Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 20

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, ерөнхий шүүгч Л.Тунгалаг, шүүгч Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар Д.Уужимсанаагийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Сонгуулийн хороонд холбогдох 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Орон нутгийн хуралд сонгогдсонд тооцогдох, нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгох тухай 15 дугаар тогтоолоос Л.Тунгалагт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Уужимсанаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батболд, хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Дэмчигсүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцогт, иргэдийн төлөөлөгч М.Цэгмид, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Баасандэмбэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Уужимсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 12 дугаарт тойрогт нэр дэвшин хамгийн олон санал буюу 2206 иргэдийн саналыг авсан болох нь төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудаснаас тодорхой харагдаж байна. Санал хураалтын шөнө буюу долдугаар сарын 29-30нд шилжсэн 02-03 цагийн орчимд Тосонцэнгэл сумын Сонгуулийн хороо миний ялалтыг хүлээн зөвшөөрч Засаг даргын тамгын газрын байранд надад баяр хүргэж, бид гар барилцан, сонгуулийн дүнг тал талаасаа байлцан эцэслэсэн. Гэвч 30-нд 11 цагаас дахин тооллогыг зөвхөн Дамдинбазарын Уужимсанаа миний нэр дээр дахиж хийсэн. Ингэхдээ Тосонцэнгэлийн Монгол Ардын намын төв штабт мэдэгдэлгүй зөвхөн Улаан толгой баг дээр тооллого хийсэн нь улс төрийн зорилготой харагдаж байна. Саналын зөрүүг зөвхөн хувилсан саналын хуудсаар гаргаж ирэхдээ Монгол ардын намын ажиглагч, гэрчгүй хийсэн. Сонгуулийн хорооныхны тайлбарлаж буйгаар гэрч гэж аваачсан хүний нь тухай Монгол Ардын намын төв штаб мэдэхгүй байгаа нь гараар саналын хуудасны дүнг өөрчлөн, шинээр хуудас нэмсэн байх бүрэн магадлалтай буюу түүнийгээ нуух гэсэн хуйвалдааны шинжтэй байгаа зэрэг нь нэг намын / Ардчилсан намын/ эрх ашгийг хангаж үйлчилсэн. Төрийн сонгуулийг шударга бусаар удирдан,бусниулсан болохыг нь баталж байна. Нууцаар намайг ялагдуулж, тэрийгээ мэдэгдээгүйгээрээ миний нэр төр, алдар хүндэд ноцтой халдлаа. Учир нь би ялалтаа ойр тойрныхондоо мэдэгдэж, баяраа хуваалцсан. Гэтэл саналын хуудас дутуу ирсэн гэдэг үндэслэлээр нэмж 300 саналын хуудас хуулбарлан олшруулж 27 хуудсаар нь санал авч гараар тоолоход Л.Тунгалаг 2219, Д.Уужимсанаа 2216 санал авсан гэж үзээд аймгийн Сонгуулийн хорооноос 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 15 дугаартай тогтоолын хавсралтаар Л.Тунгалагт түр үнэмлэхийг гардуулсан нь хууль тогтоомжинд нийцээгүй болно. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна гэж заасан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаартай тогтоолоор Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн аймаг, сумын сонгуулийн хороодоос хэвлүүлж, санал авах ажиллагааг зохион байгуулсан саналын хуудас болон түүнд тэмдэглэсэн саналыг хүчингүйд тооцсон байна. Иймд Сонгуулийн хорооноос 2016 оны 07-р сарын 01-ний өдрийн 15 дугаартай тогтоолын хавсралтанд дурьдсан Л.Тунгалагтай холбогдуулсан хэсгийг хүчингүй болгож, Дамдинбазарын Уужимсанааг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон болохыг тогтоож өгнө үү. Мөн энэ асуудлыг шийдвэрлэгдэх хүртэл аймгийн хорооноос 2016 оны 07-р сарын 01-ний өдрийн 15 дугаартай тогтоолын хавсралтын Л.Тунгалагтай холбогдох хэсгийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зөрчигдсэн эрхээ сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний хувьд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэдийн хүчинтэй саналаар сонгуульд сонгогдсон. Гуравдагч этгээд Л.Тунгалаг нь хувилсан саналаар сонгуульд ялсан байгаа юм. Сонгуулийн цаг дуусахаас өмнө иргэд санал өгөхөөр ирэхэд саналын хуудас дууссан байсан. Тэгээд саналын хуудсыг хувилж санал авсан байгаа юм. Тухайн үед манай хамаатан садангийн хүмүүс санал өгөхөөр ороход Тосонцэнгэл суманд 10 гаруй жил ардчилсан нам ялсан болоод ч тэр үү ардчилсан намын хүмүүс л сууж байсан. Тэгээд нууцлал нь алдагдаж хувилсан саналын хуудсаар саналаа өгөхөд нууцаар санал өгөх ямар ч боломжгүй байсныг надад ярьсан. Учир нь сонгууль дууссаны дараа хэн хэнд санал өгсөн өгөөгүй гэдэг асуудал яригддаг учраас дарамт шахалтын дунд иргэд санал өгсөн байгаа юм. Үүнийг нэг талаас харахад иргэдийн санал өгөх явцад хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл болсон гэж үзэж байна.

Тосонцэнгэл сум дээр сонгуулийн саналын 270 ширхэг хуудас илүү гарсан. Гэтэл сумын сонгуулийн хороо үүнийг зохион байгуулаад саналын хуудсыг заавал хувилж олшруулахгүйгээр иргэдийн саналыг авч болох байсан. Идэр баг дээр хариуцлагагүй байдал гаргаж саналын хуудсыг цөөн явуулснаас ийм асуудал үүссэн байгаа юм. Мөн Улаантолгой баг дээр дахин тооллого хийсэнд гомдолтой байна. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13, 97.16 дахь хэсэгт зааснаар санал тоолох мөн Сонгуулийн ерөнхий хорооны 172 дугаар тогтоолоор техникийн тооллого буюу 50 хувьд нь шодоод гар аргаар тоолдог. Гар аргаар тоолох заавар журамдаа 24 цагийн дотор тасралтгүй тоолж дүнгээ нэгтгээд саналын хуудсыг битүүмжлэх ёстой байдаг. Гэтэл Улаантолгой баг дээр шөнийн 3 цаг хүртэл тоолоод нэг хэсэг нь илүү санал гарсан нөгөө хэсэг нь дутуу гарсан гэж тайлбарладаг. Миний хувьд санал унших хар машинаар тоолсон саналыг эцсийн дүн нь гэж үзэж байгаа юм. Улаантолгой баг дээр Туяа гэх хүн ахлаад тооллого явуулсан. Тэгэхдээ манай намаас хүн байлгах ёстой байтал байлгахгүйгээр тооллого явуулсан байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл балаар засвар хийсэн байгаа нь харагдаж байдаг. Иймээс Тосонцэнгэл сумын иргэдийн төлөөлөгчийн хуралд гишүүнээр сонгогдсонд болохыг тогтоолгох, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Сонгуульд нэр дэвшигчийн асуудал нь хэрэгт ач холбогдолгүй. Харин хүчингүй саналын хуудсаар өгсөн саналыг тоолох уу? эсвэл санал тоолох машинаар авсан саналыг тоолох уу? гэдэг асуудал гол нь байгаа юм. Үүнийг анхаарч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглүүдээс үзэхэд аймгийн сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн байна. Тухайн сонгуулийн үйл ажилагаа явуулах байгууллага нь хууль дээдлэх зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой, нэр дэвшигчийг бүртгэх, санал авах, санал тоолох, сонгуулийн дүн гарах бүх ажиллагаа нь Сонгуулийн тухай хуульд нийцэх ёстой. Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн үйл ажиллагаа явуулахад автоматжуулсан тоног төхөөрөмж ашиглах тогтоол, мөн хуульд заасан шаардлага хангасан батлагдсан хуудсаар санал авах, төхөөрөмжийн дүнг үндэслээд сонгуулийн дүнг гаргах тухай заалтуудыг аймгийн сонгуулийн хороо дагаж мөрдсөнгүй. Иймээс иргэд Д.Уужимсанаагийн сонгогдох эрх зөрчигдсөн байна.

Хуулиас давсан эрх зүйн акт, баримт бичиг байх ёсгүй. Сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.14 дахь хэсэгт баталсан загвар шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй бөгөөд хүчингүй хуудсаар санал авахыг хориглосон заалт зөрчигдсөн байна. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйл 97.4 дэх хэсэгт саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухай хэсгийн саналын дүн байна гэсэн заалтыг аймгийн сонгуулийн хороо баримтлаагүй байна. Баталсан загвараар аваагүй саналын хуудас хүчингүйд тооцогдоно. Өөрөөр хэлбэл шаардлага хангасан саналын хуудас гэдгийг хариуцагч тайлбартаа дурдсанчлан тусгай хэвлэх үйлдвэр, тоног төхөөрөмжөөр, тусгай хүмүүсийг байлцуулж, нарийвчлал нууцлалтай хэвлэдэг байна. Иймээс саналын хуудас нь нарийвчлалтай, санал унших төхөөрөмжөөр уншигдах ёстой байна. Гэтэл хувилсан саналын хуудсанд нууцлал, дугаар гэх зүйл байхгүй, санал тоолох төхөөрөмж уншихгүй. Сонгуулийн хуулиар хамгийн гол нь санал тоолох төхөөрөмжөөр саналыг тоолно гээд хуульчилсан байна.

Аймгийн сонгуулийн хороо тухайн үед Сонгуулийн ерөнхий хорооны 180 дугаар тогтоолын дагуу санал авсан юм бол яагаад түүнийг хүчингүй болгосон Сонгуулийн ерөнхий хорооны 182 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? 180 дугаар тогтоол нь анхнаасаа хууль зөрчиж гарсан байсан учраас 182 дугаар тогтоол гарсан байдаг. Маргаж байгаа асуудал нь санал авах хэвлэмэл хуудастай холбоотой, одоогийн байдлаар хоёр өөр дүн гарсан байна. Энэ хоёр дүнгийн аль нь хуульд нийцэж байгаа дээр маргааны гол асуудал юм. Сонгуулийн хороо хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Иймээс санал тоолох машинаар өгсөн 2206 санал хуульд илүү нийцсэн байгаа тул Д.Уужимсанаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Дэмчигсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Д.Уужимсанаагийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг хүлээн авч доорх тайлбарыг хүргүүлж байна.

1. Д.Уужимсанаа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар тойрогт нэр дэвшсэн тул нэхэмжлэлд дурдсан эхний хэсэг буюу зөвхөн Д.Уужимсанаагийн нэр дээр дахин тооллого хийсэн талаарх мэдээллийг тухайн ажлыг зохион байгуулсан Тосонцэнгэл сумын Сонгуулийн хороо тайлбар өгнө. Аймгийн Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ хүрээнд сумдын сонгуулийн хороодыг арга зүйн удирдлагаар хангаж, дээд газраас ирсэн шийдвэрийг цаг хугацаанд нь хүргэж сонгуулийг зохион байгуулсан.

2. Аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 06 дугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 26-ны өдрүүдэд санал авах хуудсыг сумдын сонгуулийн хороодод хүлээлгэн өгөх үеэр энэ удаагийн сонгуулийн ирц өндөр байх мэдээллийг сумдын сонгуулийн хорооноос авч саналын хуудас дутах магадлал байгааг утсаар болон албан тоотоор Сонгуулийн ерөнхий хороонд уламжилсан. Сонгуулийн ерөнхий хороо өмнөх сонгуулиудын ирц жар гаруй хувьтай байдаг, саналын хуудас хүрэлцээтэй, дахин хэвлэх боломжгүй гэсэн хариуг өгч 6 дугаар сарын 29-нийг хүрэгсэн бөгөөд санал авах өдрийн 12 цагийн мэдээгээр зарим сумдын хэсгийн хороодод ирц 60 орчим хувьд хүрч саналын хуудас дутах магадлалтай байгаа талаар сумдаас мэдээ авч Сонгуулийн ерөнхий хороонд уламжилсны дүнд Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар тогтоолыг ирүүлсэн. Аймгийн Сонгуулийн хороо 180 дугаар тогтоолыг сумдын Сонгуулийн хороодод хүргүүлж зарим хэсгийн хороодод нэмж саналын хуудас хэвлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн иргэний сонгох эрхийг эдлүүлсэн болно. Санал хураалт дуусч, техникийн тооллого хийгдсэний дараа 6 дугаар сарын 30-ны өдөр сумдаас мэдээг авч, 7 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Сонгуулийн хороо хуралдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонхийн санал авсан нэр дэвшигчид түр үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн болно. Санал хураалт дуусч, техникийн тооллого хийгдсэний дараа 6 дугаар сарын 30-ны өдөр сумдаас мэдээг авч, 7 дугаар сарын 1-ний өдөр аймгийн Сонгуулийн хороо хуралдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонхийн санал авсан нэр дэвшигчид түр үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн болно. Хурал хуралдсаны дараа 7 дугаар сарын 1-ний өдөр Сонгуулийн ерөнхий хорооноос 182 дугаар тогтоол ирсэн болно. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аймгийн сонгуулийн хороо хууль журмынхаа дагуу сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулсан. Сумын сонгуулийн хэсэг дээр гарсанпроцессуудыг нарийн мэдэх боломжгүй юм. Бидний зүгээс тухайн үед хуралдаад шийдвэр гаргачихсаны дараа Сонгуулийн ерөнхий хорооны 182 дугаар тогтоол ирсэн. Эргээд бид нар Сонгуулийн ерөнхий хорооны хуулийн хэлтэс, албаны даргатай утсаар ярихад наадах чинь орон нутагт хамаарахгүй хоёр сонгууль зэрэг явж байгаа учир тус тусдаа өөр өөрөөр зохицуулагдаж байгаа гэсэн хариу өгсөн. Одоогийн байдлаар Сонгуулийн ерөнхий хорооны 180 дугаар тогтоолоор нэг нэр дэвшигч нь сонгуульд ялсан, 182 дугаар тогтоолоор нөгөө нэр дэвшигч нь ялсан байдалтай, хоёулаа хохирох болчихоод байгаа юм. Энэ асуудал нь нэг баг дээр гарсан саналын хуудасны хүрэлцээгүйгээс болоод үүсээд байгаа асуудал юм. Одоо 10 сард болох орон нутгийн сонгуулийг мөн машинаар авахаар байгаа учраас үүнтэй хамт дахин сонгуулийг тухайн хэсэг дээр эсвэл бүхэлд нь явуулах боломжтой юм. Үүнээс хойш хугацаа хэтэрвэл сонгуулийн хороо татан буугдчихна, эргээд зардал мөнгө их гарах асуудал үүсэх юм. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны 180 дугаар тогтоол, 182 дугаар тогтоолуудын улмаас энэ асуудал үүссэн учраас Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг хариуцна гэж үзэж байгаа гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Лувсанбалдангийн Тунгалаг нь Завхан аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгч сонгох 12-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн сонгуулийн үр дүнгээр 2219 сонгогчийн санал авч,хуулийн дагуу 3-н мандаттай Тосонцэнгэл сумаас гурваар гарч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15-р тогтоолоор аймгийн Сонгуулийн хорооны албан ёсны шийдвэрийн дагуу аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардан авсан билээ. Д.Уужимсанаа нэхэмжлэлийн үндэслэлдээ: аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12-р тойрогт нэр дэвшин хамгийн олон санал буюу 2206 иргэдийн санал авсан болох нь санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудаснаас тодорхой харагдаж байна гэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал аймгийн Иргэдийн Хурлын 12-р тойрогт Тосонцэнгэл сумаас нэр дэвшигч Л.Баттулга 2416 санал буюу хамгийн олон санал авсан нь нэгдсэн дүнгээс харагдаж байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэлд дурдагдсан 2206 саналыг үгүйсгэж байна. Мөн санал хураалтын шөнө буюу 7-р сарын 29-30-нд шилжсэн 02-03 цагийн орчимд Тосонцэнгэл сумын сонгуулийн хороо миний ялалтыг хүлээн зөвшөөрч Засаг даргын Тамгын газрын байранд надад баяр хүргэж, бид гар барилцан сонгуулийн дүнг тал талаасаа эцэслэсэн гэсэн нь Тосонцэнгэл сумын сонгуулийн хорооны дарга Амгалангийн ийм асуудал болоогүй Уужимсанаа худлаа зохиож ярьсан байна гэдгээр мөн үгүйсгэгдэж байна. Мөн 2016 оны 07 дугаар сарын 30-нд 11 цагаас дахин тооллогыг зөвхөн Д.Уужимсанаа миний нэр дээр дахиж хийхдээ Тосонцэнгэлийн МАН-ын төв штабт мэдэгдээгүй зөвхөн Улаан толгой баг дээр хийсэн нь улс төрийн зорилготой байна гэдэг нь Улаантолгой багийн саналыг хяналтын тооллого хийж тоолоход төхөөрөмжөөр гарсан дүнгээс зөрсөнийг дахин ардын намын ажиглагч болон сонгуулийн хорооны хүмүүсийн хамт тоолоход санал нь төхөөрөмжийн саналтай тохирсон байна. Энэ нь МАН-ын ажиглагч, гэрчгүй хийсэн гэдгийг мөн үгүйсгэж байна. Мөн гараар саналын хуудасны дүнг өөрчлөн, шинээр хуудас нэмсэн байх бүрэн магадлалтай, нэг намын эрх ашгийг хангаж үйлчилсэн гэдэг нь сонгуулийн хороонд ажилласан төрийн албан хаагчдыг ор үндэсгүй гүтгэсэн зэргээс харахад Д.Уужимсанаагийн нэхэмжлэл үндэслэлгүй нь харагдаж байгаа бөгөөд төрийн ажлын тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулах, иргэд сонгогчдын үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэх бүрэн боломжтой ба хуулийн дагуу ялалт байгуулсан миний нэр төрд халдаж байгаад гомдолтой байгаа хэдий ч надад итгэл хүлээлгэн саналаа өгсөн иргэдийнхээ сонголтыг хүндэтгэн үзэж тэдний Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөхгүй байхад шаардагдах асуудлуудыг би хуулийн дагуу тавьж нэхэмжлэх болно. Учир нь би өөрийн нэр хүнд, хувийн ашиг сонирхол гэхээсээ илүү надад итгэл хүлээлгэн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж сонголтоо хийх иргэд сонгогчдынхоо сонголт хийх эрх ашиг, хүсэл сонирхлыг дээдэлж ажиллаж чадна гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан учир энэхүү нэхэмжлэлийн тайлбарыг хийлээ гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүх сонгогчдын нэрс тоогоороо гарсан байхад Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хангалттай хэвлэж өгч болоогүйг ойлгохгүй байна. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны дарга Содномцэрэн энэ жил сонгуулийн ирц их сайн байсан учраас саналын хуудас зарим газар дутсан гэж тайлбарласан. Тухайн үед нь өөр хэсгийн хорооноос саналын хуудас шилжүүлэх зэргээр зохицуулах хуулийн зохицуулалт байдаг юм уу гэдэгт эргэлзэж байна. Саналаа өгөх гээд ирсэн иргэдийн саналыг авахын тулд саналын хуудсыг хувилахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байгаа юм. Сонгуулийн ерөнхий хорооны 180 дугаар тогтоолд саналыг авахаар заасан байдаг. Ер нь ийм тохиолдолд өөр яах ёстой юм, иргэдийн сонгох эрх зөрчигдөж байна шүү дээ. Гадаа байсан иргэдийн саналыг оруулж хувилсан саналын хуудсаар саналыг нь авчихаад төд удалгүй 180 дугаар тогтоолыг хүчингүй болгож Сонгуулийн ерөнхий хорооноос 182 дугаар тогтоолыг гаргасан байсан. Хуулиас харахад 182 дугаар тогтоол нь зөвхөн Улсын Их Хурлын сонгуульд хамааралтай тогтоол байсан. Миний хувьд хавтаст хэрэгтэй танилцах боломжийг бага олгосон учраас баримтуудтай нарийн танилцаж чадаагүй. Тухайн үед хэсгийн хороо нь иргэдийн саналыг авахаас өөр аргагүй учраас саналын хуудсыг хувилж зохион байгуулалтын арга хэмжээ авсан байсан. Нэгэнт сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй гэсэн хуулийн заалт байдаг үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх байх гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Уужимсанаа нь Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Орон нутгийн хуралд сонгогдсонд тооцогдох нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгох тухай 15 дугаар тогтоолын хавсралтын Л.Тунгалагт холбогдох хэсгийн улмаас Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох өөрийн эрхийг зөрчигдсөн хэмээн үзэж маргаан үүсгэжээ.

Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Уужимсанаагийн нэхэмжлэлтэй тус аймгийн Сонгуулийн хороонд холбогдох уг нэхэмжлэлийг тус захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэхээр байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Хэргийн үйл баримтын тухайд:

Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох тухай 11 дүгээр тогтоолын хавсралтаар Тосонцэнгэл сумыг 12 дугаар тойрог гэж нэрлэн, 3 мандаттай байхаар тогтоосны дагуу 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр явагдсан тухайн сонгуулийн үр дүнд хамгийн олон санал авсан эхний гурван нэр дэвшигч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдохоор байжээ. /хавтаст хэргийн 119-120-р хуудас/

Тосонцэнгэл сумд буюу сонгуулийн 12 дугаар тойрогт нэхэмжлэгч Д.Уужимсанаа нь Монгол Ардын намаас, гуравдагч этгээд Л.Тунгалаг нь Ардчилсан намаас тус тус нэр дэвшин өрсөлджээ.

Сонгуулийн үр дүнд дээрх 12 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Баттулга 2416 сонгогчийн, Б.Төрмөнх 2261 сонгогчийн буюу хамгийн олон санал авч дүнгийн нэгтгэлийн жагсаалтын нэг, хоёрдугаарт бичигдсэн бөгөөд уг хоёр нэр дэвшигчийн тухайд авсан саналын тухайд маргаан гараагүй байна.

Харин гурав дахь олонхийн санал авсан гэх нэр дэвшигчийн тухайд маргаантай байна. Тодруулбал нэр дэвшигч Д.Уужимсанаа, Л.Тунгалаг нарын сонгогчдоос авсан саналын тоог 2 янзаар нэгтгэсэн дүнг Тосонцэнгэл сумын сонгуулийн хороо аймгийн сонгуулийн хороонд ирүүлжээ.

Эхний нэгтгэлийн дүнг нэхэмжлэгч Д.Уужимсанааг 2206 сонгогчдын буюу олонхийн санал авснаар гаргасан бол дараагийн өөр нэгтгэлийн дүнг гуравдагч этгээд Л.Тунгалагийг 2219 сонгогчийн буюу олонхийн санал авснаар гаргажээ. /Хавтаст хэргийн 7-8, 219-220 дугаар хуудас/

Тосонцэнгэл сумын сонгуулийн хороо нь нэр дэвшигчдийн сонгогчдоос авсан саналын тоог нэгтгэн гаргахдаа санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээр, мөн уг дүн дээр саналын хуудас хүрэлцээгүй үндэслэлээр хуулбарлан олшруулсан саналын хуудсаар сонгогчдоос авсан саналын дүнг нэмэн гаргасан дүнгээр ийнхүү хоёр янзаар гаргасан байна.

Учир нь санал хураалтын явцад саналын хуудас хүрэлцэхгүй болсон үндэслэлээр Тосонцэнгэл сумын сонгуулийн хороо нь саналын хуудсыг 300 ширхэгээр хуулбарлан олшруулж бэлтгэж, тэдгээрийн 28 ширхэг саналын хуудсаар нь сонгогчдоос санал авсан нөхцөл үүсчээ. /Хавтаст хэргийн 160-162-р хуудас/

Завхан аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, уг хуралдаанаар сумын сонгуулийн хороодоос ирүүлсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг нэгтгэн Орон нутгийн хуралд сонгогдсонд тооцогдох нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгох тухай 15 дугаар тогтоолыг батлан гаргажээ.

Уг тогтоолын хавсралтын 16 дугаарт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 12 дугаар тойргоос нэр дэвшигч Л.Баттулга, Б.Төрмөнх, Л.Тунгалаг нарыг сонгогчдын олонхийн саналыг авч төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 5-6-р хуудас/

Өөрөөр хэлбэл Тосонцэнгэл сумын сонгуулийн хорооноос ирүүлсэн нэр дэвшигчдийн сонгогчдоос авсан саналын тоог хоёр өөрөөр гаргасан дүнгийн нэгтгэлүүдээс нэр дэвшигч Л.Тунгалагийг 2219 сонгогчийн санал авснаар бичигдсэн дүнгийн нэгтгэлийг нь үндэслэж дээрх маргаан бүхий 15 дугаар тогтоолын хавсралтын 16 дугаарт ийнхүү Л.Тунгалагийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон нь уг маргаан үүсэх үндэслэл болсон байна.

2. Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаас Л.Тунгалагт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Уужимсанааг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь тухайн аймаг, нийслэлийн Хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулахаар байна.

Гэвч Завхан аймгийн Сонгуулийн хороо нь саналын хуудас хүрэлцэхгүй болсон нөхцөл байдал үүссэн талаарх сумын сонгуулийн хороодоос ирүүлсэн санал, хүсэлтийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухайд бие дааж шийдвэрлээгүй байх ба 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 114 дүгээр албан бичгээр ...зарим сумдад саналын хуудас дууссан учир ... энэ асуудлыг шийдвэрлүүлэх-ээр, уг албан бичгийн хавсралтаар Тосонцэнгэл суманд 300 ширхэг саналын хуудас шаардлагатай байгаа талаар Сонгуулийн Ерөнхий Хороонд уламжилжээ. /Хавтаст хэргийн 206-207-р хуудас/

Сонгуулийн Ерөнхий Хороо 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Саналын хуудасны тоог тогтоох тухай 180 дугаар тогтоолыг ирүүлсэн ба уг тогтоолын агуулга нь ...санал авах байруудад дутагдаж байгаа саналын хуудасны тоог хавсралтаар тогтоож дурдсан тоогоор хэвлэж санал авах байруудад хүргэх ажлыг зохион байгуулахыг аймаг, сумын сонгуулийн хороодод даалгасан байх боловч энэхүү тогтоол нь Улсын Их Хурлын сонгуульд хамаарах зохицуулалттайг гэрч Д.Бат-Эрдэнэ мэдүүлсэн байна. /хавтаст хэргийн 208, 226-227-р хуудас/

Мөн энэхүү тогтоол нь Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.11-д тухайн сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.8-д Хороо нь Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудасны загварыг батлах, түүнийг хэвлүүлэх, хуваарилах, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана... гэсэн үндэслэл, зохицуулалттайг дурдах нь зүйтэй байна.

Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны сонгууль зохион байгуулахтай холбоотой гаргасан шийдвэр нь тогтоол, зөвлөмж, албан бичгийн хэлбэртэй байна гэж зааснаас үзэхэд тус аймгийн Сонгуулийн хорооноос саналын хуудас хуулбарлан олшруулж санал авах талаар хуульд заасан хэлбэрээр ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй, харин Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар тогтоолыг Тосонцэнгэл сумын Сонгуулийн хороонд хүргүүлж, тус сумын Сонгуулийн хороо саналын хуудсыг 300 ширхэг хуулбарлан олшруулж тэмдэг дарж баталгаажуулан 28 саналын хуудсаар сонгогчдын санал авсан нь хуульд нийцээгүй байна. /Хавтаст хэргийн 90, 102, 133-137, 160-162, 208-р хуудас/

Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий хорооноос 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох тухай 182 дугаар тогтоолыг гаргаж уг тогтоолын 1 дэх заалтаар сумын сонгуулийн хороодоос хэвлүүлж санал авсан саналын хуудас болон түүнд тэмдэглэсэн саналыг хүчингүйд тооцсон, 2 дахь заалтаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэхь хэсэгт заасны дагуу ... санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын дүнг үндэслэж ...сонгуулийн дүнг нэгтгэх талаар дурдсан байна.

Энэхүү тогтоол нь Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16 цаг 02 минутанд эхэлсэн хуралдаанаар Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн дүнг хэлэлцэж батлах тухай асуудлаар хуралдаж байх явцад тус хорооны цахим шуудангийн хаягаар 16 цаг 44 минутанд ирсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 174-178, 209, 169-173-р хуудас/

Мөн дээр дурдсан агуулгаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 509 дүгээр албан бичгийг Завхан аймгийн Сонгуулийн хороо болон тус шүүхэд ирүүлсэн байна. /Хавтаст хэргийн 7, 219, 209,228-р хуудас/

Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэхь хэсэгт заасны дагуу санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг санал хураалтын дүн гэж үзэхээр байгаа тул Тосонцэнгэл сумын 12 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн нэхэмжлэгч Д.Уужимсанааг 2206 сонгогчийн, гуравдагч этгээд Л.Тунгалагийг 2200 сонгогчийн санал авснаар саналын дүнг гаргасан нэгтгэл хуульд нийцэж байна.

Харин Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13 дахь хэсэгт зааснаар техникийн тооллого /уг тооллогын дүнд хуулбарлан олшруулсан саналын хуудас тоологдсон/ хийсний дараагаар нэхэмжлэгч Д.Уужимсанаа нь 2216 сонгогчийн, гуравдагч этгээд Л.Тунгалаг 2219 сонгогчийн санал авснаар дүнг гаргасан нэгтгэлээр Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоол гарч, уг тогтоолын хавсралтын 16 дугаарт Л.Тунгалагийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон нь Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэхь хэсэгт заасан ...санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3 баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно, 99.5 санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.10-д Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна. гэж саналын хуудсанд тавигдах тусгай шаардлагыг хуульчилсан байгаа тул уг шаардлагыг хангаагүй хуулбарлаж олшруулсан саналын хуудсаар сонгогчдоос санал авч, уг саналыг санал хураалтын дүнд оруулан тооцсон нь уг хуулийн 84 дүгээр зүйлийн 84.14-т заасан хориглолтыг зөрчсөн байна.

Иймд Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Орон нутгийн хуралд сонгогдсонд тооцогдох нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгох тухай 15 дугаар тогтоолын хавсралтын Л.Тунгалагт холбогдох хэсэг нь хуульд нийцээгүй тул хүчингүй болгож, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл буюу санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээр 2206 сонгогчийн буюу 3 мандаттай тойргийн гуравдахь хамгийн олон санал авсан нэр дэвшигч Д.Уужимсанааг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох үндэслэлтэй байна.

Хариуцагч, гуравдагч этгээд, иргэдийн төлөөлөгч нараас хуулбарлан олшруулсан саналын хуудсаар сонгогчдын санал авсан тухайн сонгуулийн хэсэг дээр дахин санал хураалт явуулах нь зүйтэй гэж үзэж байх боловч Сонгуулийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар санал хураалтын дүнг хүлээн авсан сонгуулийн байгууллага өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээн дэх санал хураалтын дүнг нэгтгэж, нэгтгэсэн дүнг санал хураалтын дүнгийн хуудасны хамт дараагийн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлнэ. гэж заасны дагуу сонгуулийн дүн гарсан, мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй. гэж заасан байх тул дахин санал хураалт явуулах боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь тус сумын Улаантолгой багийн 33 дугаар хэсгийн хороон дээр хийгдсэн хяналтын тооллого хууль бус гэж маргаж байгаа боловч хэсгийн хороо нь тухайн хяналтын тооллогын дүнгээр бус санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээр нэр дэвшигчийн авсан саналын дүнг сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн, мөн 33 дугаар хэсгийн хорооны санал хураалтын ажиллагаа 20 цаг 59 минутанд хаагдсан баримт хэрэгт авагдсан байх боловч талууд үүн дээр маргаагүй, мөн тухайн хэсэгт явагдсан санал хураалтын ажиллагаа 07 цагт эхэлж 22 цагт хаагдсан гэж гэрч Д.Туяа, Я.Ундармаа, Ш.Батсайхан, Д.Ганцоож, О.Оюунцэцэг нар мэдүүлж байх тул шүүх эдгээр асуудлаар үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй байна. /хавтаст хэргийн 87, 100-107, 111, 113-р хуудас/

Гэрч Б.Ганболд нь шүүхэд дуудагдан ирсэн замын болон байрны зардал 55000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ зардал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн зардалд хамаарч байх тул мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар уг зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. /хавтаст хэргийн 26, 97-99-р хуудас/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.8, 84 дүгээр зүйлийн 84.10, 84.14, 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.3, 99.5, 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Орон нутгийн хуралд сонгогдсонд тооцогдох нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгох тухай 15 дугаар тогтоолын хавсралтын Л.Тунгалагт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Уужимсанааг Завхан аймгийн Иргэдийн ТөлөөлөгчдийнХуралд сонгогдсонд тооцсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хорооноос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уужимсанаад олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд дуудагдан ирсэн гэрчийн зардал 55000 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хорооноос гаргуулж Б.Ганболдод олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л. ТУНГАЛАГ

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

Ч.ЦЭНД-ОЧИР