Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/202

 

 

 

 

 

 

   2023            2             15                                       2023/ДШМ/202

 

 

Ч.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярчимэг,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 15ны өдрийн 2022/ШЦТ/887  дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Баярчимэгийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар эсэргүүцлээр Ч.Мт холбогдох эрүүгийн 2011005671283 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хулд овгийн Ч.М, 1971 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүгийн хамт, ........................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: .........................../;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 19/420 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан,

Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Т.Эзээл гаргуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Аж ахуй гэх газарт байх 2406 м.кв газрыг бусдад барьцаалах эрхийг итгэмжлэн авч улмаар Д.Ггэгчид өөрийн 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьж хохирогч Т.Э58.104.900 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Ч.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ч.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Мт холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Мээс нийт 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Батбүрдийн 54-57 тоотод оршин суух, Т.Э /РД:МБ86032311/-д олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Прокурор Б.Баярчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээ их буюу тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгт хүрээгүй гэх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй юм. Учир нь хохирогч Т.Эзалилуулсан гэх Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Аж ахуй гэх газарт байх 2406 м.кв газрыг “Дамно” ХХК нь 58.104 900 төгрөгөөр үнэлсэн баримт хавтаст хэргийн 206-216 дугаар хуудсанд авагдсан байтал мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Э нь дээрх газрыг бусдын хууль бус өмчлөлөөс чөлөөлөхөд зарцуулсан 15.000.000 төгрөг буюу гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасантай нийцээгүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Мийн үйлдэл нь хохирогч Т.Эаас 58.104.900 төгрөгийн үнэ бүхий газрыг залилж авснаар төгссөн байхад хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан зардал буюу хор уршгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэн зүйлчлэл хөнгөрүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн шүүх дээрх байдлаар дүгнэж, шийдвэр гаргахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь яагаад 58.104.900 төгрөг биш 15.000.000 гэж үзсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/887дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.  ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Ч.М нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Т.Эзээл гаргуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, аж ахуй гэх газарт байх 2406 м.кв газрыг бусдад барьцаалах эрхийг итгэмжлэн авч улмаар Д.Ггэгчид өөрийн өмнө зээлсэн байсан 20.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, хохирогч Т.Э15.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            хохирогч Т.Э“...2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр би Ч.Мт өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, аж ахуй /хуучин 22 товчоо/ Well супермаркетын ертөнцийн зүгээр зүүн хойд талд байрлах 2406м2 га газрыг барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл хийж өгсөн. Ингээд миний хийж өгсөн итгэмжлэлийг Мөнгөнчимэг авч яваад зээл авах гэтэл урьд нь өртэй байсан хүнтэйгээ таараад миний бичиг баримтыг өрийн барьцаанд өгчихсөн байсан. ...Ч.М надад зээл гаргаж өгөхөөр газрын гэрчилгээг аваад үлдсэн. Би Мөнгөнчимэгээр 5-10 сая төгрөгийн зээл авахуулах гээд бичиг баримтаа өгсөн. Мөнгөнчимэг надад зээл авч өгсний хариуд зээлсэн мөнгөнөөс 1-2 сая төгрөг хэрэглэчихээд буцааж өгье гэж хэлсэн. Мөнгөнчимэг зээл авсан, гэхдээ мөнгө нь орж ирээгүй байна гэж хэлсэн. Мөнгөнчимэг хүнээс 20.000.000 төгрөг зээлсэн байсан бөгөөд мөнгө зээлсэн хүн нь Мөнгөнчимэгээс зээлийн барьцаа нэхэмжлээд байх үед нь би бичиг баримтаа өгч таарсан байсан. Мөнгөнчимэг авсан зээлийнхээ барьцаанд миний бичиг баримтыг тавьсан байсан. ...” /1хх 35-36/, “...Би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Д.Ггэх хүнээс өөрийн 000717200 дугаарын гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15.000.000 төгрөгөөр авсан. Уг 15.000.000 төгрөг нь Ганчимэгийн Мөнгөнчимэгт зээлдүүлсэн 20.000.000 төгрөгөөс суутгаж өгсөн бөгөөд Ганчимэг үлдсэн 5.000.0000 төгрөгийг Мөнгөнчимэгээс авахаар тохиролцсон. Би Ганчимэгээс газар эзэмших эрхийн гэрчилгээ худалдаж авсан 15.000.000 төгрөгийг Мөнгөнчимэгэс гаргуулж авах хүсэлтэй байна. ...” /1хх 188/

            гэрч Д.Г“...Мөнгөнчимэг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Солонгос улсаас гоо сайхны тариа тарих гэж байгаа юм гэж надаас 20.000.000 төгрөг зээлж би уг мөнгийг Мөнгөнчимэгийн Хаан банкны данс руу хийж байсан. Би түүний гоо сайхны үйлчилгээ явуулж байгаа гэх Чингэлтэй дүүргийн тамгын газрын урд байрлаж ажиллаж байгаа гэх газрыг очиж уулзтал жижигхэн газар байхаар нь би найдваргүй байж магадгүй гэж бодоод та надад зээлсэн мөнгөндөө барьцаа гаргаж өг гэсэн. Ингээд надтай уулзаад манай хуурай дүү газраа барьцаанд тавиад зээл авч болно гэж байна” гэж хэлсэн юм. Тэгээд Мөнгөнчимэг 0000717200 дугаартай газрын гэрчилгээтэй ирээд нотариат ортол эзэмшигчийн итгэмжлэл байх хэрэгтэй байгаа гээд хуурай дүү рүүгээ яриад Эрдэнэбаяр Дархан хотоос өөрийн итгэмжлэлээ Улаанбаатар хотод байрлах 288 дугаар нотариатчаар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээ батлуулсан. Ингээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, аж, ахуйн /хуучин 22 товчоо/ задгай хотод байрлах 2406 м2 га газрыг зээлийн барьцаанд тавьсан. Мөнгөнчимэг зээлийн 2018 оны 3 сарын хүү төлөөд сураггүй алга болсон. Зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа. ...”                 /1хх 41-42/,

            гэрч Р.Эрдэнэцэцэгийн “...2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Лет форекст ББСБ-ын байранд байрлах нотариатад байхад Мөнгөнчимэг, Ганчимэг гэх хүмүүс ирж 000717200 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалж зээл барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрчилгээ нь Эрдэнэбаяр гэх хүний нэр дээр байсан ба Эрдэнэбаяр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Ц.Энхтүвшин /107 тамганы дугаартай/ хувь хүмүүс зээл авах, зээл барьцааны гэрээнд гарын үсэг зурж 3 сарын  хугацаатай итгэмжлэл хийлгэснийг үндэслэн зээл барьцааны гэрээ баталсан. /1хх 190/,

            шүүгдэгч Ч.Мийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол мөнгө яаралай төлж барагдуулах болно. ...” /1хх 231/ гэсэн мэдүүлгүүд,

            Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хуучин 22 товчоонд байрлах 2406 м2 га газрыг 2019 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар 58.104.900 төгрөгөөр үнэлэв”. /1хх 207-219/,

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны газрын гэрчилгээ /1хх 29/,

            Д.Ганчимэг, Ч.М нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ /1хх 30/, Д.Ганчимэг, Ч.М нарын хооронд байгуулсан  зээлийн гэрээ /1хх 31/,

            итгэмжлэл: “Т.Э нь 1868309537003 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 2406м2 га газрыг Ч.Мт барьцаанд тавихад зөвшөөрч байгаа нь үнэн болно.” /1хх 33/,

Ч.Мийн Хаан банкны дансны хуулга /1хх 69-90/, Хишигээ гэх хүнээс Мөнгөнчимэгийн Хаан банкны данс руу 11.000.000 орлого орсон баримт /1хх 100/,        Д.Г Хаан банкны дансны хуулга /1хх 93-99/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Ч.Мийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

   Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ч.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, гэм буруутайд тооцсоныг үндэслэлтэй гэж үзсэнгүй. Учир нь:

Хэдийгээр хохирогч Т.Э2406 м.кв бүхий газар нь 58 104 900 төгрөгөөр үнэлэгдсэн боловч уг газар 20.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавигдсан бөгөөд өмчлөгч нь Т.Э хэвээрээ, бусдын эзэмшилд очоогүй, барьцаанд тавьсан гэрчилгээг буцааж авсан байна. Хохирогчид бодит учирсан 15.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж,

            мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” бол гэж заажээ.

            2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2011005671283 дугаартай прокурорын тогтоолоор Ч.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан /1хх 225-226/ байна.

            Өөрөөр хэлбэл, Ч.Мийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татжээ.

            Иймд шүүхээс Ч.Мт холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж дүгнээд, прокурор Б.Баярчимэгийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны 2022/ШЦТ/887 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны 2022/ШЦТ/887 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Б.Баярчимэгийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ОЧМАНДАХ

                       

ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ