Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 309

 

Б.Бод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 658 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 938 дугаар магадлалтай, Б.Бод холбогдох 201626012232 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Д.Дамдинсүрэнгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2008 оны 9 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 27-нд Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн 5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эдлээгүй үлдсэн ялаас өршөөгдөж суллагдсан, Х овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй ” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Д.Дамдинсүрэн бичсэн дүгнэлтдээ: “Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 658 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бод хорих ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 938 дугаартай магадлалаар шүүгдэгч Б.Бод хуульд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулсан боловч түүний эдэлбэл зохих ялын хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар, хэр хэмжээнд тохироогүй, хохирогч гавал тархины хүнд гэмтэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ мэс ажилбарт орсон байх бөгөөд улмаар 2 тархины доргилтын дараах хам шинж, хагас ойгүйдлийн хам шинж хэмээх сэтгэцийн эмгэгтэй болсон, хохирогчийн сэтгэцэд учирсан эмгэгийн эдгэрэх хугацаа тодорхойгүй, эдгэрсэн талаарх эмнэлгийн байгууллагын дүгнэлт шүүхэд ирээгүй байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэл болно гэж дүгнэн, шүүгдэгч Б.Бод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хүндрүүлж, 3 жилийн хугацаагаар хорих ял болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхэд оролцогч нарын хэн аль нь гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдээгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэн 01 дугаартай дүгнэлт гаргасан.

Монгол Улсын Их хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтуудад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.3-т заасан “....шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан гэсэн нөхцөл байдал илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль үндэслэл бий болж байна.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Бод холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрт ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулсныг хүчингүй болгуулж, 938 дугаартай магадлалд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан хяналтын шатны шүүхэд прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл  хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Бод оногдуулсан ялыг хүндрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг хүчингүй болгуулах тухай прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэнгийн бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн Б.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Бод холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэх үед давж заалдах болон хяналтын шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж өөрчлөх эрх хэмжээтэй байжээ.

Ийнхүү давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Бод анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг 3 жил болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй юм.

Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасны “... хүндрүүлж ...", “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “...шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад өөрчлөлт оруулжээ.

Иймд Б.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Улсын Их хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан” шинэ нөхцөл байдлын улмаас тухайн шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэлд хамаарч байх тул энэ талаар прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Бод оногдуулсан хорих ялыг 3 жил болгож хүндрүүлэн өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 658 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 938 дугаар магадлалын шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Бод оногдуулсан 2 жилийн хорих ялыг 3 жил болгож хүндрүүлж өөрчилсөн заалтыг хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                                    ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН