Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2024/01557

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэргийн индекс: 135/2024/01815/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн хүсэлттэй,

 “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие нь 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс нийтийн үйлчилгээний албанд орцны үйлчлэгчээр ажиллаж байгаад 2003 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа халагдсан. Халагдсан тушаал архивын лавлагаагаар шүүлгэсэн боловч гарч ирээгүй. Иймд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 515 дугаартай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хүсэлт гаргагчийн №238170 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, №030230 дугаартай Б.******* нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.******* иргэний үнэмлэхийн хуулбар, Б.******* шүүхэд гаргасан хүсэлт, №733740 дугаартай Ж.******* нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ж.******* иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.******* шүүхэд гаргасан хүсэлт, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар, Шарын голын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар, Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б-09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар (хх 2-24 хуудас) зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. 

3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 552 дугаартай тодорхойлолт, ХААТР-1 баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 499 дугаартай албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 505 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч Б.Анягаас гэрчийн мэдүүлэг авсан болно. (хх 33-40, 51-54 хуудас)

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч С.******* нь 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2003 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Шарын гол сумын Нийтлэг үйлчилгээний албанд орцны үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.

Хүсэлт гаргагч С.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4.Хүсэлт гаргагч нь 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2003 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Шарын гол сумын Нийтлэг үйлчилгээний албанд ажиллаж байсан үеийн ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

5.Хавтас хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн 2000.1-2022.11 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хүсэлт гаргагчийн №238170 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын 1-т”...******* овогтой *******г орцны цэвэрлэгчээр...” гэх хуулбар, ХААТР-1 баримт, хүсэлт гаргагч С.*******гийн 2001.1-2002.11 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч Б. “...Намайг Шарын гол сумын Нийтийн аж ахуйн төвийн Хот тохижилт хэсэгт ажилд ороход С.******* нь орцны үйлчлэгчээр ажиллаж байсан. 2003 онд С.******* нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан...” гэх мэдүүлэг,гэрчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр:

-Хүсэлт гаргагч С.******* нь 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2003 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Нийтлэг үйлчилгээний албанд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

6.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД: *******)-ийг 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2003 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Нийтлэг үйлчилгээний албанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НОМИН