Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/01151

 

Х.Дөрбетханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 278 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2016/00021 дүгээр магадлалтай,

Х.Дөрбетханы нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал /цаашид ИТХ гэх/-д холбогдох

Албан томилолтын зардал 1 102 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оноос эхлэн Ногооннуур сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хурлын дарга Д.Сайлаубек нь намайг гүтгэлгийн шинжтэй хэрэгт холбогдуулж буруутган 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хууль бусаар ажлаас чөлөөлж, уг шийдвэрийг Захиргааны хэргийн бүх шатны шүүх үндэслэлгүйг нь тогтоож, намайг ажилд эгүүлэн томилох тухай шийдвэр гаргаснаар би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дамжуулан урьд эрхэлж байсан ажилдаа томилогдсон. Сумын ИТХ-ын дарга нь дур мэдэн миний оронд өөр хүнийг томилон хууль бусаар ажиллуулснаас болж би 2015 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэл албан томилолтоор ажилласан томилолтын мөнгийг авч чадаагүй. ИТХ-ын дарга Д.Сайлаубек уг мөнгийг оны эцсээр өгнө гэж хэлсэн ч 2015 оны эцэст 2016 он гараад өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд томилолтоор ажилласны зардал 1 102 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ногооннуур сумын ИТХ-ын 2015 оны төсөвт албан томилолтын зардалд 1 076 000 төгрөг, шагнал урамшуулалд 3 200 000 төгрөг батлагдаж ирсэн ч албан томилолтод 575 700 төгрөг зарцуулах эрх олгосноос 348 000 төгрөгийг Х.Дөрбетхан, 199 700 төгрөгийг сумын ИТХ-ын дарга миний бие, 28 000 төгрөгийг нягтлан бодогч К.Жамалхан нар тус тус албан томилолтын зардалд авсан. Иймд Х.Дөрбетхан нь хаанаас ямар албан томилолтын мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Би Улаанбаатар хотод удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцохоор явсан томилолтын мөнгө ч гэсэн аваагүй. 2015 онд Ногооннуур сумын ИТХ-ын албан томилолтын зардалд 575 700 төгрөг хуваарилагдаж ирсэн гэдгийг нягтлан бодогч К.Жамалхан тодорхойлолт гаргаж өгсөн. Иймд нэхэмжлээд байгаа албан томилолтын мөнгийг төлөх ямар ч боломжгүй гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 278 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11., Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүүгээс албан томилолтын зардал 1 102 000 /нэг сая нэг зуун хоёр мянга/ төгрөгийг гаргуулан Х.Дөрбетханд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүүгээс 30 998 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Дөрбетханд олгож шийдвэрлэжээ. 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2016/00021 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 278 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.-т заасныг баримтлан” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1.-т заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч төсвийн байгууллага давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүйг нотлох баримтаар тогтоогдсоор байхад хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт хийсэн.

- 2015 онд Ногооннуур сумын ИТХ-д 1 076 000 төгрөг төсөвлөгдсөнөөс албан томилолтын 575 700 төгрөг байгууллагын дансанд шилжиж ирснээс нарийн бичгийн дарга Х.Дөрбетханд 348 000 төгрөг олгож, түүний томилолтоор явсан гэх 1 102 000 төгрөгийг 2015 онд төлөх санхүүгийн боломж байгаагүй, 2016 онд албан томилолтын төсөвт 686 100 төгрөг тусгасан.

- Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.1.4.-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн”, 16.5.-т “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хурал төсөвтэй байх бөгөөд түүний хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна” гэж тус тус заажээ. Ногооннуур сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нь тухайн хурлын төсвийн зарцуулалтын 1 дүгээр гарын үсгийг 2 дугаар гарын үсгийг нябо К.Жамалхан нар зурж байсан. 2015 оны жилийн эцэст сумын ИТХ-ын төсөвт хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байвал албан томилолтын зардлын мөнгийг Төрийн сангаас авах нь Х.Дөрбетханы бүрэн эрхэд хамаарна.

- Х.Дөрбетханы төсвийг зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх буюу дээр дурдсан хуулиудад зааснаар хариуцагч ямар нэгэн саад хийгээгүй. Өөрөөр хэлбэл миний буруутай үйл ажиллагааг нэхэмжлэгч нотолж чадаагүй тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.           

Нэхэмжлэгч Х.Дөрбетхан нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан 2015 оны 3 дугаар сараас 12 дугаар сарын хооронд албан томилолтоор ажилласан зардал 1 102 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сумын төсөвт тусгагдсан албан томилолтын зардал зарцуулагдсан гэсэн үндэслэлээр маргажээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал Х.Дөрбетханыг 2015 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд томилолтоор ажиллуулсан болох нь албан томилолтын хуудас, тухайн үед гаргасан Х.Дербетханы нэхэмжлэх, уг нэхэмжлэх дээр холбогдох зардлыг олгох талаар Хурлын дарга Д.Сайлаубек цохолт хийсэн баримтуудаар тогтоогдсон байх тул Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., 29.2.1.-д зааснаар нэхэмжлэлийг хангасан шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Төрийн албан хаагчид албан томилолтын зардлыг нөхөн төлөхийг Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., 29.2.1.-д заажээ. Төсөвт батлагдсан албан томилолтын зардал зарцуулагдсан байдал нь албан томилолтоор ажилласан төрийн албан хаагчийн нөхөн төлбөр авах эрхийг хязгаарлах үндэслэлгүй юм.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монголд Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 212/ШШ2016/00021 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Сайлаубекийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА