Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/293

 

  

 

Г.Б, М.Ц, А.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Буянхишиг,

шүүгдэгч Г.Б-ын  өмгөөлөгч Д.Лхагвадорж,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан, 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-ын  өмгөөлөгч Д.Лхагвадорж давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Г.Б, М.Ц, А.М нарт холбогдох эрүүгийн 2209000000896 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан;

2. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

3. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Б, М.Цнар нь 2022 оны 3 дугаар сарын 23-аас 2022 оны 4 дүгээр сарын 27-ны хугацаанд бусадтай бүлэглэн  учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж,нэр бүхий 13 иргэний тээврийн хэрэглслийн цонхыг хагалж, нийт 5,571,400 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд,

шүүгдэгч А.М нь өсвөр насандаа 2022 оны 3 дугаар сарын 23-аас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний хугацаанд бусадтай бүлэглэн  учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, А.Э, Ц.Г, Б.Ч, Ж.Т нарын 4 иргэний тээврийн хэрэглслийн цонхыг хагалж, нийт 1,631,000 төгрөгийн эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Шүүгдэгч М.Ц, Г.Б, А.М нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Бт 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял, М.Цд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М-д ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.5-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б, М.Ц, А.М нараас хохирол, хор уршигт тооцон тус шүүхийн Тамгын газрын 100900005406 дансанд шилжүүлэн байршуулсан 4.871.200 /дөрвөн сая найман зуун далан нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Бад 288.000 төгрөг, хохирогч Б.Х-т 312.000 төгрөг, хохирогч Ц.П-д  288.000 төгрөг, хохирогч П.Б-д 551.000 төгрөг, хохирогч Б.Г-д 416.400 төгрөг, хохирогч Ц.Г-д 500.000 төгрөг, хохирогч Б.Ч-т 216.000 төгрөг, хохирогч Г.Т-д 216.000 төгрөг, хохирогч Э.Ж-д 600.000 төгрөг, хохирогч Б.Б-д 450.000 төгрөг, хохирогч Н.Н-д 685.000 төгрөг, хохирогч Н.Б-д 350.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Г.Б-ын  өмгөөлөгч Д.Лхагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлартаа: “...1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...учрах саадыг арилгах буюу хол замыг дөтлөх, эд зүйлсээ тээвэрлэх зориулалтаар машин механизм ашиглаж үйлдсэн...” гэсэн байна. Гэвч Г.Б нь автомашины хөгжим хулгайлдаг байсан тул заавал автомашин ашиглахгүйгээр биедээ /цүнхэнд багтах/ авч явах боломжтой гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн. Үүнээс үзэхэд тухайн автомашиныг хулгайлсан эд зүйлсийг тээвэрлэх зориулалтаар ашигласан гэж шууд үзэж буй нь эргэлзээтэй байна гэж үзэж байна.

Мөн хууль тогтоогчийн зүгээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод хамааруулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааж өгсөн. Г.Б нар нь анх 2922 дугаартай автомашиныг ашиглаж байсан. Уг автомашиныг хүнтэй сольсон буюу хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн үйл баримт байдаг. Үүнээс үзэхэд нэгэнт тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэж байгаа тохиолдолд дээр дурдсанчлан автомашинд үнэлгээ хийх хуульд заасан ажиллагаа хийгдээгүй байна. Хуульд заасан ажиллагаа хийгдээгүй нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд гомдлыг хүлээн авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Б, М.Ц, А.М нар нь нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан. Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн шүүгдэгч А.М нь 4 удаагийн үйлдлээр Г.Б, М.Цнартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нар хулгайлсан эд зүйлсээ тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласан болох нь хяналтын камерын бичлэг болон бусад баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нар гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ тээврийн хэрэгслийг урьдаас сонгон авсан. Өмгөөлөгчийн зүгээс тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдоогүй, хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдолдоо дурджээ. Хэрэг авагдсан баримтуудаар тээврийн хэрэгслийг урьдаас сонгосон, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч нар хохирол төлбөрийг бүрэн төлсөн учир тээврийн хэрэгслийг битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Б, М.Ц, А.М нарт холбогдох эрүүгийн 2209000000896 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нартай бүлэглэн гэмт хэрэгт холбогдсон яллагдагч, шүүгдэгч Д.М нарын хэргийг тусгаарласан байх ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

1. Шүүгдэгч Г.Б, М.Ц нар нь бусадтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж:

  • 2022 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо, хотхоны гадна байсан хохирогч Ч.Бын эзэмшлийн 000 УАМ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн авто машины цонхыг хагалж, андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 288.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны гадна байсан хохирогч А.Э-ийн эзэмшлийн 0000 УАМ улсын дугаартай Тоёота Прадо маркийн авто машины цонхыг хагалж, багаж, цахилгаан бороохой, айфоне 6 маркийн утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 699.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо,  дүгээр байрны гадна байсан хохирогч Б.Х-ын эзэмшлийн 0000 УАТ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 312.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 000 дүгээр хороо,  хотхоны гадна байсан хохирогч Ц.П-ийн эзэмшлийн  УАО улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 288.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн  ....дүгээр хороо, ... хотхоны гадна байсан хохирогч П.Бын эзэмшлийн 0000 УНО улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, 551.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
  • 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон "Ус дулаан дамжуулах" төвийн дэргэд байсан хохирогч Б.Г-ийн эзэмшлийн 0000 ДОР улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, андройд хөгжим, дагалдах хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 416.400 төгрөгийн хохирол учруулсан,

      - 2022 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Сургуулийн ..... тоот хашааны гадна байсан хохирогч Ц.Г -ийн эзэмшлийн 0000 УБД улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

      - 2022 оны 4 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар Дүүргийн 0000 дүгээр хороо, 513 дугаар байрны гадна байсан хохирогч Б.Ч ийн эзэмшлийн 0000 УАР улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 216000 төгрөгийн хохирол учруулсан,

  • 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо, хотхон 510 дугаар байрын гадна зогсоолд байсан иргэн Ж.Т-ын эзэмшлийн 0000 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 216,000 төгрөгийн үнэ бүхий хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
  • 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан байсан Э.Ж-ын эзэмшлийн 0000 УАН улсын дугаартай приус 30 маркийн авто машины гурвалжин цонхыг хагалж, авто машины андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны орчим грашийн гадна байрлуулсан байсан хохирогч Б.Б-ийн эзэмшлийн 0000 УАК улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын гурвалжин цонхыг хагалж, улмаар тээврийн хэрэгсэл дотроос андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 450,000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн  дугаар хороо,  дугаар байрны гадна зогсоол дээр байсан иргэн Н.Н-ийн эзэмшлийн 0000 УАТ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалж андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 685.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулан тавьсан хохирогч Н.Б-ийн эзэмшлийн 0000 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан;

2. Шүүгдэгч А.М нь өсвөр насандаа буюу 18 нас хүрээгүй байхдаа бусадтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж:

  • 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо, хотхоны гадна байсан хохирогч А.Э-ийн эзэмшлийн 0000 УАМ улсын дугаартай Тоёота Прадо маркийн авто машины цонхыг хагалж, багаж, цахилгаан бороохой, айфоне 6 маркийн утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 699.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 3 дугаар сарын 23 наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар Дүүргийн ... дүгээр хороо, Сургуулийн ..... тоот хашааны гадна байсан хохирогч Ц.Г-ийн эзэмшлийн 0000 УБД улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

      - 2022 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, 513 дугаар байрны гадна байсан хохирогч Б.Ч-ийн эзэмшлийн 0000 УАР улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 216000 төгрөгийн хохирол учруулсан,

      - 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, хотхон ... дугаар байрын гадна зогсоолд байсан иргэн Ж.Т-ын эзэмшлийн 0000 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 216.000 төгрөгийн үнэ бүхий хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

Машиных нь цонхыг хагалж, эд зүйлс нь алдагдсан талаар мэдүүлсэн хохирогч Ч.Б /1 хх 31/, П.Э /1 хх 96-98/, П.Б  /1 хх 171-172/, Ц.П /1 хх 214-215/, Б.Х- /2 хх 7-8/, Ц.Г /2 хх 69-70/, Б.Ч /2 хх 138-139/, Б.Г /2 хх 201-202/, Т.Т /2 хх 9-11/, Э.Ж /3 хх 114-116/, Б.Б /3 хх 245-246/, Н.Н /4 хх 32-33/, Н.Б /5 хх 12-13/ нарын мэдүүлэг,

хохирогч Ч.Б, П.Э, П.Б, Ц.П, Б.Г нарын зарим эд зүйлийг шүүгдэгч нараас гаргуулан буцаан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 37-38, 104-105, 185, 228-229, 2-р хх 226/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 51- 54, 130-136/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 23-27, 164-167, 209-210, 2-р хх 1-3, 64-65, 132-134, 203-207, 3-р хх 91-95, 213-216, 4-р хх 41-46, 5-р хх 49-50/,

хохирогчдийн хулгайд алдсан эд зүйлсийн үнийг тогтоосон “Дамно” ХХК, "Кости-Эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1-р хх 56-57, 143-144, 188-189, 231-232, 2-р хх 35-36, 102- 103, 178-179, 220-221, 3-р хх 46-47, 142-144, 223-225, 4-р хх 57-58, 5-р хх 46/,

эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 86-91, 2-р хх 250, 3-р хх 1-4/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 99-103/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /2-р хх 19-33, 3-р хх 72-77/,

шүүгдэгч А.М гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 9 сар 3 хоногтой байсныг тогтоосон төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /3 хх 55-56/,

хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ унаж явсан 0000УБР улсын дугаартай Hyundai Accent загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Г.Б-ын  нэр дээд бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /3 хх 64-65/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Г.Б, М.Ц, А.М нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүгдэгч Г.Б, М.Цнарын бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг 13 удаагийн үйлдлээр үйлдэж, нэр бүхий 13 хохирогчид 5,571,400 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг,  

шүүгдэгч А.М-ын бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг 4 удаагийн үйлдлээр үйлдэж нэр бүхий 4 хохирогчид 1,631,000 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлдэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан журмыг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан хорих ялаас хөнгөрүүлэн Г.Б, М.Цнарт оногдуулах хорих ялын хэмжээг тогтоосон нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.М-ын  өсвөр насны буюу 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэнг харгалзан өсвөр насны хүнд хэрэглэдэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлгийг хэрэглэн:

8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр,

8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.5-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж тус тус шийдвэрлэсэн нь мөн Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Б-ын  өмгөөлөгч Д.Лхагвадорж “...тээврийн хэрэгслийн ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Г.Б-ын  эзэмшлийн тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ унаж явцгаасан талаараа шүүгдэгч нар мэдүүлсэн ба ингэж тээврийн хэрэгслийг ашигласнаар хохирогч нар болон бусад этгээдэд баригдахгүйгээр нууцаар бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хялбар болгосон, хэргийн газраас холдон одох зэрэгт ашигласан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд шүүгдэгч нарын үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийг “...учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн...” гэж хүндрүүлэн зүйлчилснийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.   

Харин учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйлс хэрэглэсэн талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, хавтаст хэрэгт баримт авагдаагүй, нотлох баримтаар тогтоогдоогүй ба эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан зүйл үгүй байна.    

Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Г.Б-ын  өмгөөлөгч Д.Лхагвадоржийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүх шүүгдэгч нарын үйлдлийг хүндрүүлж яллагдагчаар татаагүй “...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн...” гэсэн гэмт хэргийн шинжээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байх тул уг шинжийг хасаж зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б, М.Ц нар нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс магадлал гарсан 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 55 хоног цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялд нь оруулан тооцов.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн машин механизм ашиглаж...” гэсэн хэсгийг “...учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж...” гэж өөрчилж,    

тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ын  өмгөөлөгч Д.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, М.Ц нар нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 55 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

                  ШҮҮГЧ                                                           Т.ШИНЭБАЯР

                  ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ