| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00446/И |
| Дугаар | 152/ШШ2024/00511 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 152/ШШ2024/00511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч П.Болор, шүүгч Я.Урнаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А. М холбогдох,
Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,248,005 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Д
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ж
Хариуцагч: А.М
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б
Иргэдийн төлөөлөгч: С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч А.Мд холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,248,005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. А.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус төвийн номын санч Л.Ныг төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн Л.Н нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 152/ШШ2023/00113 дугаар шийдвэрээр Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Л.Ныг тус төвийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, мөн тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШШ2023/00252 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг шимтгэлийн нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс нийт 5,448,005 төгрөгийг Л.Над ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалд тооцож олгожээ. Төрийн албаны зөвлөлөөс иргэн А.Мд төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлэхэд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд 200,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрөө сарын бүрийн 15-ны өдөр 749,715 төгрөгөөр хувааж төлөх тухай хүсэлт ирүүлсэн боловч 2024 оны 06, 07, 08 дугаар сарын төлбөрүүдээ хийгээгүй бөгөөд 88171548 дугаар утсаа авахгүй байна. Иймд А.Мгийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 5,248,005 төгрөгийг Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох А.Мгаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн А.Мд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. А.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Соёлын төвийн номын санч Л.Над хариуцуулахаар тогтоосон тоног төхөөрөмж, эд хөрөнгийг үрэгдүүлсэн тул 02 тоот хөдөлмөрийн гэрээг 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дуусгавар болгож А.Ныг төрийн албанаас чөлөөлсөн байдаг. Л.Н нь төрийн албанаас чөлөөлөгдсөнийг эс зөвшөөрч тус аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу Л.Ныг төрийн албанаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож эгүүлэн албан тушаалд нь томилох шийдвэр гарсан. Улмаар Л.Н дахин шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 252 тоот шүүхийн шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох нь зүйтэй байна гэх шийдвэр гарч уг шийдвэрийг үндэслээд 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Л.Ныг Соёлын төвийн номын санчийн албан тушаалд эргүүлэн томилсон. Мөн 252 тоот шүүхийн шийдвэрийг үндэслээд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нийт 5,448,005 төгрөгийг Соёлын төвөөс Л.Над төлсөн байна. Дээрх баримтуудыг үндэслээд Төрийн албаны зөвлөлөөс А.Мд 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 02/757 дугаартай албан бичгээр төрд учирсан хохирлыг нөхөн төлнө үү. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу буруутай шийдвэр гаргасныг шүүхээс тогтоосон байна. Танд тодорхой хугацаа олгож байна гэх мэдүүлгийг хүргүүлсэн. Иргэн А.М нь төрийн албаны зөвлөлд 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр миний бие шүүхийн шийдвэрийн дагуу 5,448,005 төгрөгийг сар бүрийн 15-ны дотор 749,715 төгрөгөөр төлнө. Хэрэв 1 сар төлбөрөө төлөхгүй бол шүүхэд хандахыг зөвшөөрч байна. Хүсэлт гаргасан А.М гэх хүсэлтийг үнэмлэхийн хуулбар, Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх төрийн сангийн дансанд 200,000 төгрөг тушаасан баримтын хамт төрд учирсан хохирол хариуцсан ажилсан миний мэйл хаягаар ирүүлсэн байдаг. А.М хүсэлтдээ дурдсан 749,715 төгрөгөө төлөөгүй. 1 сар төлөхгүй бол шүүхэд хандахыг зөвшөөрсөн учраас Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын Төрийн албаны зөвлөлийн төрийн сангийн дансанд төлсөн 200,000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 5,248,005 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгч шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулаад тайлбар хэлье. Хамтран хариуцагчаар О.У гэх хүнийг оролцуулах ёстой гэдэг агуулгатай зүйл яриад байна. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч хэн бэ гэхээр төрийн албаны чиг үүргийг хэрэгжүүлсэн, цалин хөлсийг авсан, эрх эдэлж, үүрэг хариуцлагыг хүлээсэн ийм хүнийг төрийн албан хаагч гэнэ гэж тодорхойлсон. Хариуцагчаар оролцож байгаа А.Мгийн хувьд Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 10 дугаар сарын 07-ны өдөр Л.Нын хөдөлмөрийн гэрээг цуцлаад, ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан байсан. Тус буруутай шийдвэрийг хэн гаргасан бэ гэхээр тухайн эрх үүргийг хэрэгжүүлж, үүрэг хариуцлагыг нь хүлээж байсан А.М тус шийдвэрийг гаргасан байна. Буруутай албан тушаалтан нь А.М байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд уг шийдвэрийг гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. Тухайн үед албан тушаалтан байсан хүн тушаал шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцаж, гарын үсэг зурж ,тамга тэмдэг дарж баталгаажуулж, хүчин төгөлдөр болгож үүнээс цааш үүсэх үр дагавар эрсдэл гарсан учраас үр дагаврыг хариуцах ёстой хүн нь А.М байна. Учир нь үйлчилж байгаа хууль зүйн зохицуулалт нь төрийн байгууллагад эрх залгамжилна гэх асуудал нь хууль зүйн тийм зохицуулалт байдаг. Л.Ныг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээ цуцалсныг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаартай шийдвэр байдаг. Гэтэл Иргэний процессын хуульд шүүхийн шийдвэр бичгээр гартал 14 хоног гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэр бичгээр гараагүй байхад 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр буюу шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дотор О.У гэх хүн Л.Ныг ажилд нь эргүүлээд томилсон байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ажлаас хууль бусаар халсныг нь тогтоосон. Хэрвээ О.У гэх хүн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр эс үйлдэхүй гаргаад ажил албан тушаалд нь томилохгүй байсан бол энэ нь О.Уийн гэм буруугийн асуудал яригдана. Зарчмын хүрээнд 5 хоногийн дотор шүүхийн шийдвэр бичгээр гарахыг хүлээхгүйгээр биелүүлээд байгаа нь О.Уийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. А.Мгийн гаргасан тушаал шийдвэрийнх нь эрх зүйн үр дагавар нь үргэлжилж яваад О.У гэх хүн эрх залгамжлаад тухайн шийдвэрийг биелүүлж томилсон нь төрд учирсан хохирлыг бага хэмжээгээр тогтооход нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй юм. Шүүхийн шийдвэрт ажлаас хууль бусаар чөлөөлснийг тогтоогоод, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нөхөн төлүүлээд, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх шийдэхдээ 2023 оны 3 дугаар сарын 14-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгоод, ажилд нь эргүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаад, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хүлээн авахаас татгалзахаар шийдвэрлэсэн байдаг. Л.Нын хувьд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дахин шүүхэд нэхэмжилсэн. Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны 00252 дугаартай шийдвэрийн одоо тогтоох хэсгийн нэг дэх заалтаар Л.Над хууль бусаар чөлөөлөгдсөн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн хэлээд байгаа шиг Уийн гэм буруутай эс үйлдэхүйтэй холбоотой асуудал гарсан бол шүүхийн шийдвэр цаг хугацааг өөрөөр тогтоох байсан. Төрийн албаны зөвлөлөөс хариуцагчийг хариуцагчаар тодорхойлохдоо О.Уийг тодорхойлоогүй А.Мг тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч А.М шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.М миний бие Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргыг жирэмсний амралттай байх хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-нд өдөр Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын түр орлон гүйцэтгэгчийн ажлыг соёлын төвийн үндсэн дарга О.Ут хүлээлгэн өгсөн. О.У дарга миний гаргасан тушаалыг хүчингүй болгож Л.Ныг үүрэгт ажилд нь эргүүлэн томилж мөнгөн дүн нэмэгдүүлэхгүй байх боломж, эрх мэдэл байсан. Иймийн учир мөнгөн дүнг өсгөж цаг хугацаа алдсан хариуцагч хариуцах нь зүйн хэрэг. Мөн миний бие 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Энэ хугацаанаас хойших мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие үйлчлүүлэгч А.Мгийн байр суурийг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу эрх ашиг нь хөндөгдсөн Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа Л.Нын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох шийдвэрийг хариуцагчийн зүгээс гаргасан. 2022 оны 10 дугаар сарын долооны өдрийн шийдвэрээр Л.Нын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байдаг. Анхан шатын шүүхийн шийдвэрийн дагуу тухайн ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Иймд хариуцагч хэн байх ёстой юм бэ? гэдэгт хууль зүйн хувьд дүгнэлт хийх шаардлага байна. А.Мгийн хувьд 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын захирамжийн дагуу Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байдаг. Тус сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/07 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжийн дагуу Увс аймгийн Өндөрхангай сумын соёлын төвийн эрхлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үндсэн эрхлэгч нь жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусгавар болж ажилдаа орсон. Тухайн ажил олгогч өөрийн хууль бус шийдвэрийг өөрөө хүчингүй болгох эрх нь байгаа. Гэтэл А.Мгийн шийдвэрийг үргэлжлүүлээд яваад байгаа. Өнөөдөр анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу тухайн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр нь хууль бус болох нь тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалинг эргүүлээд авсан нөхцөл байдал байна. Хууль бус шийдвэр, хохирол учруулсан асуудал хэний үйлдлээс болоод үргэлжлээд байгаа гэх эс үйлдэхүй, хууль бус шийдвэрийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хэний буруутай үйл ажиллагаанаас болоод байгаа юм гэхээр О.Уийн үйлдэлтэй холбоотой байгаа. Энэ маргаанд Төрийн албаны зөвлөл яагаад О.Уийг хамтран хариуцагчаар татаж оруулж ирэхгүй байгаа вэ? А.Мг дангаараа хариуцах ёстой гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ны хоорондох хугацааны цалинг А.М хариуцах үүрэгтэй. Үүнээс цааш хугацааг хариуцах үүрэггүй. Учир нь хариуцагч тухайн Соёлын төвийн эрхлэгч биш болсон. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь Л.Н, хариуцагч нь О.У гэх хүнээр тодорхойлогдсон байсан. Миний үйлчлүүлэгчийн татгалзал нь үндэслэлтэй байгаа учраас хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Төрийн албаны зөвлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар Төрийн албаны зөвлөлийн даргаар томилох тухай тогтоол, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 дүгээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийдвэр, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаар шийдвэр, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр Л.Ныг Соёлын төвийн номын санчаар эргүүлэн ажиллуулах тухай тушаал, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн хүсэлт, Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн 04/401 дүгээр Төрд учирсан хохиролтой холбоотой баримт, мэдээлэл ирүүлэх тухай албан бичиг, Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс А.Мд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн 02/757 дугаар Төрд учирсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, А.Мгийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр МУ-ын Төрийн албаны зөвлөлд гаргасан хүсэлт, А.Мгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Э.Дгийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
7. Хариуцагчаас Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/07 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамж, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай А.Мг соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамж, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
8. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1605 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжийн дагуу Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр Л.Ныг Соёлын төвийн номын санчаар эргүүлэн ажиллуулах тухай тушаал, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг бүрдүүлсэн.
9. Иргэдийн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: А.М нь алба хааж байсан хугацааны төлбөрөө төлөх үндэслэлтэй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн, хариуцагч А.Мд холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,248,005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. А.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус төвийн номын санч Л.Ныг төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн Л.Н нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 152/ШШ2023/00113 дугаар шийдвэрээр Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Л.Ныг тус төвийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, мөн тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШШ2023/00252 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг шимтгэлийн нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс нийт 5,448,005 төгрөгийг Л.Над ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалд тооцож олгожээ. Төрийн албаны зөвлөлөөс иргэн А.Мд төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлэхэд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд 200,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрөө сарын бүрийн 15-ны өдөр 749,715 төгрөгөөр хувааж төлөх тухай хүсэлт ирүүлсэн боловч 2024 оны 06, 07, 08 дугаар сарын төлбөрүүдээ хийгээгүй бөгөөд 88171548 дугаар утсаа авахгүй байна. Иймд А.Мгийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 5,248,005 төгрөгийг Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох А.Мгаас гаргуулж өгнө үү гэв.
2.2. Мөн Төрийн албаны зөвлөлөөс хариуцагч А.Мд хууль бус шийдвэрийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай удаа дараа мэдэгдсэний дагуу хариуцагч нь төрд учруулсан хохирол 5,248,005 төгрөгийг тодорхой хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, 200,000 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж, хугацааны талаар тохиролцсон боловч тохирсон хугацаанд хохирлыг төлөх үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандсан гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. А.М миний бие 2022 оны 11 дүгээр сарын 21-нд өдөр Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын түр орлон гүйцэтгэгчийн ажлыг соёлын төвийн үндсэн дарга О.Ут хүлээлгэн өгсөн. О.У дарга миний гаргасан тушаалыг хүчингүй болгож Л.Ныг үүрэгт ажилд нь эргүүлэн томилж мөнгөн дүн нэмэгдүүлэхгүй байх боломж эрх мэдэл байсан. Иймийн учир мөнгөн дүнг өсгөж цаг хугацаа алдсан хариуцагч хариуцах нь зүйн хэрэг. Мөн миний бие 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Энэ хугацаанаас хойших мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй.
3.2. Төрийн албаны зөвлөлөөс удаа дараа над руу холбогдоход миний бие хууль мэдэхгүй, тухайн үед айж сандарсан учраас тодорхой хугацаанд 5,248,005 төгрөгийг төлж барагдуулах тухай тайлбар гаргасан. Гэхдээ дараа нь өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад би өөрийнхөө ажиллаагүй хугацааны цалинг хариуцахгүй юм байна гэж бодсон учраас дахин төлбөр төлөөгүй гэв.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч А.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 дүгээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай захирамжаар Соёлын төвийн номын санч Л.Нын хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дуусгавар болгосон ба дээрх тушаалыг Л.Н эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.Нын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, Л.Ныг Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоожээ.
4.2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,761,660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Над олгож, нэхэмжлэгч Л.Нын ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвд даалгаж шийдвэрлэжээ.
4.3. Дээрх шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгч Л.Над Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 547,591 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 542,052 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 296,645 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 53,156 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,717,424 төгрөг, нийт 5,356,868 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон болох нь төлбөрийн хүсэлтийн баримтуудаар тогтоогдсон, зохигчид уг үйл баримтад маргаагүй.
4.4. Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн дарга О.У шүүхийн шийдвэрийн дагуу Л.Ныг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус соёлын төвийн номын санчийн ажлын байранд ажиллуулах тухай 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дугаартай тушаал гаргажээ.
5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, мөн хуулийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан.
Уг хуулийн зохицуулалтаас дүгнэхэд төрийн албан хаагчийн бусдад учруулсан гэм хорыг төр хариуцах боловч тухайн албан хаагч нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
Харин Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийг төлөөлөн хариуцагч А.Мгаас хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.
6. Хариуцагч А.М нь өөрийн хууль бус шийдвэрийн улмаас төрд хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй харин гэм хорыг хариуцан арилгах хэмжээний талаар маргаж байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж заажээ.
Хариуцагч А.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар А.Мг соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамжаар сумын соёлын төвийн дарга О.Уийн төрөх, хүүхэд асрах чөлөөний хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн түр томилогдон ажиллаж байгаад тус сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/07 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамжаар Соёлын төвийн дарга О.Уийн жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр цуцалжээ.
Харин О.У нь Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын хувьд иргэн Л.Нын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээх шийдвэр гаргах боломжтой байсан боловч Л.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөн оролцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай тайлбар гаргажээ.
Улмаар Л.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвд холбогдох иргэний хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байх бөгөөд хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн дарга О.У нь Л.Нын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр сэргээсэн болох нь тогтоогдож байна.
Иймд Л.Нын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан, үүний улмаас төрд 5,248,005 төгрөгийн хохирол учирсанд зөвхөн хариуцагч А.Мг буруутгах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч А.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргаар ажиллаж байхдаа буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Л.Нын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргасан ба 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөнөөр соёлын төвийн даргын хувьд хэрэгжүүлэх эрх, үүрэг дуусгавар болсон байх тул дээрх хугацааны гэм хорын хохирлыг хариуцан арилгах нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч талаас хариуцагч А.Мгийн хууль бус шийдвэрийн улмаас төрд 5,448,005 төгрөгийн хохирол учирсан, хариуцагч нь 200,000 төгрөгийг төлсөн тул 5,248,005 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчаас 1,179,531 төгрөг гаргуулж, гэм хорыг арилгасан байгууллага буюу Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвд олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Тодруулбал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШШ2023/00252 дугаар шийдвэрээр хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс нэхэмжлэгч Л.Нын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,761,660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч хуулийн этгээдэд даалгаж шийдвэрлэжээ.
Ийнхүү шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Л.Нын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,761,660 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байхад тус Соёлын төв нь ямар үндэслэлээр шүүхийн шийдвэрт заасан хэмжээнээс 595,208 төгрөгийг Л.Над илүү олгосон нь тодорхойгүй байх бөгөөд үүнд хариуцагч А.Мг буруутгах үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь ямар баримтад үндэслэн хариуцагч А.Мгаас 5,448,005 төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй байна.
Иймд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон Л.Нын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,761,660 төгрөгөөс хариуцагч А.Мгийн хариуцан арилгавал зохих гэм хорын хохирлын хэмжээг тооцвол,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хоорондох 31 өдрийн /нэг өдрийн цалин 44,501х31=1,379,531/ цалин болох 1,379,531 төгрөг, үүнээс А.Мгийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд төлсөн 200,000 төгрөгийг хасч үлдэх 1,179,531 төгрөгийг хариуцагч А.Мгаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэдийн төлөөлөгч С.Нгаас А.М нь алба хааж байсан хугацааны төлбөрөө төлөх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.
8. Түүнчлэн, нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч А.Мгаас хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 5,248,005 төгрөг гаргуулж, Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх Төрийн сангийн 100900021501 тоот дансанд төлүүлэх шаардлага гаргасан ба энэ тохиолдолд хариуцагч А.Мгаас гаргуулах 1,179,531 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд бус Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан журмын дагуу төрийг төлөөлөн гэм хорын хохирлыг гэм буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрхтэй боловч энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл иргэн Л.Над учирсан гэм хорыг хариуцан арилгасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төв албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан гэм хорыг хариуцан арилгасан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч А.Мгаас 1,179,531 төгрөгийг гаргуулж, тухайн гэм хорыг арилгасан хуулийн этгээдэд олгох нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт нийцнэ гэж үзлээ.
9. Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч А.Мгаас хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 1,179,531 төгрөг гаргуулж Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,068,474 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 1,179,531 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32,859 төгрөгийг хариуцагч А.Мгаас гаргуулж орлогод оруулах нь үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А.Мгаас хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 1,179,531 төгрөг гаргуулж, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,068,474 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Мгаас 32,859 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Я.УРНАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР