| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0035/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/35 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Хохирогч Т.Д,
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г-д холбогдох эрүүгийн 1838000130041 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Г.
Шүүгдэгч Э.Г нь Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Т.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Г нь Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Т.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт тусгагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр 12 дугаар сарын 13-нд зодоход би эмнэлэгт үзүүлж цагдаагийн газарт хандсан. Миний баруун талын чихний дэлбэн нь сэтэрсэн мөн хүзүү толгой хөшиж өвдөөд байсан. Багийн эмчид үзүүлж чихэндээ нэг оёдол хийлгүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-22 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Маргааш өглөө нь би босоод эхнэр Д гэр рүүгээ явъя гэж хэлэхэд эхнэр явахгүй гэж хэлээд уурлаад унасан. Тэгэхээр нь би малалантайгаа идээ хэцүүдлээ гэж хэлсэн чинь явахгүй гээд байхаар нь уурлаад эхнэрийгээ түлхэж газарт унагаагаад дээрээс нь хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд шууд гарч яваад ганцаараа хөдөө гэр рүүгээ явсан. ...Би эхнэртээ гар хүрсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. ...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн маргаанаас болж эхнэртээ гар хүрсэн. Үүнээс болж манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Манай хүн захиргааны арга хэмжээ авахуулахаар л цагдаад хандсан юм шиг байна билээ. Тэгээд хууль мэдэхгүйгээсээ болоод цагдаа шүүх болчихлоо” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэр бүл болсноос хойш энэ хоёр хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан гаргаж байгаагүй. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 13-нд манай ах эхнэртэйгээ муудалцаад зодсон гэж бэр эгч Д манай гэр рүү утсаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаартай:
1.2. Т.Д-н биед баруун чихний дэлбээнд шарх тухайн үед зүүн дал, зүүн бугалганы зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Т.Д-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Э.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Г-н гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Г- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч Т.Д- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх эвлэрлийн гэрээг шүүгдэгч Э.Г-тэй 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан байх тул шүүгдэгч Э.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838000130041 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Эрүүгийн 1838000130041 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР