Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 01970

 

 

 

 

 

 

 

 

 

                                                               Ё.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01761 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ё.А-гийн хариуцагч З.Э-А-д холбогдуулан гаргасан газар эзэмших эрхийг худалдан авахад төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: З.Э-А-гийн www.unegui.mn сайтад байрлуулсан “газар зарна” гэсэн зарын дагуу түүнтэй холбогдож, 2013 оны 10 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Их дарь-Эх 18-7а тоот хаягт байрлах 160 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай газрыг 10 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу З.Э-А-д 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч газар эзэмших эрхээ Ё.А-гийн нэр рүү шилжүүлээгүй.

Баянзүрх дүүргийн газрын албаны ажилтан буюу З.Э-А-гийн таньдаг хүнд газар эзэмших эрх шилжүүлэхэд шаардлагатай баримтуудыг өгсөн боловч Засаг даргын шийдвэр гарахгүй байна гэх шалтгаанаар хүлээлгэсэн. Ингээд 2015 оны 05 сарын 02-ны өдөр З.Э-А-гаас тухайн газарт хашаа, байшин барих бүрэн эрхийг нэхэмжлэгчид итгэмжлэлээр олгосны дагуу хашаа барьж контейнер буулгах гэтэл ойр хавийн оршин суугчид буулгахгүй маргаан гаргасан тул Баянзүрх дүүргийн газрын албанд хандсан. Тус албанаас тодорхой хариу өгөөгүй тул өмч харилцааны газар хандахад “тус газрын эзэмших эрх хүчингүй болсон” гэсэн хариу өгсөн.

Дээрх нөхцөл байдлын улмаас гэрээнээс татгалзаж, мөнгөө буцаан авах талаар хариуцагчид хэлсэн. Гэтэл тэрээр хүндээр өвдсөн түр хугацаагаар хойшлуулж өгөөч гэсэн боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Талууд гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ зөрчиж өөр хүн рүү эзэмших эрхийг шилжүүлсэн байдаг. Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2013 онд гэрээ байгуулсан ч гэрчилгээ гараагүй байгаа гэсэн агуулгаар 2015 онд итгэмжлэл олгосон байдаг. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэл гаргасан.

Иймд газар эзэмших эрхийн гэрээнээс татгалзсантай холбоотойгоор З.Э-А-гаас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2013 оны 10 сарын 23-ны өдөр Ё.А-тай “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Их дарь эх 18-7а тоот хаягт байрлах 160 м.кв талбайтай иргэний ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг 10 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Уг гэрээний дагуу ямар нэгэн эрхийн доголдолгүй газар эзэмших эрхийг Ё.А-д шилжүүлсэн ба холбогдох бичиг баримтуудыг тухайн үед газрын албанд хүлээлгэн өгснөөр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, уг гэрээ дуусгавар болсон.

Ё.А- нь 2015 онд “худалдан авсан газар дээр барилга барих гэтэл дүүргийн газрын албанаас заавал итгэмжлэл авсан байхыг шаардаж байна” гэсний дагуу 2015 оны 05 сарын 02-ны өдөр барилга барих зөвшөөрөл олгосон агуулгатай итгэмжлэл өгсөн. Үүнээс хойш энэхүү нэхэмжлэлийг гаргах хүртлээ огт холбогдож байгаагүй. Хэрэв түүний худалдан авсан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бол холбогдох төрийн байгууллага, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах ёстой байсан гэж үзэж байна. Мөн 2013 онд байгуулагдсан гэрээтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Э-А-гаас нийт 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ё.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Э-А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд талууд гэрээний дагуу өгсөн авснаа буцааж өгөх үүргийг хүлээдэг тул хариуцагчид ч гэсэн гэрээний дагуу шилжүүлсэн эд зүйлийг нь буцааж олгохоор шийдвэрлэх учиртай байсан.

Гэвч өнөөдрийн байдлаар 2013 онд З.Э-А-гаас шилжүүлсэн газрыг Д.Булганжав гэгч нь өөрийн эзэмшилд 2018 онд шилжүүлэн авсан талаарх баримтууд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирсэн тул уг асуудлыг шалгуулахаар З.Э-А- нь тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгагдаж байгаа болно. Хариуцагчийн зүгээс уг хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн талаарх тогтоолыг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр уг иргэний хэргийг түдгэлзүүлэх нь зүйтэй байсан.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд 2013 оны 10 сарын 23-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлага гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасантай нийцээгүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ё.А- нь хариуцагч З.Э-А-д холбогдуулан гэрээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч “гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр маргажээ. /хх 1, 23/

Талууд 2013 оны 10 сарын 23-ны өдөр “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр З.Э-А- нь өөрийн эзэмшлийн нэгж талбарын 18644313337102 дугаартай, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Их дарь-Эх 18-7а тоот хаягт байршилтай, 160 м.кв талбай бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг Ё.А-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон. Зохигчид энэхүү үйл баримтын талаар болон нэхэмжлэгч гэрээний үнэд                     10 000 000 төгрөгийг хариуцагчид төлсөн талаар маргаагүй. Харин хариуцагч нь гэрээний дагуу нэхэмжлэгчид газар эзэмших эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн үүргийн харилцааг худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Мөн хариуцагчаас 10 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байх боловч талуудын хооронд үүссэн маргааны зүйлд үл хамаарах хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэсэн байгааг залруулах шаардлагатай байна.

 

Энэ нь хариуцагч талын гаргасан “анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлын үндэслэлд хамаарахгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсний дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Тодруулбал, хариуцагч нь дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрхийг худалдан авагч талд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардсан байхад шүүх хариуцагчийг нэхэмжлэгчид эрхийн доголдолтой газар шилжүүлсэн гэж дүгнэн Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэсэн нь буруу. Түүнчлэн, Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь эдийн бус хөрөнгийг шаардах эрхтэй холбоотой бөгөөд ердийн эд хөрөнгөтэй холбоотой эзэмших эрхийг шаардах эрхийн үндэслэлд шууд хамааралгүй юм.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний зүйлийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйн гадна нэхэмжлэгчийн зүгээс түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгох шаардлагагүй нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна. Учир нь, хариуцагчийн зүгээс 2013 оны 10 сарын 23-ны өдөр байгуулсан дээрх гэрээний дагуу газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй боловч 2015 оны 05 сарын 02-ны өдөр тухайн газар дээр өөрийн нэрийн өмнөөс хашаа, хувийн сууц хариуцан бариулах бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгосон. /хх 8/

 

Улмаар нэхэмжлэгч нь 2019 оны 03 сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж, шүүхээс уг асуудлаар хариуцагчийг эрэн сурвалжлах зохих ажиллагаа явуулж 181/ШЗ2019/03680 дугаартай шүүгчийн захирамж гарсан байна. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардсан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан буюу нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзнэ гэсэн зохицуулалтад хамаарна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Иймд гэрээнээс татгалзаж байгаа талаар нөгөө талдаа мэдэгдээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Баянзүрх дүүгийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулсан маргаан бүхий газрын хувийн хэрэг болон дээрх итгэмжлэл зэргийг харьцуулан үзвэл, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн эд зүйлийг хариуцагчид буцаан олгох ёстой байсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу шилжүүлээгүй зүйлийг түүнд буцаан олгох боломжгүй харин хариуцагч хүлээн авснаа зөвшөөрсөн                            10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь буцаан гаргуулахаар шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр уг иргэний хэргийг түдгэлзүүлэх нь зүйтэй байсан гэжээ. Гэтэл талуудын хоорондын маргааны зүйл нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх буюу гэрээний дагуу тохиролцсон газар эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой маргаан болно. Гомдолд дурдсан Д.Булганжав гэх иргэн маргаан бүхий газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь Ё.А-, З.Э-А- нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлттэй шууд холбоотой талаар хариуцагч анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед өөрөө тайлбар гаргаагүй, уг нөхцөл байдлыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй учраас энэхүү иргэний хэргийг шийдвэрлэхэд гомдолд дурдсан үндэслэл саад болохгүй юм.

           

Мөн нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гомдлын тухайд, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний зүйл нь газар эзэмших эрх байсан болохоос биш газар өөрөө гэрээний зүйл байгаагүй, газар эзэмших эрхийг шаардах эрх нь хөдлөх хөрөнгөд хамаарах тул 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах нь зөв боловч уг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас нэхэмжлэгчид 2015 оны 05 сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаатай тодорхой бүрэн эрхийг олгосон итгэмжлэл олгосон, 2019 оны 03 сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулсан нэхэмжлэл гаргаж, шүүхээс зохих ажиллагаа явуулж байсан зэрэг нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01761 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Э-А-гаас 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.А-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР