| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0066/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
Улсын яллагч Д.Энх-Оргил,
Шүүгдэгч Б.С /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 1711014710036 дугаартай хэргийг 2018 оны 1 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Мөнх овогт Б.С, 1985 оны 6 сарын 1-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сум 1-р баг, 7-р байр 35 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, алтайн 15 гудамжны 464 тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЕЙ85060109/.
Шүүгдэгч Б.Сайнханзаяа нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Б.С нь 2017 оны 12 сарын 4-ний шөнө 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-12 тоотод нөхөр Б.Мөнхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн шуунд нь заазуураар зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Б.Мөнхбатаас Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-15-19, 20-21/, Б.Сгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-22-23, 36-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹15012 дугаар тогтоол, гэрч Т.Нямлхагвын /хх-24-25/ мэдүүлэг, гэрч Б.Сувд-Эрдэнийн /хх-26-27/ мэдүүлэг, Б.Сгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-54/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 12 дугаар сарын 4-ний шөнө 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-12 тоотод нөхөр Б.Мөнхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн шуунд нь заазуураар зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Мөнхбатын /хх-15-16/: “...тухайн үед эхнэртэй маргалдсан уурандаа бэр Гэрэлцэцэг, хүргэн ах Батсайхан хоёрыг манай гэрээс яв гээд хөөсөн. Энэ үед эхнэр Сайханзаяа манай ах, эгч хоёрыг хөөлөө гээд гартаа барьсан заазуураар миний зүүн талын шуу орчим зүссэн..би тухайн үед гартаа оёдол тавиулсан. Надад эмчилгээний зардал гэх юм гараагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй.…” гэсэн мэдүүлгээр,
Б.Сгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-22-23/ “…хаагуур явснаа хэлэхгүй бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Ингээд би тухайн үед хоол хийх гээд мах хэрчээд сууж байсан учраас нөхөр Мөнхбатыг хараад хутга аваад нөхөрлүүгээ дайрсан юм. Энэ үед нөхөр хутгыг гараараа хаасан чинь зүүн талын шууг нь оноод зүссэн. Тэгээд хутгаа тавихгүй ноцолдож байх үед би өөрийн гараа зүсэж гэмтээсэн байгаа…” гэх мэдүүлгээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹15021 тоот дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч гэмтэл авсан талаараа мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогч руу хутга барьж далайн уг гэмтэлийг учруулсан талаараа мөрдөн байцаалтанд сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹15021 дүгээр шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Мөнхбатад учирсан гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Сайнханзаяагийн дээрх байдлаар нөхөр Б.Мөнхбатад гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Сг хүний эрүүл хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Сг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шйдвэрлэв.
Хохирогч Б.Мөнхбат нь шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Мөнх овогт Батсүхийн Сайнханзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР