Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 0730

 

2017 оны 10 сарын 12 өдөр                   Дугаар 221/МА2017/0730                          Улаанбаатар хот

        

“Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч,

гишүүн Л.Б-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гишүүн Л.Б-гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг баримтлан “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гишүүн Л.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компанийн үүсгэн байгуулах бичиг баримтуудад оруулсан өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн хувьцааг иргэн Ц.Т 10, иргэн Л.Б 90 хувиар эзэмших талаар компанийн дүрэмдээ тусгасан, бүртгүүлэх өргөдөлдөө бичсэн, талууд энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрдөг гэж зөв дүгнэсэн.

Гэтэл хариуцагч цахим мэдээлэлдээ “Ж” ХХК-ийн хувьцааг иргэн Ц.Т, Л.Б нар 50, 50 хувиар эзэмшдэг мэтээр алдаатай мэдээлэл оруулсан байсныг үндэслэн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болов.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь дээр дурдсан алдаатай мэдээллээ залруулж зөвтгөснөө 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/904 тоот албан бичгээр мэдэгдсэн байхад шүүх анхаараагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийн дагуу “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн тухай мэдээлэлд Л.Б 90 хувь, Ц.Т 10 хувийн хувьцааг тус тус эзэмших талаарх өөрчлөлтийг оруулан бүртгэжээ.

Улмаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Б нь “... Ц.Т-т компанийн хурлаа хийе гэж мэдэгдсэн боловч ирээгүй учраас хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулж, компанийн үүсгэн байгуулах бичиг баримтуудад өөрчлөлт оруулсан..., хуульд заасан баримт бичгийг бүрдүүлсэн байхад хариуцагч өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй...” гэх үндэслэлээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компанийн үүсгэн байгуулах бичиг баримтуудад оруулсан өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Л.Б нь дангаар “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийж, уг хурлаар компанийн хаяг, хөрөнгийн хэмжээ болон компанийн бүх хувьцааг Л.Б 100 хувь дангаар эзэмших тухай өөрчлөлтийг компанийн дүрэмд оруулахаар шийдвэрлэсэн байх ба энэхүү өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасныг хариуцагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Учир нь Л.Б нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахдаа Компанийн тухай хуулийн 65, 68 дугаар зүйлд заасны дагуу хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигч болох гуравдагч этгээд Ц.Т-т мэдээлэх үүргээ биелүүлж, түүнийг хуралд оролцох боломжоор хангасан эсэхээ баримтаар нотолж бүртгэлийн байгууллагад ирүүлээгүй, тэрчлэн хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууддаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.4-т заасан “Иргэний хуульд заасан холбогдох гэрээ”-г хавсаргаагүй төдийгүй Л.Б нь ганцаар хуралдаж Ц.Т-ыг компанийн гишүүнээс хасч, “Ж” ХХК-ийн 100 хувийн хувьцааг дангаар эзэмших талаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан байх тул хариуцагч захиргааны байгууллага “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

             

ШҮҮГЧ                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН