Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2024/01567

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэргийн индекс: 135/2024/01567/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ийн хүсэлттэй,

“Гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч М.*******,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие 1995 онд ******* овогтой ******* танилцаж, 7 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас М.*******, М.*******, М.*******, М., М., М., М. нарын 7 хүүхэд төрсөн.

Нөхөр маань надтай гэрлэж гэрлэлтээ батлуулахдаа өмнө нь бусадтай гэрлэлтийн баталгаатай байсан талаараа огт хэлж ярьж байгаагүй бөгөөд биднийг 1995 онд гэрлэлт батлуулах үед ч иргэний улсын бүртгэлийн хэлтсээс энэ талаарх баримт огт гарч ирж байгаагүй. Иймд миний бие нөхрөө надтай гэрлэлтээ батлуулахаас өмнө бусадтай гэрлэлтээ батлуулж байсан эсэх талаар огт мэдээгүй явж байсан. 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Ү. нас барсны дараа насанд хүрээгүй 4 хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл иргэний улсын бүртгэлд гэрлэлтийн бүртгэлгүй байна гэсэн лавлагаа гарч ирсэн. Харин гэх эмэгтэйтэй гэрлэлтийн бүртгэлтэй байна гэсэн лавлагаа гарч ирсэн. Дахин шалгуулж лавлагаа гаргуултал давхар бүртгэлтэй талаарх лавлагаа гарч ирсэн.

Нөхөр Ү. өмнөх гэрлэлт хүчин хүчин төгөлдөр байхад би мэдэлгүй гэрлэлтээ давхар бүртгүүлсэн байх тул миний Ү.******* 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн 238 дугаарт бүртгэгдсэн 0165424 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эхээр, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 135/ШШ2024/00372 дугаартай шийдвэр, №0165424 дугаартай Ү., М.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, №0000527351 дугаартай Ү. төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, №0000236880 дугаартай Ү. овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, №450151261926 дугаартай Ү. нас барсны гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар (хх 2-9 хуудас) зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

3.Шүүхээс Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас М. төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, Ү., Д. нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ү., М.******* нарын гэрлэснийг бүртгэх анкет, ХААТР-1 баримт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. (хх 17-20 хуудас)

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч М.******* нь гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг “...Би 1995 онд нөхөр болох Ү.******* гэрлэлтээ батлуулсан. Нөхөр маань өмнө гэрлэлтээ батлуулж байсан талаар надад хэлээгүй, юу ч мэдэгдээгүй хэр нь гэж хүнтэй гэрлэлтээ батлуулсан байсан. Иймд 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн 238 дугаарт бүртгэгдсэн 0165424 дугаартай гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэж тайлбарласан.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-д зааснаар гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох асуудал нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж зааснаар хүсэлт гаргагч нь тус шүүхэд гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар хүсэлт гаргах эрхтэй байна.

4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, Ү., Д. нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ү., М.******* нарын гэрлэснийг бүртгэх анкет, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар:

-Ү. нь 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.тай гэр бүл болсноо иргэний гэрлэсний бүртгэлийн 36 дугаарт бүртгүүлсэн, тус гэрлэлт хүчинтэй байхад хүсэлт гаргагч М.*******тэй 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсон гэж гэрлэлтийг давхар улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.

Ү. нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нас баржээ.

5.Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Дараах байдал нь гэрлэхэд харшлах шалтгаан болно: 9.1.1.өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “...Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний... нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж тус тус заажээ.

Иймд овогт *******ын , ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна.  

6.Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно” гэж, 11.3-т “гэрлэлт дуусгавар болсныг бүртгэх журмыг хуулиар тогтооно” гэж заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн Иргэний улсын бүртгэлд зохих бүртгэл хийхийг харьяалах улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

7.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.10-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан овогт *******ын (РД: *******), ******* овогт ******* ******* (РД: *******) нарын 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний улсын бүртгэлийн 238 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.  

2.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийн дагуу гэрлэлт дуусгавар болсны бүртгэл хөтлөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НОМИН