Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 104/ШШ2024/00671

 

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 104/ШШ2024/00671

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******, өөрийн байранд байрлах, ******* ХХК

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт ийн

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,999,715 төгрөг гаргуулах, тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А., /цахимаар/

Хариуцагч: Ш.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 25,191,315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан фидуцийн гэрээний зүйл болох улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 10дугаар сард хураан авч худалдан борлуулсан тул нэхэмжлэлийн шаардлага өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,743,324 төгрөг, хүүгийн төлбөрт 3,987,120 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,126,391 төгрөг, авлагын үлдэгдэл төлбөр 135,880 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг нийт 9,999,715 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Ш. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлөх хуваарь гаргасныг бид зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 9,999,715 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрөө хувааж төлье .. гэв.

Зохигч эвлэрлийн гэрээндээ:

******* ХХК-ийн нэхэмжилсэн 9,999,715 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарыг дуустал сар бүр 714,265 төгрөгөөр нэхэмжлэгчийн ХААН банкны тоот дансанд хариуцагч Ш. би төлж барагдуулна. Эхний 2 сар төлбөрөө төлөөгүй бол албадан гүйцэтгүүлнэ. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо ... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ш.т холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 4,743,324 төгрөг, хүүгийн төлбөрт 3,987,120 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,126,391 төгрөг, авлагын үлдэгдэл төлбөр 135,880 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг нийт 9,999,715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Ш. нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 9,999,715 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын дуустал буюу 14 сарын хугацаанд сар бүр нэхэмжлэгчийн нэр дээрх ХААН банк ХК-ийн тоот дансанд 714,265 төгрөгөөр төлж барагдуулах, гэрээнд заасан эхний 2 сарын төлөлтөө хийгээгүй бол шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэхээр зохигч эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/938 дугаар албан бичгээр А.д итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон байх тул тэдгээрийн эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9,999,715 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 174,945 төгрөгийн тал хувь болох 87,472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Ш. нь уг захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба, зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 9,999,715 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч маргаан бүхий асуудлаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 87,472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Ш. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Б.УРАНЗАЯА