүнд оруулан тооцохгүй. Бодит хохирлыг ажил олгогчийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, бодит гарсан хохирлын хэмжээгээр тооцно” гэж заасан.
Шүүхээс мөн техникийн хөдөлгүүрт учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилсон боловч шинжээч *******-иас 2024 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 04 тоот албан бичгээр “...дээрх эд хөрөнгийн талаарх зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг судалж үзэхэд ижил төстэй эд хөрөнгийн үнэ ханшийн талаарх мэдээлэл олдоц муутай, цахим сайтуудад ижил төстэй үнэ ханшийн мэдээлэл тавигдаагүй, харьцуулалт хийх баталгаатай, үндэслэлтэй мэдээлэл олдохгүй байгаа зэрэг шалтгаанаар шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй” гэж мэдэгдэл ирүүлсэн.
Мөн нэхэмжлэгчээс шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаанд санал хүсэлтгүй байгаа талаараа илэрхийлж, дээрх шинжээч томилуулах хүсэлтийг дэмжээгүй, хариуцагч талаас бодит хохирол тогтоогдоогүй гэх боловч татгалзалтайгаа холбогдуулан нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нотлох баримт бүрдүүлэх талаар ямар нэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.
Иймээс *******-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн техникийн хөдөлгүүрийг солих үнийн саналыг харгалзан хохирлын хэмжээг тодорхойлсон нэхэмжлэгчийн шаардлагыг буруутгах боломжгүй юм.
Түүнчлэн хариуцагч талаас тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч хэн болох нь тодорхойгүй гэж маргасан ба нэхэмжлэгч талаас тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж тус тус заасан.
Дээр дурдсан баримтуудаас тухайлбал эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргээр Вэйчай маркийн автосамосвал парк ******* тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч ******* эзэмшиж байгаа эзэмшигч болох нь тогтоогдох бөгөөд хөдлөх хөрөнгийн хувьд эд хөрөнгийг эзэмшилдээ авснаар өмчлөх эрх үүсдэг учир нэхэмжлэгчийг тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж тооцож болох юм.
11.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,031 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 549,031 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2-т тус тус зааснаар хариуцагч Г.*******гээс 78,216,193.91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,031 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 549,031 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН