Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/203

 

 

 

 

 

 

    2023          2              15                                      2023/ДШМ/203

                                                       

 

 

Б.Э, Т.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч А.Сэлэнгэ,

           нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/1815 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, Т.Мнарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Э, Т.Мнарт холбогдох эрүүгийн 2206022113204 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Борзон овгийн Б.Э, 1978 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт                  ................ тоотод түр оршин суух, /РД:....................../;

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

  1. Алиа овгийн Т.М. 1979 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа барилгын бохирын шугам тавьдаг компанид туслах ажилтай,  ам бүл 6, эх, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:........................../;

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 381 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Шүүгдэгч Б.Э нь:

2021 оны 12 дугаар сард Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан Халиун буга эр, эм бодгалийн түүхий эд болох 2 ширхэг чивийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Цайз захын орчмоос худалдаж авсан,

2021 оны 12 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан Халиун буга эр, эм бодгалийн түүхий эд болох 2 ширхэг чивийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 7а-58 тоотод хадгалсан,

Шүүгдэгч Б.Э, Т.Мнар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн:

2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан Халиун буга эр, эм бодгалийн түүхий эд болох 2 ширхэг чивийг “Хүннү төрт соёмбо групп” ХХК-ийн өмчлөлийн 37-65 УНЧ улсын дугаартай М.Миникаб загварын тээврийн хэрэгслээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул худалдааны төв хүртэл тээвэрлэсэн,

мөн Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан Халиун буга эр, эм бодгалийн түүхий эд болох 2 ширхэг чивийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул худалдаан төвийн авто зогсоол дээр 37-65 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос худалдаалахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Э, Т.Мнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Борзон овогт Б.Э, Алиа овогт Т.М нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 заалтад заасан “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, худалдахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгч Борзон овогт Б.Эг “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эд 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Т.Мд 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э, Т.Мнар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд тус тус биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд 1, 2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох “Mitsubishi Minicab” маркийн 37-65 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 8.075.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 4.037.500 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Т.Мэс 6.708.333 төгрөг, шүүгдэгч Б.Эгаас 13.416.667 төгрөгийг тус тус гаргуулан нийт 20.125000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 830 грамм, 1190 грамм, нийт 20.20 грамм жинтэй ховор амьтны түүхий эдийн зүйл болох Халиун бугын 2 ширхэг чивийг зориулалтын дагуу холбогдох журамд зааснаар эрдэм шинжилгээ, судалгаанд ашиглахыг Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнд зөвшөөрч үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө гэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э, Т.Мнар хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч Т.Мтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Э, Т.Мнар хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдэхдээ ховор амьтны жагсаалтад багтсан Халиун буга эр, эм бодгалийн түүхий эд болох 2 ширхэг чивийг тээвэрлэсэн, худалдахыг завдсан үйлдэл дээр бүлэглэн оролцсон байна. Харин шүүгдэгч Б.Э нь худалдан авсан, хадгалсан үйлдлийг ганцаараа хийсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э тус гэмт хэргийн объектив талын 4 шинж буюу худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдахыг завдсан. Харин шүүгдэгч Т.Мнь тээвэрлэсэн, худалдахыг завдсан үйлдэл тус тус хийсэн байна гэж дүгнээд Т.Мэс 6.708.333 төгрөг, Б.Эгаас 13.416.667 төгрөгийг тус тус гаргуулан нийт 20.125.000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай гэж шийтгэх тогтоол гаргасан.

Б.Э би тухайн бугын чивийг 2021 онд худалдаж аваад хадгалж байсан,  мөн Т.Мтэй хамт бусдад зарах гэж байсан нь үнэн боловч цагдаагийн байгууллагын ажилтны гэмт хэрэгт турхирсан хууль бус өдөөн хатгалын улмаас уг ховор амьтны жагсаалтад багтсан Халиун буга эр эм бодгалийн түүхий эд болох хоёр ширхэг чивийг худалдах зорилготой авч яваад энэхүү ажиллагааг зохион байгуулсан дээрх цагдаа нарт баригдсанаар эрүүгийн хэрэг үүсэж, шалгагдаж бусдаас худалдаж авсан зүйлийг хадгалсан гэх гэмт хэрэгт тооцох, гэмт санаа зорилго, хүсэл эрмэлзэл байхгүй боломжгүй, агнахыг хуулиар хориглосон ховор амьтны түүхий эд болох чивийг хадгалах нь хууль бус шинжтэй боловч тухайн амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж түүхий эд бэлтгэсэн гэдгийг мэдсээр байж өөр зориулалтаар ашиглах зорилгоор удаан хугацааны турш хадгалж байсан гэх гэмт санаа зорилго бидэнд байгаагүй, дээрх бугыг Б.Э миний бие агнаагүй байхад агнасан гэж шүүх буруу дүгнэсэн. Харин Т.Мминий 86863556 дугаарын гар утсанд удаа дараа бугын чив авна зараач гэх зэргээр холбогдож Цагдаагийн байгууллагын ажилтан худалдан авагч болон зохион байгуулж гэмт хэрэгт татан оролцуулсан. Хавтаст хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж худалдан авсан цагдаагийн байгууллагын ажилтныг шалгаагүй. Гэсэн хэдий ч одоо гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 2022/ШЦТ/1815 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э, Т.Мнарын өмгөөлөгч А.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугийн асуудалд маргахгүй. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ялын талаар өөрчлөлт оруулах саналтай орж ирсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан байдаг. Шүүгдэгч Б.Э, Т.Мнар нь анхан шатны шүүх дээр өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргээс учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээг 2 жилийн хугацаанд нөхөн төлүүлэхээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын хувьд мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх явцад хохирлоо нөхөх төлөөгүй. Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож байсан атлаа хэргийнхээ талаар ойлгохгүй байна гэсэн байдалтай, гэм буруу дээрээ маргаж оролцож байсан. Энэ байдлаас нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн. Ийм учраас оролцогч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 1815 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Э нь ховор амьтны жагсаалтад багтсан Халиун буга эр, эм бодгалийн түүхий эд болох 2 ширхэг чивийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Цайз захын орчмоос худалдаж авсан,

мөн 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 7а-58 тоотод хадгалсан,

шүүгдэгч Б.Э, Т.Мнар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 37-65 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул худалдааны төв хүртэл тээвэрлэсэн,

мөн Нарантуул худалдаан төвийн авто зогсоол дээр 37-65 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос худалдаалахыг завдсан болох нь:

           хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т“...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэхийг хүсэж байна.  Шинжээчийн дүгнэлтэд Халиун бугын эр, эм бодгаль байгааг тодорхойлсон байгаа нь дээрх хуулийн зохицуулалтаар нийт 28.000.000 төгрөгийн нөхөн төлбөр төлөгдөхөөр байна. Хэрэгтэй холбоотой маргаантай зүйл байхгүй. ...” /1хх 43-44/,

           шүүгдэгч Б.Эгийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сард Цайз захын орчим явж байхад нэг залуу 200.000 төгрөгөөр бугын чив гэдэг зүйл зарна гэхээр нь худалдаж авсан. Түүнийг гэртээ хадгалж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр найз Т.Мтэй хамт Нарантуул худалдаан төв орж зарахаар болсон. Маргад-Эрдэнэ манай гэрийн гадна ирээд бид хоёр Нарантуул худалдааны төв орж нөгөө залуугаас авсан бугын чив гэх зүйлээ зарахаар явж байгаад цагдаад баригдсан. Тухайн зүйлийг эрэгтэй хүнд сайн гэхээр нь тухайн үед худалдаж авсан боловч дараа нь мөнгөний хэрэг гараад зарахаар авч явсан юм. ...” /1хх 190/

           шүүгдэгч Т.Мяллагдагчаар өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б.Этай утсаар яриад Нарантуул худалдааны төв орохоор болсон. Энх-Амгаланг Улаанхуарангийн тэнд байдаг гэрээс нь очиж авах үед тортой бугын чив гаргаж ирсэн бөгөөд түүнийг аваад Нарантуул худалдааны төв орсон. Нарантуул худалдааны төв дээр очоод зарах гээд хүмүүсээс чив худалдаж авдаг хүн байна уу гээд асууж байгаад цагдаад баригдсан. ...” /1х 198-199/ гэсэн мэдүүлгүүд,

           Биологийн хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 2 /гурван хэсэг/ ширхэг чив гэх дээж нь нэг зүйл амьтан буюу Халиун буга /Cervus elaphus/-н эр, эм бодгалийнх болохыг тодорхойлов.  Халиун буга нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор зүйл бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад “Анхааралд өртөхөөргүй” болон манай оронд “устаж болзошгүй” зэрэглэлд багтдаг. Шинжилгээнд ирүүлсэн эдүүдээс агнагдсан байдлыг тогтоох боломжгүй. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болон “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр эр бодгаль 6.600.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байдаг. ...” /1хх 65/ гэх дүгнэлт,

           тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...37-65 УНЧ улсын дугаартай Mitsubishi minicab маркийн тээврийн хэрэгсэл нь “Хүннү төрт соёмбо” ББСБ-ийн нэр дээр бүртгэлтэй, тээврийн хэрэгсэл дотор Ger plaza түүний доод хэсэгт сэтгэл ханамжтай амьдарцгаая гэсэн бичиглэл бүхий гялгар уутны дотор амьтны түүхий эд /Бугын чив/-ийн хамт жинлэж үзэхэд 2.120 грамм, түүний доторх цэнхэр өнгийн судалтай гялгар ууттай амьтны түүхий эд /Бугын чив/ 830 грамм, шаргал өнгийн нийлэг /гялгар уут/ материалтай ууттай, түүний дотор талд цэнхэр өнгийн суудалтай нийлэг  /гялгар уут/ материалтай ууттай түүхий эд /Бугын чив/ 1.255 грамм. ...” /1хх 8-17/

           “Хос Итгэл төгс” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/40 дугаар Хөрөнгө үнэлгээний тайлан “...37-65 УНЧ улсын дугаартай Mitsubishi minicab” тээврийн хэрэгслийг 8.075.000 төгрөгөөр үнэлэв. ...” /1хх 80-86/

           мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1хх 52/,

           Т.М“Хас банк”-ны 5004358494 дугаарын /1хх 127-132/, Хаан банкны 5301714598 дугаарын дансны хуулга /1хх 127-132, 134-169/ 

           “ХTS” группын 2022.10.19-ний өдрийн 22/61 дугаар албан тоот /1хх 203/,

Т.М,  Б.Э нарын цалингийн тодорхойлолт /1хх 239-240/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Э, Т.Мнарыг бүлэглэн “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, худалдахыг завдсан, шүүгдэгч Б.Эг “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Э, Т.Мнар “...гэм буруугийн талаар маргах зүйлгүй, иймд оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай нийцэж, тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд нь байгалийн тэнцэл алдагдах, үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд бодит аюул учруулж байдаг, нийгэмд аюултай, өргөн тархсан хууль бус үйлдлүүдийн нийлбэр бөгөөд энэхүү гэмт явдлын бүрэлдэхүүнд хууль бусаар ан агнах гэмт хэрэг багтдаг.

Халиун буга эр, эм бодгалийн түүхий эд болох 2 ширхэг чив” нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан ба халиун бугын эр, эм бодгалийн нөхөн төлбөр болох 28.000.000 төгрөгийг шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн хэр хэмжээ, оролцоог харгалзан ялгамжтай төлөхөөр хуваан шийдвэрлэсэн нь зөв байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 7000 нэгжтэй тэнцэх буюу 7.000.000 төгрөгөөр, шүүгдэгч                        Т.Мд 6000 нэгжтэй тэнцэх буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн бөгөөд уг ял нь торгох ялын доод хэмжээтэй, уг ялыг 2 жилийн хугацаан төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Иймээс “...торгох ялыг багасгаж өгөхийг...” хүссэн шүүгдэгч Б.Э, Т.Мнарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Т.Мд 6000 нэгжтэй тэнцэх буюу                6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан хэрнээ хаалтан дотор /4 сая/ гэж тогтоох хэсгийн 2 дахь заалтад зөрүүтэй бичсэн алдаа байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/1815 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, Т.Мнарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ

                                   ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ        

                                   ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

                 ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ