| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/01010/И |
| Дугаар | 104/ШШ2024/00673 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 104/ШШ2024/00673
| 2024 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 104/ШШ2024/00673 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ХХК нь 2023 оны 6 дугаар сард ашиглалтад орох нөхцөлтэйгээр 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг надтай байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 50,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн ******* дугаартай Голомт банкны дансанд хийсэн. Үлдэгдэл төлбөрөө сар бүр 2,118,000 төгрөгөөр 36 сарын хугацаанд төлөхөөр бол төлбөрийг 4,5,6 саруудад төлсөн. Гэтэл тус компанийн гэрээний дагуу баригдах ёстой Sunny Town гэх барилга нь одоо хүртэл ашиглалтад ороогүй тул би арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс уг компанийг *******, 8 дугаар хороо, ид байрладаггүй хэмээн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Би одоо хаашаа хэнд хандахаа мэдэхгүй байхаас гадна шүүх хариуцагч ******* ХХК-ийн хаяг тодорхойгүй хэмээн нэхэмжлэлийг хүлээн аваагүй тул ******* ХХК /түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал/ -ийг эрэн сурвалжилж өгнө үү. Гэрээ байгуулахад нэг эмэгтэй гарын үсэг зурсан. Одоо тэр хүний утас холбогддоггүй ... гэв.
2.Шүүхээс нэхэмжлэгчээс гаргаж дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
2.1. Нэхэмжлэгч Д.******* ам бүл 3, Налайх дүүргийн *******нд оршин суудаг нь үнэн тухай 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1160 дугаартай Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 04 хуудас)
2.2 Хүсэлт гаргагч Д.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 05хуудас)
2.3 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж (хх-ийн 06-07 хуудас),
2.4 ******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зэрэг баримтууд цугларсан байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК (РД:)-ийг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны онцгой ажиллгааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудал болох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах хүсэлтээ хүсэлт гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар аливаа этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд Д.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийн оршин байрлах газар нь мэдэгдэхгүй учраас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлаас үүдэн түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
4.Нэхэмжлэгч Д.******* нь ******* ХХК-иас Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 56,354,000 төгрөг гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй тул түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэл бий болсон хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байх бөгөөд ******* ХХК нь Налайх дүүргийн 8 дугаар хороо, ид байрлан үйл ажиллагаа явуулдаг гэх боловч уг хаягт оршин байрладаггүй болох нь Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.ийг эрэн сурвалжилж, түүний одоо оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг ******* дэх Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх ба цагдаагийн байгууллага нь хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоон энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байрлаж буй хаягийг тогтоон, нэхэмжлэгчид мэдэгдэхийг ******* дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Эрэн сурвалжлагдсан ******* ХХК-тай холбоотой баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт ******* дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ууганчимэгт үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА