Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 01969

 

 

 

 

 

 

 

 

 

                                                         “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02318 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн хариуцагч Л.Б-, Э.Э-нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 69 635 322.87 төгрөг, зээлийн хүү 2 374 165.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 740 төгрөг, нотариатын зардал 29 000 төгрөг, нийт 72 055 228.76 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2019 оны 05 сарын 17-ны өдөр 103300686399 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нар нь нэхэмжлэгч банкнаас 71 500 000 төгрөгийг жилийн 22.8 /сарын 1.9 хувь/ хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлсэн. Үүнээс хойш үндсэн зээлээс 1 864 677.13 төгрөг, зээлийн хүүд 7 689 691.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 824.15 төгрөг, нийт 9 585 192.44 төгрөгийг төлсөн.

Улмаар зээл, зээлийн хүү төлөх хуваарийг зөрчиж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн. 2020 оны 01 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 69 635 322.87 төгрөг, үндсэн зээлийн хүү 2 374 165.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 740 төгрөг, нийт 72 026 228.76 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Иймд Л.Б-, Э.Э-нараас зээлийн гэрээний үүрэгт 72 026 228.76 төгрөг, нотариатын зардал 29 000 төгрөг, нийт 72 055 228.76 төгрөгийг гаргуулж “Т Б” ХХК-д олгох, энэхүү төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу Л.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт Ухаа /17120/, 412а байр, 03 тоот 80.7 м.кв талбайтай орон сууцны зориулалттай Ү-2206056957 дугаартай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: “Т Б” ХХК-аас авсан зээлээ төлж барагдуулна. Барилгын гүйцэтгэлийн ажил зогсож санхүүжилтийн асуудал хүндэрсний улмаас зээлийн хүү, алдангийн төлбөрт орсон. Нэхэмжлэгч талтай тохиролцож хүү, алдангийн төлбөрийг яаралтай төлж барагдуулан зээлийг хэвийн болгох тул хугацаа олгож өгнө үү. Мөн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд бидний зүгээс гэрээ цуцлагдаагүй гэж үзэж байна. Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтөд заасан хуваарийг зөрчсөн нь үнэн. Гэвч зээлийн зориулалт болох барилга барих ажил цар тахлын улмаас зогссон. Засгийн газраас цар тахалтай холбогдуулан банкны зээлийн хүүг зогсоох, царцаах талаар яригдаж байсан учраас зээлийн хүүг төлөөгүй. Саяхнаас барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа учраас хуримтлагдсан зээлийн хүүг төлөөд гэрээний дагуу зээлийг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь баримтгүй ч гэсэн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор зээлийг төлж чадаагүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Б-, Э.Э-нараас үндсэн зээл 63 440 339.25 төгрөг, хүү 2 286 110.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 726.38 төгрөг, нотариатын зардал 29 000 төгрөг, нийт 65 760 175.94 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т Б” ХХК-д олгож, үлдэх 6 295 052.82 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Б-ын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 хороо, Буянт ухаа 412 байр, 3 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206056957, гэрчилгээний Г-000709366 дугаар бүхий 80.7 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518 081 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 65 760 175.94 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 486 750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч “Т Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлснээр нэхэмжлэлийн шаардлагаас 6 295 052.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Учир нь, Иргэний хууль болон бусад хууль тогтоомжоор зээлдүүлэгчид гэрээг цуцлах эрх олгогдсоноос бус үүрэг хүлээлгээгүй. Гэрээ цуцлах үндэслэл шалтгаан ноцтой байх ёстой. Талуудын аль нэгэнд гэрээний давуу нөхцөл олгоогүйгээс гадна зээлдэгчийн эрх ашгийг хүндэтгэн үзсэн, хамгаалсан байдаг. Мөн эрх олгогдсоноор шууд гэрээг цуцлах боломжгүй зөвхөн санал гаргаад шүүхэд ханддаг. Шүүхээр гэрээ цуцлуулдаг практик ач холбогдол нь хүү, нэмэгдүүлсэн хүү зогсохоос гадна барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж нээгддэг. Гэрээнд талууд гэрээнээс татгалзах нөхцөлийг тохирсон хэлбэр болохоос гэрээг цуцлах болзол биш. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрх олгогдсоны дагуу шүүхэд хандсан. Талууд гэрээндээ “зээлдэгчийн санхүүгийн байдал буурсан, муудаж доройтсон, зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон нөхцөл үүссэн үүсэж болзошгүй нь нотлогдсон” тохиолдолд банк зээлийн гэрээг цуцлахаар тохирч санал нэгдсэн нь хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдахыг шууд зогсооно гэсэн үг биш. Зээлж авсан мөнгөн хөрөнгийн ашиглалт  үргэлжилж байгаа тохиолдолд тохирохгүй Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй юм. Зүй нь, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар бүрэн зохицуулагдаж болохоор байдаг. /Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3/

Хариуцагчид үүссэн нөхцөл байдал дээрх үндэслэлд хамаарч байгааг зөвхөн 2019 оны 11 сарын 14-ний өдрийн 03 тоот бичгийн агуулгаар тодорхойлж байгаа нь учир дутагдалтай бөгөөд зээлдэгчээс шүүхэд “...авсан зээлээ төлж барагдуулна. Банкны эдийн засагчтай тохиролдож хүү алдангаа яаралтай төлж барагдуулан зээлээ хэвийн болгоно...” гэж мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд бидний зүгээс гэрээг цуцлагдаагүй гэж үзэж байгаа...” гэх тайлбаруудыг шүүхэд мэдүүлсэн байхад нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар зэргийг дутуу, буруу үнэлж гэрээг цуцалсан нь буруу. Гэрээнээс татгалзах хүсэл зоригоо зээлдэгч тал тайлбарын хүрээнд илэрхийлсэн гэж үзсэн нь буруу жишиг, хор уршигтай юм. Харин Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт заасан зохицуулалт шууд утгаараа  хэрэглэж болох заалт бөгөөд зээлдэгчийн тайлбарыг гэрээг цуцлах санал гэж тооцвол цуцлах хугацаагааг тооцох эрхийг банк эдлэх эрхийн дагуу шүүхэд хандсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчилж,              6 295 052 82 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж “Т Б” ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч Л.Б-, Э.Э-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 69 635 322.87 төгрөг, хүү 2 374 165.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 740 төгрөг, нотариатын зардал 29 000 төгрөг, нийт 72 055 228.76 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нарын зүгээс “ажил зогсож санхүүгийн хүндрэл үүссэн, зээлийн хүү, алдангийг яаралтай төлж барагдуулах тул хугацаа олгооч” гэх агуулгаар тайлбар гаргасан ба тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “зээлийн гэрээний хугацаа дуусаагүй учраас гэрээ цуцлагдаагүй, ажил хэвийн болсон тул хуримтлагдсан хүүг төлөөд гэрээг үргэлжлүүлнэ” гэжээ. /хх 1, 45, 99/

 

Зохигчдын дээрх тайлбар, хэрэгт авагдсан орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл олгохтой холбоотой бичмэл баримтууд /хх 10-19/ зэргийг харьцуулан үзвэл, Л.Б-, Э.Э-нар нь нэхэмжлэгч банкнаас 2019 оны 05 сарын 17-ны өдөр 71 500 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж, үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн дүнгээс 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. Мөн өдрөө уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Л.Б-ын өмчлөлийн Улсын Ү-2206056957 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 412 дугаар байр 3 тоотод байрлах, 80.7 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байна.

 

Талууд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал, гэрээгээр тохирсон нөхцөл, нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэнд маргаагүй байх бөгөөд хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч банк нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, талуудын байгуулсан орон сууцны зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д тус тус зааснаар зээлдэгч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Хэргийн 32-34 дэх талд авагдсан “Т Б” ХХК-аас зээлдэгч Л.Б-од хаягласан 01, 02, 03 дугаартай мэдэгдлүүдээс үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагч нарыг 2019 оны 08 сарын 17-ны өдрийн төлөлт хийх үүргээ зөрчсөн тухай 2019 оны 08 сарын 30-ны өдөр мэдэгдсэн, мөн уг мэдэгдэлд заасан зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгосон талаар 2019 оны 09 сарын 15-ны өдөр тус тус мэдэгдсэн байна. Улмаар зээлдүүлэгч нь 2019 оны 11 сарын 14-ний өдөр зээлдэгч нарын зүгээс дээрх мэдэгдлүүдэд заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авч, үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнд заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан талаар мэдэгджээ. /хх 32-34/

 

Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг банк нэг талын санаачилгаар 2019 оны 11 сарын 14-ний өдөр цуцалсан гэж үзэж, зээл олгосон өдрөөс уг цуцлагдсан өдөр хүртэлх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 295 052.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 6.2.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан “анхан шатны шүүх 2019 оны 11 сарын 14-ний өдрийн “Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл”-ийг буруу үнэлсэн, талуудын маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалт хэрэглэсэн” гэх агуулгаар гаргаасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд зохигч маргаагүйн гадна анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тусгаагүй буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг орхигдуулан бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т Б” ХХК-аас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо төлсөн 115 671 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.    

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР