Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2024/01612

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01166/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас:*******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,

“Орон сууцнаас албадан гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Иргэн Н.******* би Дархан-Уул аймаг, ******* тоот 50.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Миний хүү Г. нь гэдэг эмэгтэйтэй 2005 оны орчим гэр бүлж болж, 10 орчим жил хамт амьдарч байгаад 2016 оны үед салсан. Одоо тус тусдаа өөр хүмүүстэй гэр бүлж болж Улаанбаатар хотод амьдарцгааж байна.

Би 2011 онд энэ орон сууцыг худалдаж авч хүү Г.ыг орон байргүй болохоор нь түр хугацаагаар гэр бүлийнх нь хамт оруулсан. Тэгээд тэдний гэр бүл амьдарч байгаад 2016 оны орчим салцгаахад ийн ээж ******* нь тэдний болон өөр нэг охиныхоо хүүхдийг харж тус орон сууцанд орж одоог болтол амьдарч байна. Би хүүхдүүд нь бага байсан болохоор нь байрнаас гарахыг шаардалгүй явсаар том ач хүүг 2022 онд Турк сургууль төгссөний дараагаас эхлэн орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч чөлөөлж өгөхгүй өдий хүрсэн.

Энэ орон сууцыг би хүү Г.ад өгөөгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ миний нэр дээр байдаг. Тэгээд ч хүүхдүүд гэр бүлээ цуцалж олон жил болж тусдаа амьдарч байхад Ж.******* нь орон сууцыг маань чөлөөлж өгөхгүй байгааг гайхаж байна.

Иймд Ж.*******г Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцнаас албадан гаргаж орон сууцыг минь чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.   

2.Хариуцагч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Дархан-Уул аймаг, ******* тоот 50.5 м.кв 4 өрөө орон сууцыг худалдаж авахад миний охин З. хүргэн Г. хоёр Солонгос улсад хамт ажилладаг байсан бөгөөд ажлынхаа цалин хөлсийг Н. данс руу хэсэгчлэн шилжүүлдэг байсан ба тус орон сууцыг тэр мөнгөөр нь авсан. Орон сууц авахад 2 хүүхдүүд байгаагүй учраас хүргэн Г. нь “Та өөрийнхөө нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авчих аа” гэж хэлж энэ байрны үл хөдлөхийн гэрчилгээ Н. нэр дээр гарсан. Энэ байрыг худалдан авахад Н.******* бид хоёрын оруулсан хөрөнгө гэж байхгүй.

Хүүхдүүд Солонгос улсаас ирээд 2 хүүхдийнхээ хамтаар энэ байранд амьдарч байсан. Хаягийн бүртгэл нь ч дээрх үл хөдлөх хөрөнгийн хаягаар байгаа. Хүүхдүүд сүүлийн жилүүдэд таарамжгүй харилцаатай болж хамт байхгүй байгаа бөгөөд энэ байранд нь би 2  хүүхдийг нь хараад хамт амьдарч байгаа юм. Ээж нь хотод ажил хийж байгаа болно.

Энэ үл хөдлөх хөрөнгө , нарын гэр бүлийн дундын хөрөнгө учраас энэ байрны хариуцагч нь би биш юм. Н.*******д хэлэхэд хүүхдийнхээ 2 ачийг өвлийн хүйтэн болж байхад байрнаас хөөж гаргах хатуу сэтгэл гаргаж байгаад нь би гайхаж байна” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000131527 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 5108018397 дугаартай Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хх 2-3, 9, 26-29 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0789 дугаартай итгэмжлэл, Дархан сумын 9 дүгээр багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах гэрээ (хх 18-19, 21, 60 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

5.Шүүхээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17/909 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймаг, ******* тоот эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээний хуулбар, 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/373 дугаартай хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээний хуулбар, 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн барьцааны гэрээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хуулбар, Төрийн банкны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай албан бичгийн хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.  (хх 34-46 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н. хариуцагч Ж.*******д холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...Би Дархан-Уул аймаг, ******* тоот 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Би энэ орон сууцыг 2011 онд банкны зээлээр худалдан авсан. Хүү Г.ыг орон байргүй болохоор нь түр хугацаагаар гэр бүлийнх нь хамт оруулсан. Тэгээд тэдний гэр бүл амьдарч байгаад 2016 оны орчим салцгаахад ийн ээж Ж.******* нь тэдний хүүхдийг харж тус орон сууцанд орж одоог болтол амьдарч байна. Би хүүхдүүд нь бага байсан болохоор нь байрнаас гарахыг шаардалгүй явсаар том ач хүүг 2022 онд Турк сургууль төгссөний дараагаас эхлэн орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч Ж.******* нь орон сууцыг маань чөлөөлж өгөхгүй байх тул тус орон сууцыг чөлөөлж өгнө үү” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

3.Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг “...Дархан-Уул аймаг, ******* тоот 50.5 м.кв 4 өрөө орон сууцыг худалдаж авахад миний охин З. хүргэн Г. хоёр Солонгос улсад хамт ажилладаг байсан бөгөөд ажлынхаа цалин хөлсийг Н. данс руу хэсэгчлэн шилжүүлдэг байсан ба тус орон сууцыг тэр мөнгөөр нь авсан. Орон сууц авахад 2 хүүхдүүд байгаагүй учраас хүргэн Г. нь “Та өөрийнхөө нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авчих аа” гэж хэлж энэ байрны үл хөдлөхийн гэрчилгээ Н. нэр дээр гарсан. Энэ байрыг худалдан авахад Н.******* бид хоёрын оруулсан хөрөнгө гэж байхгүй. Хүүхдүүд Солонгос улсаас ирээд 2 хүүхдийнхээ хамтаар энэ байранд амьдарч байсан. Хаягийн бүртгэл нь ч дээрх үл хөдлөх хөрөнгийн хаягаар байгаа. Хүүхдүүд сүүлийн жилүүдэд таарамжгүй харилцаатай болж хамт байхгүй байгаа бөгөөд энэ байранд нь би 2  хүүхдийг нь хараад хамт амьдарч байгаа юм. Ээж нь хотод ажил хийж байгаа болно. Энэ үл хөдлөх хөрөнгө Г., З. нарын гэр бүлийн дундын хөрөнгө учраас энэ байрны хариуцагч нь би биш юм. Н.*******д хэлэхэд хүүхдийнхээ 2 ачийг өвлийн хүйтэн болж байхад байрнаас хөөж гаргах хатуу сэтгэл гаргаж байгаад нь би гайхаж байна” гэж тайлбарлажээ.

4.Хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Төрийн банкны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай Төрийн банкны албан бичиг зэргээр:

-Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байршилтай, 50.5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Н.******* мөн болох нь тогтоогдож байна.

5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, өмчлөгч нь эзэмших эрхгүй этгээдээс өөрийн эд юмсыг буцаан шаардах эрхтэй.

6.Хариуцагч Ж.******* нь ...энэ үл хөдлөх хөрөнгө Г., охин З. нарын гэр бүлийн дундын хөрөнгө учраас энэ байрны хариуцагч нь би биш юм... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар өөрийнхөө татгалзлыг нотлоогүй болно.

7.Иймээс маргаан бүхий буюу чөлөөлүүлэхийг хүссэн орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Н.******* байх бөгөөд орон сууц хариуцагч Ж.*******гийн эзэмшилд байгаа, хариуцагч Ж.*******гийн эзэмшил хууль бус буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүй орон сууцанд оршин сууж байх тул түүний эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй байна.

8.Хариуцагч Ж.******* болон хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нарт 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

9.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Ж.*******гийн хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байршилтай, 50.5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН