| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00899/И |
| Дугаар | 135/ШШ2024/01590 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2024/01590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00899/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн хүсэлттэй,
“Орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие Дархан-Уул аймаг, ******* тоотод 2000 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн оршин суугчийн тодорхойлолт, Шарын гол хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаартай “Эзэнгүй байрны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хуулбар, Шарын гол хотын өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай “Журам батлах тухай” тогтоолын хуулбар, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/16 дугаартай тодорхойлолт, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-13 хуудас)
3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03/720 дугаартай албан бичиг, “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04/931 дугаартай албан бичиг, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/219 дугаартай албан бичиг, үйлчилгээний лавлагаа, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн орлого дансны дэлгэрэнгүй тайлан, Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн оршин суугчийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. (хх 29-34, 36-61 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.******* нь Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг “...Байраа өөрийнхөө нэр дээр болгох хүсэлтэй байна. Уг байр нь бичиг баримтгүй олон жил болсон. 2000 оноос хойш тус байранд амьдарч байна” гэж тайлбарласан.
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд хандаж орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргасан нь тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах зорилготой байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135.3-д “… үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Хүсэлт гаргагч нь дээрх орон сууцыг 2000 онд худалдан авч өнөөдрийг хүртэл эзэмшиж байсан болохыг батлах баримт бичиггүй тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авч чадахгүй нөхцөл байдал үүссэн байх бөгөөд энэ нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр тогтоолгох хүсэлтэд хамаарч байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандаж хүсэлтээ гаргасан байх тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй” гэж тус тус заасан.
6.Хүсэлт гаргагч Б.******* нь Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцыг 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэлгүй болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
-Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “... Б.******* нь ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг нь үнэн болно” гэх оршин суугчийн тодорхойлолт,
-“Дулаан шарын гол” ТӨХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/16 дугаартай “...хэрэглэгч Б.******* нь ус дулааны төлбөр тооцоогүй...” гэх тодорхойлолт, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан,
-Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03/720 дугаартай “Эрхийн улсын бүртгэлийн санд ******* тоот орон сууцанд өнөөдрийн байдлаар өмчлөгч бүртгүүлж гэрчилгээ олгоогүй байна” гэх тодорхойлолт,
-“Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04/931 дугаартай “...******* тоот орон сууц 2015 оноос эхлэн Б.******* нэрээр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй бөгөөд 2023-2024 оны хэрэглэгчийн тайлан программд бүртгэлтэй байна” гэх албан бичиг, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг болно.
7.Иймд Б.******* нь тус орон сууцыг 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилд байлгаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Б.*******ийг Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
8.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН