Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/201

 

 

 

 

 

 

    2023           2             15                                       2023/ДШМ/201

 

 

Б.Б, Д.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Бат-Амгалан,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,

шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Ю.Батболд,

           нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/769 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Б, Д.У нарт холбогдох эрүүгийн 2110000001079 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Боржигон овгийн Б.Б, 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, нагац ахын хамт .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:МИ90111550/;

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял дээр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 124 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 284 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 97 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт гэснийг 145.2 дахь хэсэг болгон 4 жилийн хорих ял болгон өөрчилж, 6 жил 1 хоногийн хорих ялыг хасч, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 252 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 22 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар тогтоож, ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 718 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 22 хоногийн ялаас чөлөөлсөн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

2. Бэсүд овгийн Д.У, 1975 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн,  47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт хамт ..............................оршин суудаг, /РД:ПМ75012904/;

2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

           Шүүгдэгч Б.Б нь:

           1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Сөүл рояал” хотхоны 305 дугаар байрны 102 тоотод оршин суух иргэн Л.Бгэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний 23 цагийн орчим хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, эмээлийн мөнгөн тоног зэрэг эд зүйл хулгайлж 13.090.000 төгрөгийн хохирол учруулсан,

           2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Гэрэлт” хотхоны 25 дугаар байрны 29 тоотод оршин суух  иргэн Н.Ж гэрт 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өлөх хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон гинж, “ЛЖ экс 6” маркийн гар утас, бэлнээр 3.500.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 4.490.000 төгрөгийн хохирол учруулсан,

           3. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан Пеасе Виллаж” хотхоны 208-44 тоотод оршин суух Б.Сийн гэрт цонхоор 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 120.000 төгрөг, 1 ширхэг мишок зэргийг хулгайлж 190.000 төгрөгийн хохирол учруулсан,

           4. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 62 дугаар байрны 4 тоотод оршин суух иргэн Ц.Гын гэрт 2021 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 19-ний хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, гинж, монетон бөгж, алтан бөгж зэрэг эд зүйл хулгайлж 6.340.000 төгрөгийн хохирол учруулсан,

           5. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Грийн виллаж” хотхоны 206 дугаар байрны 106 тоотод оршин суух иргэн Г.Гийн гэрт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч шүрэн шигтгээтэй алтан гинж, ээмэгтэй хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

           6. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Дрим ланд” хотхон 7/2 тоотод оршин суух иргэн Ч.Бын гэрт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр вакум цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч ээмэг бөгжний хослол, мөнгөн аяга, гутал зэрэг эд зүйл хулгайлж 22.525.800 төгрөгийн хохирол учруулсан,

           7. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Рояал ресидэнс” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Х.С.С.Х” ТББ-ын цонхоор 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч “Lenovo thinkpad е490” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Acer” маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг тус тус хулгайлж 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан,

           8. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Жаргалант” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “М.Ү.Б.Б” ХХК-ийн цонхоор 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Lenovo” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Macbook pro” маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг тус тус хулгайлж 2.544.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Грийн вилла” хотхоны 206 дугаар байрны 205 тоотод оршин суух иргэн Г.Тын цонхоор 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1-9 инчийн 34 ширхэг мөнгөн аяга, алтан бөгж зэрэг эд зүйл хулгайлж 13.352.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Нүхт вилла” хотхоны 24 дүгээр байрны 4-2 тоотод оршин суух иргэн Т.Б цонхоор 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 24-ний өдрийн хооронд өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Чех улсад үйлдвэрлэсэн хагас автомат гар буу 1 ширхэг, 9*19 хэмжээтэй сум 80 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмээлийн мөнгөн баавар 6 ширхэг, даруулга 4 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн хяр 2 ширхэг, гинжний хослол 1, улаан модон хусуур 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, 24.429.733 төгрөгийн хохирол учруулсан,

11. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хангарьд сити” хотхон 1460 дугаар байрны 02 тоотод оршин суух иргэн Э.Ацонхыг чулуугаар хагалж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч алтан бөгж, алтан гинж, 100 ам доллар зэрэг эд зүйлийг хулгайлж 2.426.897 төгрөгийн хохирол учруулсан,

 12. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хангарьд сити” хотхон 1 дүгээр байрны 81 тоотод оршин суух иргэн Г.Дгэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон ээмэг бөгж, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлж 844.000 төгрөгийн хохирол учруулсан,

 13. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ хотхоны 40/4-7 тоотод оршин суух иргэн Т.Өгэрт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд нэвтэрч, эмээлийн мөнгөн хэрэглэл, ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлж 22.620.880 төгрөгийн хохирол учруулж нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон бусдад 117.588.310 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.У нь Б.Бын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Сөүл рояал” хотхоны 305 дугаар байрны 102 тоотод оршин суух иргэн Л.Бгэрээс хулгайлсан мөнгө аяга, эмээлийн мөнгөн тоног зэрэг эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан,

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 62 дугаар байрны 4 тоотод оршин суух иргэн                    Ц.Гын гэрээс хулгайлсан мөнгөн аяга, гинж, монетон бөгж, алтан бөгж зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 7-8 дугаар сард өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг, Д.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч “Хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бэсүд овогт Д.Уыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Быг 10 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Уыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон нийт 367 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уын эдлэх 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 108.972.577 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Батчимэгт 9.090.000 төгрөг, хохирогч Н.Жд 4.490.000 төгрөг, хохирогч Б.Сд 190.000 төгрөг, хохирогч Ц.Год 5.360.000 төгрөг, хохирогч Г.Гт 2.000.000 төгрөг, хохирогч Ч.Бт 22.525.800 төгрөг, “Хэрэглээний сэтгэл судлалын нэгдэл” ХХК-д 2.735.000 төгрөг, “Монголын үндэсний бүтээн байгуулалт нэгдэл” ХХК-д 2.544.000 төгрөг, хохирогч Г.Тад 13.352.000 төгрөг, хохирогч Т.Бд 20.794.000 төгрөг, хохирогч Э.Ачбаярт 2.426.897 төгрөг, хохирогч Г.Дэлгэрцэцэгт 844.000 төгрөг, хохирогч Т.Өлзийсүрэнд 22.620.880 төгрөгийн тус тус олгох,  шүүгдэгч Д.Уаас 4.980.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Батчимэгт 4.000.000 төгрөг, хохирогч Ц.Год 980.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сааран өнгийн хутга 1 ширхэг, модон тагш 31 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг сиди зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хулгайн хулгайн гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг зарж борлуулж, архи ууж, үрж дуусгасан нь үнэн боловч гэмт хэргийн улмаас олсон мөнгийг өөрийн гэр бүл болон хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг дэмжиж байгаагүй гэдгээ шүүх болон прокурор, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Гэтэл шүүхээс гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болгон гэмт хэргийн улмаас олсон орлогыг өөрийн гэр бүл болон хамаарал бүхий хүмүүст зарцуулан амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн. Миний бие хулгайлах гэмт хэргийг өөрийн амьдралын хэвшил болгосон зүйл байхгүй, өөрөөр хэлбэл энэ талаар хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтгүй зүйл гэдэгт үндэслэн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон гэж ялласан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Эрүүгийн хуульд гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэнийг шууд амьдралын эх үүсвэр болгосон гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь амьдралын эх үүсвэр болгосон шалтгаан байхгүй, тийм зүйл байхгүй байхад шууд үйлдсэн гэмт хэргийн тоогоор амьдралын үүсвэр болгосон гэж ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг зөрчин миний нөхцөл байдлыг хүндрүүлэн ялласан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тохирох зүйл ангиар зүйлчилж, хөнгөн ял оноож өгнө үү. ...” гэв.                                     

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэснийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

     Шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 18 дугаар хуудсанд Д.Уыг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Д.У нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Д.У нь Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо, Улаан-Чулуутын хогийн цэг орчим оршин суух хаягтай, ажил хийж амьдралаа залгуулдаг газар нь Хархорин зах юм. Гэтэл Хархорин зах нь Баянгол дүүрэгт харьяалагддаг. Д.У нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргасан гэж үзэхгүй байна. Д.У нь давж заалдах гомдолдоо гэм буруугаа хүлээн, маш их гэмшиж байгаагаа илэрхийлж байх тул түүний хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд харьяалуулж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 769 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Б.Б, Д.У нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангийн ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, мөн зүйлийн 6.2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байдаг. Шүүхээс тухайн зүйл, заалтад заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан ба оногдуулсан ял нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон гэж прокурорын зүгээс үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

1. Б.Б нь:

Хохирогч Л.Бгэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний 23 цагийн орчим хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, мөнгө аяга, эмээлийн мөнгөн тоног зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 13.090.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Л.Б“...СӨХ-өөс над руу яриад “та гэртээ ирж чадах уу, танай гэрт хулгай орсон байна” гэж хэлэхээр нь би гэртээ ирэхэд гэрлүүд унтраалтай байсан. Зочны өрөө рүү ороход тагтны хаалга онгорхой байсан эмээлийг тавиураас нь аваад газар тавьсан байсан эмээлийн мөнгөн тоногуудыг бүгдийн авсан байдалтай, хажуу талд нь гал тогооны өрөөний шургуулгад байдаг саарал өнгийн хутга, хутганы урд үзүүр хэсэг хугарсан байдалтай, хоолны ширээний хажуу талд байрлах шкафт байсан 23 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 8 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 13 ширхэг зарим мөнгөн аяга дээр Аюурсайханд дурсгав гэсэн бичигтэй. .Нийт 33 мөнгөн аяга алга болсон, алга болсон аяганы хэмжээ нь дунд гарын аяга 17 ширхэг, жижиг аяга 10 ширхэг, том аяга 6 ширхэг нийт 33 мөнгөн аяга алга болсон байна. ...” /1хх 73, 75/,

гэрч Б.Эрдэнэцогтын "... 22:15 минутын үед СӨХ-ийн оператор Сөүл рояал гарден хотхоны 305 дугаар байрны араар хүн яваад дохиолол дугараад байна гэсэн дуудлага өгсөн. Би ганцаараа гараад 305 дугаар байрыг тойроод явахад хүн харагдаагүй ахиад тойроод явахад хар куртиктэй, цагаан амны хаалт зүүсэн нөхөр 305 дугаар байрны зүүн талын хашааг давж байсан би хүүе гээд дуудахад цаашаа даваад зугтаасан. Би араас нь явахад тэр хүн тэр чигээрээ яваад алга болсон байсан. ..." /1хх 78/,

гэрч Д.Уын “...Баттогтох гэх залуу хоёр мөрний хар өнгөтэй үүргэвчтэй ирээд мөнгө авах уу гэж асуусан. Тэгээд би тэр залуугаас 1 ширхэг эмээлийн хяр, мөнгөн аяганы хуулсан мөнгө, эмээлийн баавар, даруулга 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг бүтнээр худалдаж авсан. Хуулсан мөнгийг граммлаж хар мөнгө 1.8 кг жинтэй болоод 1.540.000 төгрөгөөр цагаан мөнгө 2.4 кг болж 2.315.000 төгрөг нийлүүлээд 4.000.000 төгрөгөөр бэлнээр худалдаж авахдаа “Хаан” банкны АТМ-ээс гаргаж өгсөн. ...” /1хх 86, 88/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Зүүн тийшээ яваад цагаан шаргал, нэг давхар хэсэг нь бор өнгийн орон сууцны ертөнцийн зүгээр зүүн тийш харсан вакум цонхыг нарийн төмрөөр хөшиж онгойлгож дотогш ороод том өрөөнд байсан эмээлийн мөнгөн хэрэгслүүдийг хуулж аваад, гал тогооны өрөөний баруун талын цонхны хажууд байрлах бор өнгийн шилэн босоо тавиурын дотор талаас 25-30 орчим мөнгөн аяга авсан ба эмээлийн хажууд байсан мөнгөн хазаарыг авсан юм. Гэрийн хаалганы дээд талд хяналтын камер том өрөө рүүгээ харсан байсан. Би хулгай хийсэн мөнгөн аяганаас 2 ширхгийг эвдэхгүйгээр зарсан, үлдсэн мөнгөн аягыг эвдэж зарсан юм. Хазаар, эмээлийн мөнгөн тоногийг мөн зарсан байгаа. Би дээрх эд зүйлийг Хархорин зах дээр зогсоод байдаг Уламбаяр гэх эмэгтэйд нийт 3.400.000 төгрөгөөр зарсан юм. ...”/1хх 120, 128/ гэсэн мэдүүлгүүд,

2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх 110-111/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-17/, 1.200.0000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг аяга, 180.000 төгрөгийн үнэ бүхий аягыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 32/ зэрэг баримтуудаар,

2. Хохирогч Н.Жы гэрт 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон гинж, “ЛЖ экс 6” маркийн гар утас, бэлнээр 3.500.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 4.490.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Жы “...Манай гэрт сейфэн дотроос бэлнээр 3.500.000 орчим төгрөг, 7.50 сорьцтой 5-6 граммын Япон улсад үйлдвэрлэсэн хүзүүний монетон гинж, /1 сая гаран төгрөг/ “LG X6” гар утас /үнэлгээ 600.000/ зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /1хх 229/,

гэрч Х.Ганжуурын “...гэртээ 23 цагийн орчим орж ирэхэд гэрийн эд зүйлс эмх цэгцгүй аав, ээж хоёрын унтлагын өрөөнд байдаг сейф онгорхой өөр бусад юу алга болсон талаар мэдэхгүй байна. ...” /1хх 231-323/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Би хулгай хийсэн гар утсаа Тэди дээр 70.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан байгаа. Бэлэн мөнгөө шоудаад дуусгасан. ...”/2хх 22/ гэсэн мэдүүлгүүд,

2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Дамно” ХХК-ийн ХУ1-21-953 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /2хх 12-13/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 214-224/ зэрэг баримтуудаар,

            3. Хохирогч Б.Сийн гэрт цонхоор 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 120,000 төгрөг, 1 ширхэг мишок зэргийг хулгайлж, бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Сийн “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 13:46 минутад гэртээ ирэхэд гэр гадна талаасаа түгжээтэй атлаа гэр маш хүйтэн байсан. Гэрт хулгай орж бэлэн 120.000 төгрөг, нөхрийн аяны хоёр хүний мешок 1 ширхэг эд зүйл алдагдсан байсан. ...” /12хх 55/

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Бэлэн 120.000 төгрөгийг архи уугаад дуусгасан байгаа. Мешокийг хаясан байгаа. ...” /2хх 83/ гэсэн мэдүүлгүүд,

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хас үнэлгээ” ХХК-ийн 461 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /12хх 75/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 34-44/ зэрэг баримтуудаар,

            4. Хохирогч Ц.Гын гэрт 2021 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 19-ний хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, гинж, монетон бөгж, алтан бөгж зэрэг эд зүйл хулгайлж бусдад 6.340.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.Гын “...Би 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 04:30 минутын орчим гэртээ ирээд унтлагын өрөө рүүгээ ороход хувцас хунар ундуй сундуй орны хажууд үнэт эдлэл хадгалдаг ягаан өнгийн хайрцаг онгорхой байсан юм. 8 дугаар сарын 23-ны орой 18 цагийн орчим гэртээ ирээд үнэт эдлэл хадгалдаг хайрцгаа үзсэн чинь дотор нь байсан 20 граммтай монетон гинж, 13 граммтай циркон шигтгээтэй монетон бөгж, 6 граммтай алтан бөгж эдгээр нь бүгд эрэгтэй загвартай, мөн том өрөөний шүүгээнд байсан их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг алдагдсан байсан, нэг дунд гарын мөнгөн аяга нь дээр “СБДЦХ-ийн шуурхай удирдлагын тасгаас дурсгав” гэсэн бичиглэлтэй. ...” /2хх 114/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Би тухайн айлаас 2 ширхэг монетон бөгж, монетон гинж 1 ширхэг, 4 ширхэг мөнгөн аяга авсан. Хулгай хийж авсан эд зүйлээ Уламбаярд 980.000 төгрөгөөр өгсөн байгаа. ...”/12хх  142/ гэсэн мэдүүлгүүд,

2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Дамно” ХХК-ийн ХУ1-21-598 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /2хх 133-134/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 96-105/ зэрэг баримтуудаар,

            5. Хохирогч Г.Гийн гэрт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч шүрэн шигтгээтэй алтан гинж, ээмэгтэй хулгайлж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Гийн “...18 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн тагтны хаалга онгорхой байсан. Унтлагын өрөөнд орсон чинь манай гэрийн эд хогшил эмх замбараагүй болсон айсан.Тэгээд цүнх түрийвч, бор өнгөтэй жижиг эд зүйлүүд хийдэг хайрцгууд онгорхой байсан. Манай гэрээс шүрэн шигтгээтэй алтан гинж ээмэгтэй алга болсон. ...”/2хх 166/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Би тухайн айлаа хулгай хийсэн гэхдээ алтан гинж байгаагүй. Би хулгайлсан эд зүйлсээс бөгжийг зараад гинжийг явж байгаад газар хаясан байгаа. ...” /2хх 192/ гэсэн мэдүүлгүүд,

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Дамно” ХХК-ийн ХУ1-21-992 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /2хх 183-184/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 151-154/,

6. Хохирогч Ч.Бын гэрт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр вакум цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч ээмэг бөгжний хослол, мөнгөн аяга, гутал зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 22.525.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ч.Бын “...Манай гэрийн нэг давхрын зурагтын хажуугийн шүүгээнд байсан 6 ширхэг мөнгөн аяганы тагшийг үлдээж, бүрсэн мөнгийг гэрт байсан жижиг хутгаар хуулж авч газар үлдээсэн байсан. Дугтуйтай 560.000 төгрөгийг авсан дугтуйг нь үлдээсэн байсан. Мөн бурхан тахил байдаг шүүгээний 2 дахь тавиур дээр байсан сүйжин чулуун алтан нуухтай шүрэн толгойтой хөөрөг алдагдсан байсан. 2 давхрын унтлагын өрөөний хажуугийн хувцасны өрөөнд байх хувцасны шкафт байсан үнэт эдлэл хадгалдаг улаан хайрцагт доторх эд зүйлийг унтлагын өрөөний орон дээр тарааж тэр дотор байсан сувдтай ээмэг бөгж 2 хос, оюу шигтгээтэй ээмэг бөгж 1 хос, цэнхэр сафир шигтгээтэй ээмэг бөгж 1 хос, ногоон фийсүү чулуун шигтгээтэй ээмэг бөгж 1 хос, ногоон маргад шигтгээтэй бөгж 1 ширхэг, монетон кольцо 1 ширхэг, эмэгтэй алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй алтан цэцэг хээтэй ээмэг бөгж хос, алтан гинж 1 ширхэг, маргад, сафир, рубин гэх 3 чулуу холилдсон бөгж ээмэг 1 хос, маргадтай рубин чулуу орсон бөгж 1 ширхэг, цагаан сафир чулуутай монетон бөгж 1 ширхэг, цагаан циркон чулуутай монетон бугуйвч 1 ширхэг, алтан гинжтэй сувдан кулон 1 ширхэг, улаан шүрэн шигтгээтэй ээмэг бөгж 1 хос, одоогийн байдлаар мэдэгдсэн нь эдгээр зүйлүүд байна. Эдгээр үнэт эдлэл дээрээс юм нэмэгдэж магадгүй одоо гэртээ очоод эхнэрийн хамт эд зүйлүүдээ дахин бүртгэх хэрэгтэй. ...”/2хх 222/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Би гэхдээ хөөргөний толгой байхгүй хөөрөг авсан. Мөн бэлэн 420.000 төгрөг авсан. Бусад эд зүйлсээс нэг алтан бөгж, мөнгөн ээмэг, монетон ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлаад Уламбаярт нийт 800.000 төгрөгөөр өгсөн байгаа. ...”/3хх 9/ гэсэн мэдүүлгүүд,

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Дамно” ХХК-ийн ХУ1-21-1097 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /2хх 245-247/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 199-215/ зэрэг баримтуудаар,

  1. “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” ТББ-ын цонхоор 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Lenovo thinkpad” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Асег” маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг тус тус хулгайлж, бусдад 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Ганхишигийн “...ажил дээр хулгай орчихсон, эд зүйлс эмх замбараагүй байдалтай байсан. 2 давхарт байсан зөөврийн компьютер алга болгочихсон байсан. Тэгээд би доошоо В1 давхар руу буусан чинь газарт сэйф онгорхой ойр хавьд нь баахан бичиг баримт хөглөрчихсөн сургалтын танхимын өрөөний цонх нь онгорхой байсан...Миний хувийн нөүтбүүк болон байгууллагын нөүтбүүк хулгайд алдагдсан байгаа. ...”/3хх 45, 47/

гэрч О.Үжингийн “...Ажил дээр доод талын В1 давхрын цонх онгорхой 1 дүгээр давхарт байсан сейф, В1 давхарт зөөвөрлөгдөөд ирчихсэн, эд зүйл эмх замбараагүй, сейфэн дотор байсан бичиг баримтууд газар хөглөрчихсөн. Манай нягтлангийн ашигладаг “Ленова” брэндийн нөүтбүүк алга болчихсон. Манай сэтгэл зүйч Ганхишигийн эзэмшлийн “Аcer” брэндийн нөүтбүүк бас алдагдчихсан байдалтай байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...”/3хх 52/,

шүүгдэгч Б Баттогтохын яллагдагчаар өгсөн: “...Би хулгай хийсэн эд зүйлээ гудамжинд явж байсан үл таних хүнд эд зүйлийг худалдсан. ..." /3хх 78/ гэсэн мэдүүлгүүд,

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Дамно” ХХК-ийн ХУ1-21-990 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /3хх 63-64, 70/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 15-25/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 32-34/,

Шүүгдэгч Б Баттогтохын яллагдагчаар өгсөн: “...Би хулгай хийсэн эд зүйлээ гудамжинд явж байсан үл таних эд зүйлийг худалдсан байгаа. ..." /3хх 78/ зэрэг баримтуудаар,

  1. Монголын үндэсний бүтээн байгуулалт нэгдэл” ХХК-ний цонхоор 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Lenovoмаркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Масbоок рrомаркийн зөөврийн компьютер 1 ширхгийг тус тус хулгайлж, бусдад 2.544.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Гансувдын “...ажил дээрээ ирээд өрөө рүүгээ ороод цүнхээ тавьчхаад ширээн дээр байсан нөтбүүк байхгүй байхаар нь тэр хавиар хайхад байхгүй байхаар нягтлан бодогч Ганчимэг руу залгаад “нөтбүүк авч явсан юм уу, цонхоо хаагаагүй явсан юм уу гэж асуухад “үгүй цонхоо хаагаад орхисон” гэсэн. Тэгэхээр нь захирлын өрөөнд ороход ширээн дээр нь байсан mасbоок байхгүй болсон байсан бөгөөд үүдний хэсгээр тагт руу гардаг вакум хаалга онгорхой цаад талд нь сандал даруулаад тавьсан байсан. ...” /3хх 115/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Би хулгай хийсэн эд зүйлээ урт цагаан орчим явж байгаад үл таних хүнд 250.000 төгрөгөөр зарсан. ...” /3хх 147/ гэсэн мэдүүлгүүд,

2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Дамно” ХХК-ийн ХУ1-21-787 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /3хх 128-129/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 94-104/ зэрэг баримтуудаар,

  1. Хохирогч Г.Тын цонхоор 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1-9 инчийн 34 ширхэг мөнгөн аяга, алтан бөгж зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 13.352.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Тын “...Гал тогооны өрөөнд байсан 34 орчим мөнгөн аяга алга болсон. Мөн бурхны өрөөнд байсан их гарын мөнгөн аяга 1 ширхэг алга болсон байна...Манай гэрээс 9 инчийн мөнгөн аяга 1 ширхэг 850.000 төгрөгийн, 8 инчийн мөнгөн аяга 1 ширхэг 800.000 төгрөг, 7 инчийн мөнгөн аяга 1 ширхэг хээтэй 450.000 төгрөг, 7 инчийн мөнгөн аяга 2 ширхэг хээгүй нийлээд 840.000 төгрөг, 6 инчийн мөнгөн аяга хээтэй 1 ширхэг 320.000 төгрөг, 5 инчийн мөнгөн аяга хээгүй 6 ширхэг нэг нь 240.000 төгрөг нийт 1.440.000 төгрөг, 5,5 инчийн мөнгөн аяга хээгүй 9 ширхэг хээтэй 1 ширхэг нэг нийт 2.745.000 төгрөг, 4 инчийн мөнгөн аяга хээтэй 1 ширхэг 185.000 төгрөг, 3 инчийн мөнгөн аяга хээтэй 1 ширхэг 175.000 төгрөг, 1 инчийн аяга хээгүй 8 ширхэг 100.000, хээтэй 1 ширхэг 110 000 төгрөг, 7 инчийн шармал мөнгөн аяга 1 ширхэг 1.400.000 төгрөгийн аяга нийт 34 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан бөгж хас хээтэй гар хийцийн 23 грамм орчим үнэ 5.500.000 төгрөг, 10 грамм орчим цэвэр мөнгө 320.000 төгрөгийн эд зүйлс алга болсон байсан. Мөнгөн аяганууд шинэ цагийн мөнгөн аяга байгаа юм. ...” /3хх 183, 186-187/

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Би гэхдээ 4 ширхэг мөнгөн аяга авсан. Нэг мөнгөн аяга авдар дээр үлдээгээд гарсан. Авсан мөнгөн аягаа Уламбаярт хүнээс авсан гэж хэлээд зарсан. ...” /3хх 214/ гэсэн мэдүүлгүүд,

2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Дамно” ХХК-ийн ХУ1-21-1033 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /3хх 205-206/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 156-171/ зэрэг баримтуудаар,

  1. Хохирогч Т.Б цонхоор 2021 оны 10 дугаар сарын 21-ээс 24-ний өдрийн хооронд өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Чех улсад үйлдвэрлэсэн хагас автомат гар буу 1 ширхэг, 9*19 хэмжээтэй сум 80 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмээлийн мөнгөн баавар 6 ширхэг, даруулга 4 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн хяр 2 ширхэг, гинжний хослол 1, улаан модон хусуур 1 ширхэг, зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 24.429.733 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Т.Б “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан- Уул дүүрэгт байх “Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад 2021 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 13 цагийн орчим эхнэр Амаржаргал гэрт хулгай орсон талаар утсаар мэдэгдсэн. Би хажуугаас харахад манай гэрийн нэг давхрын том өрөөний гадагш гардаг вакум цонхны хаалганы шилийг хагалж гэр нэвтрэн орсон байсан. Манай чех улсад үйлдвэрлэгдсэн С2-75-ЗР /9*19/ хагас автомат төрлийн гар буу 1 ширхэг, 9 мм сум 80 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, 40 гр алтан гинж 1 ширхэг, 18 гр алтан бөгж 1 ширхэг, мөнгөн эмээлийн баавар 6, даруулга 4 ширхэг, эмээлийн мөнгөн хяр 2 ширхэг, мөнгөн хазаар 1, мөнгөн тоногтой ташуур 1 ширхэг, улаан модон хусуур 1, сойтог 1, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /3 хх 246-247/,

гэрч Г.Амаржаргалын “...Гэртээ орж ирэхэд тагтны цонх хагарсан, гэрийн эд хогшил хөдөлгөөнд орсон байдалтай байхаар нь би дээшээ 2 давхарт байх унтлагын өрөөнд ороход хувцасны шкафт байсан хувцасны хайрцаг савыг задалсан эмх замбараагүй болгосон байхыг хараад Цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. Эрэгтэй хүний алтан гинж 1 ш, эрэгтэй хүний алтан бөгж 1 ш, мөнгөн ээмэг 1 хос алдагдсан бөгөөд манай нөхрийн ногоон өнгийн үүргэвчинд хайрцагтай байсан гар буу нь 30 ширхэг сумны хамт алдагдсан. ...”/3хх 249/

гэрч О.Жаргалын “...12 цаг өнгөрч байхад “Нүхт вилла" хотхоны 4-2 тоотод ирэхэд гэрийн хаалга нь цоожтой байсныг гэрийн эзэн Амараа хаалгаа онгойлгож бид нар дотогш ороход гэрт нь хулгай орсон байдалтай байсан тул цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. ...” /4хх 2/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Гэрт ороод 2 давхрын шүүгээнээс гар буу 1 ширхэг, хайрцагтай сум, хар өнгийн сейфт байсан...бөгж 1 ширхэг, дрон 1 ширхэг, 1 давхраас эмээлийн тоноглол, хазаар, хяр, ташуур хусуур, гал тогооны өрөөнөөс 3 ширхэг мөнгөн аяга, мөн монетон бөгж, гинж зэргийг авсан...Мөнгөөрөө баар, паб хэсэж архи ууж хэд хоног яваад мөнгөө үрж дуусгасан. ...” /4хх 49/ гэсэн мэдүүлгүүд,

2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Дамно” ХХК-ийн ХУ1-21-627 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн “Дамно” ХХК-ийн ХУ1-21-727 дугаар хөрөнгө үнэлгээний тайлан /4хх 15-17, 22-25/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл-3.261.733 төгрөгийн үнэ бүхий гар буу, магазин 1 ширхэг 94.000 төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг сум, 280.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хусуур /3хх 243/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 223-230, 234-241/,

11. Хохирогч Э.Ацонхыг чулуугаар хагалж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч алтан бөгж, алтан гинж, 100 ам доллар зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 2.426.897 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.А“...Гэртээ ороод хувцсаа солих гээд унтлагын өрөөндөө ортол орон дээр алтан гинж, мөн бөгжний хайрцаг онгорхой, хажууд нь миний түрийвч байсан. Тэгээд би гинж, бөгжөө хайх гэж хүүхдийн өрөө рүү ортол цонх нь хагарчихсан байсан. Манайх 1 дүгээр давхарт байдаг болохоор хулгайч орсон байна гэж бодоод тагт руугаа очиж хартал цонх нь онгорхой байсан . шургуулгад байсан алтан бөгж, алтан гинж, 100 долларын дэвсгэрт хулгайд алдагдсан. ...” /4хх 71/

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Цонхыг нь чулуугаар хагалж ороод унтлагын өрөөний шүүгээнээс шаргал өнгөтэй бөгж, гинж байсныг авсан. Мөн 100 доллар авсан...Бөгж гинжийг Хархорин зах дээр танихгүй эмэгтэй хүнд 690.000 төгрөгөөр зарсан...мөнгөөрөө архи дарс уугаад дуусгасан юм. ...”/4хх 107/ гэсэн мэдүүлгүүд,

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Дамно” ХХК-ийн ХУ1-21-727 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /4хх 75-76/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 60-65/ зэрэг баримтуудаар,

12. Хохирогч Г.Дгэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон ээмэг бөгж, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 844.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Д“...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээсээ 13 цагийн үед нөхөр хүүхдийн хамт гадуур явсан. Тэр өдрөө 21 цагийн үед гэртээ ирэхэд гэрээс эд зүйл алдагдсан байсан. ...” /4хх 122/,

     гэрч Х.Дуулимын “...Бид 2 гэртээ ортол том өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд том өрөөний цонхоо хаагаад эргээд хартал эхнэр жижиг өрөө рүү ороод гарч ирээд жижиг өрөөний цонх онгорхой байна гэсэн. ...” /4хх 127-128/,

гэрч Ц.Энхмөнхийн “...хүмүүсээс хувиараа эд зүйл худалдан авдаг болохоор зарим хүмүүс нь хулгай хийсэн эд зүйлээ зарсан юм шиг байгаа юм. Тэр хүмүүс нь ээжид болохоор хулгай хийсэн талаараа хэлэхгүй хөдөө орон нутгаас алт мөнгө худалдан аваад хотод авчирч зарж байна гээд өгдөг байсан юм шиг байна лээ...Манай ээж Хархорин зах дээр захын талбай дээр зогсоод эд зүйл хямдхан худалдан авна гэсэн зар үзээд эд зүйл худалдан авдаг юм. ...” /5хх 26/,

гэрч М.Отгонбаярын “...Надад эвдэрсэн мөнгөн эдлэл нэг л удаа зарсан байсан бөгөөд уг мөнгөн Эдлэлд эмээлийн хяр, хоёр баавар, даруулга 2 ширхэг эвдэрсэн мөнгөн аяганы мөнгө зэрэг байсан юм. Үүнийг надад 1 граммыг нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас 1000-1500 төгрөг нэмээд авсан байгаа. Авсан мөнгөн эдлэлээ буцаагаад                    1000-1500 төгрөг нэмээд алт мөнгөний дарханд зарсан байгаа. Одоо ямар дарханд зарснаа санахгүй байна...Надад хэлэхдээ хүн хөдөөгөөс хямдхан мөнгөн эдлэл авчирч өгсөн юм аа гээд хэлэхээр нь итгээд авсан юм...Уламбаяр нь эд зүйл худалдан авна гэсэн зар зүүгээд зогсож байдаг хүн юм. ...”/5хх 30-31/,

гэрч Ч.Хандармаагийн “...Уламбаярт хоёр удаа нэг залуу эвдэрсэн мөнгөн аяганы мөнгийг өгч байсан. Түүний өмнө нэг удаа монетон бас монетон бөгж өгч байсан. Түүнээс өөр ямар нэг эд зүйл дээрх залуугаас худалдан авч байгаагүй. Би нэрийг нь яаж мэдээд байна гэхээр хөдөөгөөс мөнгөн аяганы мөнгө цуглуулж ирсэн гээд Уламбаяртай ярьж байхыг нь сонсож байсан юм. ...” /5хх 34/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Би ороод унтлагын өрөөний шүүгээнд байсан эмэгтэй хүний кошлек байхаар нь орон дээр асгасан, монетон ээмэг, бөгж байгаад нь авсан. Гал тогооны өрөөнөөс нэг ширхэг мөнгөн аяга аваад орсон цонхоороо буцаж гараад машиндаа суугаад явсан. ...мөнгөөрөө архи уу, хоол авч дээд дуусгасан..,Би хохирогч Гэрэлт-Одын гэрээс хулгай хийсэн 2 ширхэг монетон бөгж, монетон гинж 1 ширхэг, 4 ширхэг мөнгөн аягийг хулгай хийж аваад Уламбаярт зах дээр явж байх үедээ 980.000 төгрөгөөр зараад мөнгөө бэлнээр авсан...Би хохирогч Батчимэгийн гэрээс хулгай эд зүйлүүд, хохирогч Гэрэлт-Одын гэрээс хулгай хийсэн эд зүйлүүдийг Уламбаярт зарсан байгаа...Би Уламбаяр гэх хүнд хоёр удаа юм зарсан түүнээс өөр зүйлүүдийг зараагүй. Уламбаяр гэх хүн надаар хулгай хийлгэх захиалга өгч байгаагүй би өөрөө хулгай хийж байсан. ...” /4хх 155, 5хх 22/ гэсэн мэдүүлгүүд,

2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Дамно” ХХК-ийн ХУ1-21-678 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /4хх 135-136/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 113-119/ зэрэг баримтуудаар,

13. Хохирогч Т.Өгэрт нэвтэрч, эмээлийн мөнгөн хэрэглэл, ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 22.620.880 төгрөгийн хохирлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон бусдад 117.588.310 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч Т.Ө“...2021 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчим гэртээ орж ирсэн чинь 2 давхар руу гарах шатны доод талын узелийн өрөөний хаалга онгорхой, гал тогооны өрөөний цонх хагас онгорхой байхаар нь гайхаад гэрийн эд хогшлоо бүртгэж эхэлсэн. Энэ үед гал тогооны тавилган дээр байсан 4 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. 2 давхарт гарахад номын өрөөнд байсан 3 эмээлийн мөнгөн тоноглол алга болсон байсан. ...” /5хх 131-132/ гэсэн мэдүүлэг,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 176-177/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 121-126/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

2. Шүүгдэгч Д.У нь Б.Бын Л.Бгэрээс хулгайлсан мөнгө аяга, эмээлийн мөнгөн тоног зэрэг эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан,

мөн Ц.Гын гэрээс хулгайлсан мөнгөн аяга, гинж, монетон бөгж, алтан бөгж зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 7-8 дугаар сард өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь:

Д.Уын гэрчээр өгсөн “...Баттогтох гэх залуу хоёр мөрний хар өнгөтэй үүргэвчтэй ирээд мөнгө авах уу гэж асуусан. Тэгээд би тэр залуугаас 1 ширхэг эмээлийн хяр, мөнгөн аяганы хуулсан мөнгө, эмээлийн баавар, даруулга 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг бүтнээр худалдаж авсан. Хуулсан мөнгийг граммлаж хар мөнгө 1.8 кг жинтэй болоод 1.540.000 төгрөгөөр цагаан мөнгө 2.4 кг болж 2.315.000 төгрөг нийлүүлээд 4.000.000 төгрөгөөр бэлнээр худалдаж авахдаа “Хаан” банкны АТМ-ээс гаргаж өгсөн. ...” /1хх 86, 88/,

шүүгдэгч Д.Уын яллагдагчаар өгсөн “...Угаасаа би худалдан авсан нь бөгөөд цаашаа зарсан байгаа тул хүлээн зөвшөөрч байна...Би Баттогтохоос анх 2021 оны 7 билүү 8 дугаар сард 2 ширхэг монетон бөгж, монетон нарийн гинж, 4 ширэг эвдэрсэн аяганы мөнгө зэргийг худалдан авсан. ...буцаагаад хөдөөнөөс бил үү хаанаас билээ танихгүй хоёр дархан ирээд монетон эд зүйлсийг худалдан авсан. Би 1 гр дээр нь 4000 төгрөг нэмээд зарсан байгаа. ...Тэгээд хамгийн сүүлд Баттогтохоос 2021 оны 11 сарын 12- ны өдөр 1 ширхэг эмээлийн хяр, мөнгөн аяганы хуулсан мөнгө, эмээлийн баавар, даруулга 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг бүтнээр худалдаж авсан. Уг худалдан авсан эд зүйлээ мөн алт мөнгөний ченж хийдэг Отгонбаярт 1 гр дээрээ 5000 төгрөг нэмж зарсан байгаа. Эвдээгүй хоёр мөнгөн аягийг зараагүй байж байгаад буцаагаад өгсөн байгаа. ...” /4хх 169, 5хх19/ гэсэн мэдүүлгүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч “хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн, шүүгдэгч Д.Уыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг, Д.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхээс Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Ут 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар оногдуулж, эдлэх 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсэн нь  тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааны хэрэгцээгээ хангах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олж амьдрах боломжийг байнга эрэлхийлж байсан гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б нь бусадтай бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 30-наас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 13 удаагийн үйлдлээр бусдад их хэмжээний буюу 117.588.310 төгрөгийн хохирол учруулсан байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд түүнийг хулгайлж авсан эд зүйлээ өөрийн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, хулгайлж авсан эд зүйлс, өмч хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар, үнэлэмжээр бус тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Б.Бын үйлдэл нь энэ шинжийг бүрэн хангасан байна.

Харин Д.Уын тухайд шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс Д.Ут  ял шийтгэл оногдуулахдаа дээрх байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялаар шийтгэсэн нь хуульд нийцсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нутаг дэвсгэрт нь тухайн төрлийн ажлыг эрхлүүлэх зорилгоор зорчих эрх хязгаарлах ялын хүрээг нэмэх    шаардлага байхгүй.

Иймд шүүгдэгч Б.Бын “... энэ гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэн зүйлчилж ял оногдуулсан нь үндэслэлгүй тул тохирох зүйл ангиар зүйлчилж, хөнгөн ял оногдуулж өгнө үү...”, шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Ю.Батболдын “...зорчих эрх хязгаарлах ялыг Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд харьяалуулж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 89 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/769 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 89 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                           Д.ОЧМАНДАХ

  

  ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ

 

  ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ