| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0614/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 06
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар Д.Тунгалаг,
улсын яллагч Д.Оюунгэрэл,
хохирогч Ц.Сундуй,
шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О Г холбогдох 1711000000161 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард Аюуш 25-3 гудамжны 54 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгээр 10 жил 1 cap хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр эдлээгүй үлдсэн 01 жил, 08 cap, 04 хоногийн ялаас суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О Г /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч О.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Гнь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах Булагийн 1-57 тоотод оршин суух хохирогч Ц.Сундуйгийн гэрийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Тошиба брэндийн зурагт, Нокиа брэндийн гар утас, чемодантай хувцас зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 551.000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар хэргийн газраас зугтах зорилгоор хохирогч Ц.Сундуйгийн нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь баруун, зүүн дээд 2-р шүднүүдийн булгарал, зүүн сарвууны зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч О.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хүчит шонхор захын ард талд хэсэг хүмүүстэй архи ууж байгаад архины мөнгө олдохгүй болохоор нь би архины мөнгө олоод ирье гэж хэлээд Хүчит шонхор захын урд хаалган дээрээс боронзон бор өнгийн жижиг маркийг нь сайн мэдэхгүй, аксент маркийн машинтай төстэй такси түрээслээд Нарантуул-2 захын урд талын айлуудын голоор явж байгаад нэг монгол гэрийн хаалга нь түгжээтэй байхаар нь таксины жолоочид гэрээсээ эд зүйл гаргаад ирье манайх нүүж байгаа юм гэж хэлээд гэрийнх нь хаалганы цоожийг хүчтэй татахад онгойчихсон. Тэгээд гэр дотор нь ороод хойморт нь байсан зурагтыг гэрээс нь авч гарч хашаан дотор нь тавиад хувцастай 2 ширхэг цүнхийг таксины жолоочид гэрээ нүүж байна гэж харуулах гээд аваад эхлээд 2 чемодантай цүнхээ таксины хажууд тавиад буцаж ороод зурагтаа тэврээд гарч ирж байхад гэрийн эзэн гэх нэг залуу ирээд хөөе юу болж байгаа юм бэ гэж орилохоор нь би гараад зугтаачихсан. Тэгээд эргээд хартал такси хөдлөөд явж байсан. Миний араас гэрийн эзэн хөөгөөд намайг хэдэн хүмүүсээр бариулсан. Намайг гэрийн эзэн барьж зогсоод тавихгүй болохоор нь би нүүрэн тус газар гарынхаа тохой хэсгээр цохиод зугтаах гэхэд хэдэн хүмүүс намайг барьж аваад явуулалгүй шонгийн модонд хүлж байгаад цагдаа дуудаад намайг барьж өгсөн. Би түрээсэлж явсан таксиныхаа дугаарыг сайн хараагүй... жолоочийг нь урьд танидаггүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
хохирогч Ц.Сундуйн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр... би гэртээ ганцаараа үлдсэн юм. 10 цагийн үед байх хөрш айлын хүн болох Өлзий "Манайх хашаандаа гүйдэг хаалга хийж байгаа юм та туслаад өгөөч" гэхээр нь би очоод ажил хийлцэж байгаад 10:30 цагийн үед байх... би дэлгүүр орох гэж явж байтал манай хашааны үүдэнд бор хүрэн өнгийн жижиг суудлын тэрэг зогсчихсон манай хүүхдүүдийн хувцасны чемодан нь машины хажууд байхаар нь би хулгайч нар хулгай хийж байна гэж бодоод гүйж очоод тухайн машины урд нь очиж зогсоод та нар юу хийж байгаа юм бэ гэж хэлэхэд машины жолоочийн суудалд сууж байсан 20-25 орчим насны богино халимаг үстэй залуу шууд машинаа асаагаад намайг дайрах шахаад яваад өгсөн.
Тэгээд би хашаа руу орсон чинь манай хашаанд манай гэрт байсан 39 инчийн хавтгай зурагтыг гаргаж тавьчихсан гэр дотроос нэг залуу гүйгээд гараад ирэхээр нь хойноос нь хөөгөөд гудамжинд байсан хүмүүсээр бариулаад зогсож байхад нөгөө залуу зугтаах гэж оролдоод мний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон юм... Мөн манай охины том болон жижиг хэмжээтэй, дугуйтай хоёр чемоданыг хашааны гадаа гаргаж хаясан байсан. Дотор нь хувцас байсан юм... эдгээрээс гадна Нокиа 1680 маркын миний хуучин гар утас алдагдсан...
Хулгайч миний нүүрэн тус газар цохиод миний 45.000 төгрөгийн хиймэл шүдийг газар унагааж алга болгосон... Дээрх эд зүйлүүдээс би хоёр чемодан болон хувцаснуудыг хүлээж авсан. Зурагтыг хүлээж авсан боловч дэлгэцийн тал нь гарахгүй эвдэрсэн байна. Тийм учраас 699.900 төгрөгийн үнэтэй зурагт, 40.000 төгрөгийн үнэтэй гар утас, 45.000 төгрөгийн үнэтэй хиймэл шүдийг нэхэмжилж байна... Би эд хөрөнгөнөөсөө гадна эрүүл мэндээрээ хохироод нэг шүд мань хүртэл унасан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 23-24х/,
гэрч Д.Өлзийбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “ ... Сундуйг гэрээс нь дуудаж бид хоёр манай хашааны хаалгыг угсарсан юм... би Сундуй ахыг та тамхинд яваад ирээч гэж тамхинд явуулаад... ойролцоогоор 5 минутын дараа байх Сундуй ах "Өлзий" гээд орилохоор нь хашаа даваад орсон чинь хашааныхаа ар талд Сундуй ах нэг залууг барьчихсан хамар амнаас нь цус гарчихсан зогсож байсан. Би барилцаж зогсож байхаар нь зодолдож байгаа юм болов уу гэж яваад очсон чинь манай гэрээс эд зүйл хулгайлж байсан хулгайч байна чи гэрт ороод уяа аваад ир гэхээр нь би гэр лүү нь ороод уяа авч ирээд Сундуй ах бид хоёр тэр залууг шонгийн модонд уяад тэгээд цагдаа дуудсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
гэрч Н.Лхагваагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30х/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд /хх-ийн 5-6х, 10-11х/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12957 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33х/ эд зүйлийн үнээлгээ /хх-17-19х/, барьцааны гэрээ, хиймэл шүдний үнэлгээ /хх-ийн 83, 86х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд О.Гийг амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлтээр хүний байнга амьдрах орон байранд нэвтрэн эд зүйлийг нь хулгайлсан, улмаар хулгайн үйлдлийг нь таслан зогсоох гэсэн гэрийн эзэн хохирогч Ц.Сундуйг цохиж биед хөнгөн гэмтэл учруулсан зэрэг гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Сундуйн гэмт хорын хохиролд нийт 859.900 төгрөг нэхэмжилсэн байх ба үүнээс түүний эрүүл мэндэд учирсан хохирол болох баримтаар тогтоогдож буй 120.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид оргох нь зүйтэй байна. Харин хулгайн гэмт хэргийн 39 инчийн “Тошиба” зурагт эвдэрсэн гэж нэхэмжилж буй 699.900 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжилэх эрхийг нь нээлттэй үлдээв. Учир нь уг зурагтын гэмтлийг тодорхойлсон баримтгүй байна.
Энэ гэмт хэргийн хулгайн гэмт хэргийн эд зүйлүүдийг шүүгдэгч нь гэмт хэрэг хийх үедээ гэрийн эзэн хохирогч Ц.Сундуйд баригдсан байх ба буцаан өгсөн байна. Харин алдагдсан “Нокиа” маркийн гар утсыг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь нэхэмжлэхээс татгалзсан болно.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Оюунчимэгийн Ганзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2 Шүүгдэгч О.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч О.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 50 хоногийн хорих ялд шилжүүлэн, нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 2 /хоёр/ жил 50 /тавь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг журамлан О.Гийн цагдан хоригдсон нийт 72 /далан хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Гт шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жил 50 /тавь/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Гоос нийт 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сундуй /РД:ОО72012014/-д олгосугай.
7. Хохирогч Ц.Сундуйн энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч О.Гийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ