Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 489

 

“О о” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н З даргад холбогдох

 захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                 Л.Атарцэцэг,                     

Шүүгчид:                               Б.Мөнхтуяа,

                                                Д.Мөнхтуяа,

                                                Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                      П.Соёл-Эрдэнэ,

Нэхэмжлэлийн шаардлага: “О-О” ХХК-иас өөрийн өмчлөлийн нийтийн дуудлага худалдаанаас худалдан авсан барилгуудын орчны газраа эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхийг даалгах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0459 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2018/0526 дугаар магадлалтай,

  Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0459 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “О-О” ХХК-ийн Н З даргад холбогдуулан гаргасан “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 1316 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 967 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхийн шийдвэрийг биелүүлж, “О-О” ХХК-иас өөрийн өмчлөлийн нийтийн дуудлага худалдаанаас худалдан авсан барилгуудын орчны газраа эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2018/0526 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0459 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч “О-о” ХХК-ийн захирал З.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг буруу хэрэглэж манай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4. Учир нь манай компани нь нийтийн дуудлага худалдаанаас авсан барилгын орчны газрыг нэмж эзэмшихээр газрын талбайн хэмжээ өөрчлөх хүсэлт гаргасан ба энэхүү газрыг нийтийн дуудлага худалдаагаар дуусаагүй барилгыг худалдан авах үед эзэмшүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхөөр мэдэгдэж байсан. Бид дээрх барилгыг дуудлага худалдаагаар авсан цагаас эхлэн орчны газраас эзэмшихээр хүсэлт гаргаж байсан байхад Нийслэлийн Засаг даргаас шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрсэн атлаа одоо дуудлага худалдааны анхны үнэ төлөх ёстой гэсэн нь үндэслэлгүй.

5. Энэ газарт манай барилгын цэвэр, бохир усны шугам, цахилгаан хангамжийн кабел шугам зэрэг манай өмчлөлийн зүйлс байрлаж байгаа, мөн дуусаагүй барилгын орц, гарц дайран өнгөрч байгаа зэргээс үзэхэд энэ газрыг эзэмших эрхтэй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт нь шинээр газар эзэмших хүсэлт гаргахад үйлчлэх бөгөөд дээрх тохиолдолд үйлчлэхгүй.

6. Нөгөөтээгүүр хэрэв дуудлага худалдааны анхны үнэ төлөх ёстой байсан ч 2018 оны тушаалаар батлагдсан хэмжээгээр төлөх үндэслэлгүй, газрын анх эзэмших хүсэлт гаргаж байсан үеийн үнээр төлөх ёстой байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хууль бус гэж үзэж байна.

7. Иймд Газрын тухай хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа тул  шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгч “О-О” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан өөрийн өмчлөлийн барилгын орчны газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

10. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/979 дүгээр захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд “986 мкв” газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд бодит байдалд захирамжид заасан хэмжээнээс илүү хэмжээгээр газар хашаалсан болох нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогджээ. Нэхэмжлэгчээс “барилгын орчны газар болох 1607 мкв газрыг нэмж эзэмших эрхтэй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

11. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал тарих зориулалтаар, эсхүл төсөвт байгууллагад газар эзэмшүүлэх зориулалтаас бусад зориулалт болон хуульд заасан хэмжээнээс илүү газар эзэмших тохиолдолд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг хэрэглэж газар эзэмшүүлэх журамтай байна. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөр зориулалттай буюу үйлчилгээний зориулалтаар газар эзэмшдэг, мөн хуульд заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан тул “1607 мкв” газрыг шууд эзэмших эрх үүсэхгүй, захиргааны байгууллагын “дуудлага худалдааны анхны үнэ төлөх” тухай шаардлага хуульд нийцсэн байна.

12. Нэхэмжлэгчийн “2002 онд дуусаагүй барилгыг худалдан авснаас хойш орчны газрыг эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч захиргааны байгууллага шийдвэрлээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2002 онд үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа газрын асуудлыг шийдвэрлүүлээгүй, тухайн хөрөнгийн орчны газар, барилга, түүнд хамааралтай инженерийн шугам сүлжээ хаагуур байрлах, орц, гарцын асуудлыг нэг мөр тогтоолгох боломжтой байсан,  тухайн үеийн шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, эрхээ сэргээлгээгүй, хожим 2013 оны захирамжаар газар эзэмших эрх үүсэхдээ ч орчны газрын асуудлыг шийдвэрлүүлээгүй байх тул ганцхан захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй юм.

13. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2003 оны 04 дүгээр сарын 30, 2004 оны 05 дугаар сарын 11, 2010 оны 08 дугаар сарын 20, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өргөдлөөр захиргааны байгууллагад хандаж байсан гэх боловч уг өргөдлийг захиргааны байгууллага хүлээн авсан тухай тэмдэглэл, нотлох баримт байхгүй учраас тухайн үед захиргааны байгууллагад хүсэлт гаргаж байсан гэдгийг нотолж чадахгүй байна. Түүнчлэн 2013 оны 10 дугаар сарын 30-нд газар эзэмшүүлэх шийдвэр гарах үед болон түүнээс хойш барилгаа чөлөөтэй ашиглах орчны газрыг шийдэж өгөөгүй асуудлаар шүүхэд хандаагүй байна. Харин нэхэмжлэгчийн 2015 оны хоёр өргөдлийг захиргааны байгууллага хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй, уг өргөдөл “барилга буцаан өгөх, зах зээлийн үнэлгээ шаардсан” гэсэн агуулгатай байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага гомдлыг хуульд заасан хугацаанд шийдээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байна.

14. “Барилгын орчны газрыг нэмж эзэмшихээр газрын талбайн хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасныг шинээр газар эзэмших хүсэлт гаргасантай адилтган үзсэн нь хууль бус” гэх гомдол нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд “шинээр газар эзэмших хүсэлт гаргасан” гэж тайлбарласантай зөрчилдөж байна. Нөгөө талаар Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар эхлээд газрын зөвшөөрөлд үндэслэж, олгогдсон газрын хэмжээнээс шалтгаалан барилгын зураг төсөл, орчны газрын төлөвлөлт, орон зайн ашиглалт хамаарах бөгөөд энэ хэргийн тухайд нэхэмжлэгч орчны газрын хэмжээг өөрөө шууд тогтоох эрхгүй, тухайлбал “1607 мкв” гэж газрын хэмжээг зааж маргаж байгаа нь үндэслэлгүй, захиргааны байгууллагын шалган тогтоох асуудал юм.

15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 967 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч хуулийн этгээдийн барилгын орчны газраа буюу гаднах талбайг эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, холбогдох асуудлыг шалгаж тодруулах шаардлагатай гэж дүгнэж байсан тул “дуудлага худалдааны үнэ төлөх болбол өмнөх шүүхийн шийдвэрийг зөрчих” тухай тайлбар үндэслэлгүй юм.

16. Энэ тохиолдолд захиргааны байгууллага өргөдлийг шийдэхгүй байгаа эс үйлдэхүй гаргаагүй, захиргааны байгууллага нэхэмжлэгчээс хууль бус шаардлага шаардаагүй, хэрэв нэхэмжлэгч газар нэмж эзэмших хүсэлтэй бол дуудлага худалдааны анхны үнэ төлөх үүрэгтэй, хэрэв орц, гарц шийдвэрлүүлэх хүсэлтэй бол холбогдох хуульд нийцүүлэн хүсэлт гаргах замаар эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой. Харин нэхэмжлэгчийн маргаж буй “газар доор манай инженерийн шугам сүлжээ байгаа” гэх үндэслэл нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд тухайн газрыг шууд эзэмшүүлэх үндэслэл болохгүй, өөрийн эзэмшил газартаа багатааж инженерийн шугам сүлжээ байрлуулах, бусдын газар дээр шугам сүлжээ байрлуулах бол холбогдох зөвшөөрлийг авах шаардлагатай. Нэхэмжлэгчийн тухайд анх барилга худалдан авахдаа газрын хил хязгаар, шугам сүлжээний асуудлыг нягтлан шалгаагүй, эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, дээр дурдснаар хуульд заасан эрх зүйн ач холбогдолтой цаг хугацаанд маргах эрхээ хэрэгжүүлээгүй тул үүсэх үр дагаврыг өөрөө хариуцах байна.

17. Нэхэмжлэгчийн “дуудлага худалдааны үнийг тооцохдоо газрыг анх эзэмших хүсэлт гаргаж байсан үеийн үнээр тооцох ёстой байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй” тухай гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн үндэслэл нь “дуудлага худалдааны үнийг төлөхийг зөвшөөрсөн” агуулгагүй, харин анхан шатны шүүх хуралдаанд “хэрэв дуудлага худалдааны үнэ төлөх бол газрыг анх эзэмших хүсэлт гаргасан 2003 оны үнэлгээгээр тооцуулах” тухай тайлбарласан, шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан захиргааны байгууллага хууль зөрчөөгүй талаар зөв дүгнэсэн байна. Нэхэмжлэгчийн шаардаж буй 2003 оны үнэлгээгээр газрыг нэмж эзэмшүүлсэн шийдвэрийг 2018 онд гаргахыг захиргааны байгууллагад даалгах эрх зүйн үндэслэлгүй, цаг хугацааны хувьд эерэг үр дагавар үүсгэх урьдчилсан нөхцөл тогтоогдохгүй байна.

18. Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0459 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2018/0526 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Л.АТАРЦЭЦЭГ      

 ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ