| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0063/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга А.Болор,
Улсын яллагч Д.О,
Шүүгдэгч П.Мэндбаяр /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Мэндбаярт холбогдох эрүүгийн 1811000930044 дугаартай хэргийг 2018 оны 1 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Минтэв овогт п.М, 1989 оны 2 сарын 4-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эхнэрийн хамт, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байр 29 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:КЮ89020498/
Шүүгдэгч П.Мэндбаяр нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
П.Мэндбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6-29 тоот гэртээ эхнэр Д.Бадамцэцэгийг 2017 оны 12 сарын 21-нээс 22-ны шилжих шөнө, мөн оны 12 сарын 26-наас 27-ны шилжих шөнө тус тус гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мэндбаяр мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Д.Бадамцэцэгийн Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-14, 15/, П.Мэндбаярын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-18, 29, гэрч Ц.Гантөмөрийн /хх-17/ мэдүүлэг, гэрч А.Гэрэлмаагийн /хх-20-21/, гэрч П.Уламбаярын /хх-22/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн ¹711 дүгээр тогтоол, П.Мэндбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-34/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /35-36/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-47/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч П.Мэндбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6-29 тоот гэртээ эхнэр Д.Бадамцэцэгийг 2017 оны 12 сарын 21-нээс 22-ны шилжих шөнө, мөн оны 12 сарын 26-наас 27-ны шилжих шөнө тус тус гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Бадамцэцэгийн /хх-12-13/: “..2017 оны 12 сарын 21-ний өдөр ажлаа тараад найз Хандсүрэнтэй хамт пиво уучихаад..кино үйлдвэрийн орчим Мэндбаярын байгаа газар нь 00 цагийн үед явж очсон. Тэгээд бид 2 хоорондоо юм ярьж байгаад маргалдаад дуудлагын жолооч дуудаад гэр лүүгээ харьсан. Өрөөндөө ороод байж байтал Мэндбаяр намайг гар утас алга болчихлоо дуудлагын жолоочид өгчихлөө гээд намайг хардаад байсан... утас алдчихлаа гээд уурлаад намайг цохиж зодсон. Үсдээд газар чирээд бүх хувцасны халаас ухаад мөнгө төгрөг гаргаад гар утсаа хайгаад байсан. Намайг нүүр нүдгүй л зодсон. Миний уруулнаас цус гараад, хамар өвдөөд, нүүр тэр чигтээ хавдчихсан.. Дараа нь хэвтэж байхад миний хамар өвдөөд байхаар нь Мэндбаяр руу залгаад ..Гэмтлийн эмнэлэг рүү хамт яваад зураг авахуулсан чинь хамар зүүн талаасаа хугарчихсан байна гэж хэлсэн. Тэрнээс хойш байнга архи ууж ирээд агсам тавьсан..Түүнээс хойш 12 сарын 26-ны өдөр Мэндбаяр байгууллагын шинэ жилд орохоор яваад 27-нд шилжих шөнийн 05 цагт ирээд намайг жижиг өрөөнд унтаж байхад “надаас салаад зайлаад өг, яах гээд байгаа юм” гэх зэргээр хэлээд намайг цохиж зодсон... Ер нь бол намайг хүүхэд гаргахгүй байгаа болохоор тэрнээс болж уурлаад байдаг юм байна лээ. Тэрнийг мэдээд намайг байнга дарамталдаг юм.. 2015 онд Мэндбаяртай танилцаад 2016 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан... Гэр бүл болсноос хойш нэг жил орчмын дараагаас Мэндбаяр байнга архи ууж гэртээ ирэхдээ надад уурлаж агсам тавьдаг, олон удаа зодож цохиж байсан. Энэ болгонд би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, учир нь цаашдаа гайгүй болчих байлгүй хэл ам хийж яваад яахав дээ л гэж бодож байсан юм..Архи уугаад ирэх болгондоо мөнгө төгрөг ярьж, хүүхэд гаргасангүй гэж дарамталдаг. Одоо гаргах санал гомдол байхгүй. Бид 2 эвлэрсэн..” гэсэн мэдүүлэг,
П.Мэндбаярын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-18-19/ “..2017 оны 12 сарын 21-ний өдөр гэрт ойролцоогоор шөнийн 1 цагт орсон “утас алга болчихлоо” гэдгээс болж маргалдаад Бадамцэцэгийг нүүр лүү нь нэг удаа гараараа цохиж, үсдэж, газар унагааж, хөл рүү нь алгадаж цохисон..Тэрнээс хойш 2017 оны 12 сарын 26-ны өдөр..04 цагт гэртээ очоод Бадамцэцэгийг намайг хүнтэй хардлаа гэж уурлаад унтаж байхад нь сэрээгээд хэрүүл хийгээд нүүр лүү нь алгадаж үсдэж, цээж рүү нь цохисон.. Би өөрөө архи уухаараа агсам зантай болчихдог юм байна лээ. Бадамцэцэгийг өмнө нь цохиж зодож байсан. Зодох үедээ байнга согтуу байдаг гэх мэдүүлгээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹711 тоот дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч зодуулж гэмтэл авсан талаараа мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн байцаалтанд сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹711 дүгээр шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Бадамцэцэгийн учирсан гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч П.Мэндбаярын дээрх байдлаар эхнэр Д.Бадамцэцэгийг зодсон санаатай үйлдэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий эхнэрийн эрүүл мэнд сэтгэл санааны эсрэг удаа дараагийн үйлдэл байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч П.Мэндбаярыг хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч П.Мэндбаярыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Д.Бадамцэцэг нь шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч П.Мэндбаяр нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Минтэв овогт Пүрэвжавын Мэндбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар П.Мэндбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мэндбаяр уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Мэндбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч П.Мэндбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч П.Мэндбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мэндбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР