Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2024/01556

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01683/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******, *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* *******  (РД:*******, утас: *******)-д холбогдох,

“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.*******,

Хариуцагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие Н.******* нь Б.*******тай 2018 онд танилцаж үерхэж нөхөрлөн гэр бүлийн харилцаатай болсон. Бид гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй. Бидний дундаас 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү Д. төрсөн бөгөөд хүүхэд маань эцэг Б.*******гаар овоглодог. Одоо 2 настай. Хүүгээ төрснөөс хойш Б.*******гийн эмээгийнд тэдний эмээ, эгчийн хамтдаа амьдрах болсон. Б.******* нь хамтын амьдралын хугацаанд тодорхой ажил эрхэлж байгаагүй бөгөөд түүний гэр бүлийнхэн амьдралд үргэлж оролцдогоос болж байнгын хэрүүл маргаантай байдаг. Улсаас өгч буй хүүхдийн мөнгийг Б.******* өөрийн дансаар авдаг. Мөн Б.******* нь намайг хэл амаар доромжилж, удаа дараа гар хүрч байсан. Тэр бүхнийг би хүүхдээ бодож өдийг хүртэл тэвчиж ирсэн. Гэр бүлийнхэндээ ч хэлж байгаагүй. Аргаа бараад салъя, больё гэхээр хүүхэд авч явахгүй шүү, хүүхдээ авч байшин дээрээс үсэрнэ гэх мэтээр сүрдүүлж, дарамталдаг байсан. Одоо миний бие хүү Д.ийн хамт ээжийндээ амьдарч байна. Б.*******гийн гэрийнхэн хүүг маань надад мэдэгдэлгүй цэцэрлэгээс аваад явчихдаг. Хүүхдийг чамд өгөхгүй, танил талаараа шүүхдээд авна гэдгээс болж би байнгын дарамттай байна. Иймд хүү Д.ийг эх Н.******* миний асрамжид үлдээж, эцэг Б.*******гаас хуулийн дагуу Д.д хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.

2. Хариуцагч Б.******* нь хариу тайлбартаа:

“Б.******* миний бие нь Д. хүүгээ 18 хоногтойгоос нь ганцаараа харж, бүх хайраа шингээж хүн болгосон. Иймд хүүгийн амь насанд хүрнэ гэсэн бодол хэзээ ч сэтгэл, тархинд бууж байгаагүй. Д.ийн асран хамгаалах эрхийг ээж болох Н.*******т шилжүүлэхэд татгалзахгүй. Хүүхдийн тэтгэмжийн мөнгө олгоход татгалзахгүй, зөвшөөрч байна” гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Д.ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Амин холбоо өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Дархан сумын 10 дугаар багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1187 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх 2-6 хуудас) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н.*******ын хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Н.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...Анх 2018 оны намар бид танилцаж байсан. 2022 онд хүүхэдтэй болж хамт амьдарсан. Үл ойлголцол гарч салахаар шийдсэн. Иймд хүүгээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэйгэж тайлбарласан.

3.Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарлаж, маргаагүй.

4.Талууд 2018 онд танилцаж, гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч, тэдний дундаас 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү Д. төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүү Д.ийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. (хх 3 хуудас)

5.Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж заасан.

Хэрэгт авагдсан хүү Д.ийн төрсний бүртгэлийн гэрчилгээнд эцгийн нэрийг ******* овогт ******* ******* гэж бүртгэсэн байх бөгөөд эцэг өөрөө улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргаж бүртгүүлсэн нь захиргааны журмаар эцэг тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохыг хуульд заажээ.

Хариуцагчаас хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд насанд хүрээгүй хүү Д.ийг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх ба дээрх хуульд зааснаар зохигчид хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хүү Д.ийг эх Н.*******ын асрамжид үлдээж, эцэг Б.*******гаас хүүхдэд тэтгэлэг тогтоож шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 57,833 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Д.ийг эх Н.*******ын асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Д.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.*******гаас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 57,833 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.НОМИН