Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 01973

 

 

 

 

 

 

 

 

 

              “П К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01782 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “П К ББСБ” ХХК-ийн хариуцагч Б.Б-, Ж.Н-нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 23 327 950 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Б-гаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхэмбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хариуцагч нар нь 2019 оны 01 сарын 07-ны өдөр LEXUS LS600 600 маркийн 96-88 УНҮ улсын дугаартай суудлын зориулалттай, хар өнгийн автомашиныг барьцаалж 18 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр 14-19011552 дугаартай зээл болон фидуцийн гэрээг байгуулсан.

Гэтэл зээлдэгч Б.Б-, Ж.Н-нар нь эргэн төлөлтийн хуваарьд заасан зээлийн төлбөр төлөх хугацааг байнга хугацаа хэтрүүлсэн. Мөн 2 удаа тус бүр 3 сарын хугацаагаар зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргаснаар гэрээ сунгагдсан боловч 2019 оны 08 сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс байнга шаардсан бөгөөд зээлдэгч Ж.Н-нь “түр хүлээж байгаач барьцаагаа заруулахгүй удахгүй авна” гэсээр өдийг хүрлээ. Фидуцийн гэрээний дагуу LEXUS LS600 маркийн 96-88 УНҮ улсын дугаартай суудлын зориулалттай, хар өнгийн автомашин нь зээл авсан өдрөөс хойш нэхэмжлэгч байгууллагын зогсоолд байрлаж байна. Иймд үндсэн зээл 18 000 000 төгрөг, 2019 оны 08 сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны хүү 4 031 950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү                  672 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар хариу тайлбартаа: Бид Lexus LS600 маркийн 96-88 УНУ улсын дугаартай автомашиныг барьцаанд тавьж 18 000 000 төгрөгийг зээлсэн. Зээл авснаас хойш 6-7 сая төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн байхад үндсэн зээлийн төлбөрөөс огт хасалт хийгээгүй нэхэмжилсэн байна. Зээлийн эргэн төлөлт хийсэн мөнгөнөөс үндсэн зээлээс хасалт хийж үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Ж.Наранмандах, Б.Б- нараас 23 327 950 /хорин гурван сая гурван зуун хорин долоон мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, “П К ББСБ” ХХК-д олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4  дэх хэсэгт зааснаар Б.Б-гийн өмчлөлийн LEXUS LS 600 маркийн 96-88 УНҮ улсын дугаартай суудлын зориулалттай, хар өнгийн автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 23 327 950 төгрөг гаргуулж, “П К ББСБ” ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 590 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 274,950 төгрөгийг гаргуулж, мөн илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч “П К ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 6, 25, 42, 77, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Учир нь талууд гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн төлбөрийн дүнд маргаж байхад хэрэгт авагдсан төлбөрийн баримтыг үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй. Шүүх процессын болон материаллаг хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн. Хариуцагч Б.Б-д нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй. Мөн 23 327 950 төгрөгийг ямар хувь хэмжээгээр гаргуулж байгаа талаар тогтоох хэсэгт дурдаагүй, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүг тооцсон хугацааг дурдаагүй. Нөхөр Ж.Наранмандахаас анхан шатны шүүхийн шийдвэрийг 2020 оны 07 сарын 31-ний өдөр хүлээн авч, танилцсанаар гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “П К ББСБ” ХХК нь хариуцагч Б.Б-, Ж.Н-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18 000 000 төгрөг, зээлийн хүү 4 031 950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 672 000 төгрөг, нийт 23 327 950 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч “төлөлт хийсэн мөнгөнөөс үндсэн зээлийн төлбөрт суутгаагүй байх тул төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасвал үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэж тайлбарлан маргажээ. /хх 1-2, 32/

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 14-19011552 дугаар “Зээлийн гэрээ”, мөн өдрийн 14-19011552 дугаар “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” /хх 6-12/, гэрээний агуулга, нөхцөл зэргийг харьцуулан үнэлбэл, талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан, тэдгээр нь хуульд заасан шаардлага хангасан байна. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. 

 

Харин анхан шатны шүүх талуудын зээлийн гэрээгээр тохирсон нөхцөлийг тэдгээрийн маргаанд хэрэглэвэл зохих нарийвчилсан хуулийн зохицуулалтад нийцүүлэн тайлбарлаагүйн улмаас хариуцагч нараас гаргуулбал зохих мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээг буруу тооцоолсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай байна.

 

Хэдийгээр хариуцагч талын гаргасан “анхан шатны шүүх эргэн төлөлт хийгдсэн баримтыг үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх боловч давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Талуудын хооронд 2019 оны 01 сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр “П К ББСБ” ХХК нь зээлдэгч Б.Б-, Ж.Н-нарт 18 000 000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нар нь зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөх, ийнхүү тогтоосон хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх 6-7/ Улмаар зээлийн гэрээний хугацааг зээлдэгч нарын хүсэлтээр 2019 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, энэ тухай талуудын хооронд “Сунгалтын гэрээ” байгуулагдаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталсан байна. /хх 8-12/

 

Дээрх зээлийн гэрээний нэг тал буюу зээлдүүлэгч “П К ББСБ” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх /хх 3-4/ бөгөөд гэрээний дагуу зээлдэгч нарт мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч тэдгээр нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүйн улмаас талуудын хооронд маргаан үүссэн байна. Энэ тохиолдолд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тухайн маргаанд хэрэглэвэл зохих нарийвчилсан хуулийн зохицуулалт гэж үзнэ. 

 

Зүй нь, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр  зээлийн гэрээнд тусгах талаар зохицуулсан. Гэтэл талууд харилцан үүрэг хүлээж тохиролцсоноор байгуулсан 2019 оны 01 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцох талаар тодорхой тусгаагүй байх тул гэрээний хугацаа дууссанаас хойш хүүгийн төлбөр тооцож хариуцагч нараас гаргуулах нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй.  

 

Мөн нэхэмжлэгч талаас гаргасан зээлийн дансны хуулганд бичигдсэн дүн нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс зөрүүтэй, ойлгомжгүй байх тул үндсэн зээлийн хүүгээс нэмэгдүүлсэн хүүг тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Иймд зээлийн гэрээнд тусгагдсан нөхцөлийг үндэслэн хариуцагч нарт үүссэн үүргийн хэмжээг тодорхойлох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. /хх 19-20/

 

Зээлдэгч нар нь зээл олгосон 2019 оны 01 сарын 07-ны өдрөөс гэрээний хугацаа сунгагдсан 2019 оны 12 сарын 01-ний өдрийн байдлаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, түүний хүүгийн төлбөрт нийт 25 560 000 төгрөг төлөхөөр байна. Үүнээс давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн дүн болох 5 351 200 төгрөгийг хасаж 20 208 800 төгрөгийг хариуцагч Ж.Наранмандах, Б.Б- нараас гаргуулж, нэхэмжлэгч “П К ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буюу уг эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, түүнээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй байдаг.

 

Ийнхүү захиран зарцуулах эрхийг талуудын хооронд байгуулсан “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний 1.1, 1.3, 2.1, 3.1.2, 3.1.3-т тус тус заасан байна. Тодруулбал уг гэрээгээр нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс Б.Б-гийн өмчлөлийн 96-88 УНҮ улсын дугаартай Lexus LS 600 маркийн тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, улмаар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дууссан эсхүл гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн барьцаалагдсан хөрөнгийг үл маргах журмаар гэрээгээр тохиролцсон түргэн борлогдох үнээр худалдах, ийнхүү худалдахтай холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх талаар харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд бодитойгоор шилжүүлэн авсан, одоог хүртэл түүнд байгаа талаар талууд маргаагүй.

 

Мөн зээлийн гэрээний 2.14.3-т “автомашиныг хадгалаад зээл олгож байгаа тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дуусаад 7 хоносон тохиолдолд ББСБ нь барьцаа хөрөнгийг зарж борлуулан зээлийн төлбөрийг барагдуулах” талаар тусгасан байна. Иймд фидуцийн гэрээний зүйлийг захиран зарцуулахтай холбоотой асуудлыг нэхэмжлэгч нь зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд дээрх гэрээнүүдэд зааснаар хэрэгжүүлэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн журмаар барьцааны зүйл мэт албадан дуудлага худалдаанд оруулах буюу фидуцийн гэрээний дагуу шаардах эрхтэй этгээдийн эрх нь зөрчигдсөн гэдэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Харин фидуцийн гэрээний зүйлийг нэхэмжлэгч өөрийн эзэмшилд хадгалах хугацаанд гарах зардал буюу зогсоолын төлбөрийг хоногт 2 000 төгрөгөөр тооцон ББСБ-д төлөх талаар талууд тохиролцож, энэ талаар зээлийн гэрээний 2.14.2-т тусгасан байх  тул үүнтэй холбогдуулан гаргасан 624 000 төгрөгийн шаардлагыг анхан шатын шүүх хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч “П К ББСБ” ХХК-ийн хариуцагч нараас нийт 23 327 950 төгрөг гаргуулах шаардлагаас нийт 20 832 800 төгрөгийг хангаж, үлдэх 2 495 150 төгрөгт холбогдох хэсэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад оруулна.

 

Мөн шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагадаа төлсөн 70 200 төгрөгийг илүү төлсөн гэж үзээд улсын төсвөөс буцаан гаргуулж шийдвэрлэсэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд энэхүү үндэслэлээр болон хариуцагч нараас гаргуулах мөнгөн дүнгийн өөрчлөгдсөн хэмжээнд тохируулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн зохих журмаар хуваарилах нь зүйтэй байна.

 

Харин хариуцагч Б.Б-гийн “анхан шатны шүүх түүнд нэхэмжлэлийн шаардлага гардуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Учир нь хэргийн 33 дахь талд авагдсан 2019 оны 04 сарын 10-ны өдрийн “Итгэмжлэл”-д Б.Б- нь Ж.Наранмандахад “П К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийг бүрэн төлөөлөх эрхийг олгосон байна. Анхан шатны шүүх уг итгэмжлэлд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан /хх 34/ байх бөгөөд Ж.Н-нь Б.Б-гийн өмнөөс өөрт олгогдсон эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул дээрх үндэслэлээр гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Б.Б-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлүүдээр зохих өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01782 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Ж.Наранмандах, Б.Б- нараас 20 832 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П К ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 495 150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 235 дугаар зүйлийн 235.4  дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “П К ББСБ” ХХК-ийн хариуцагч Ж.Наранмандах, Б.Б- нарт холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 344 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 262 114 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П К ББСБ” ХХК-д буцаан олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

  1.  

 

              4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР