Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 80

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч П.Н,

Шүүгдэгч Б.Батаа /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Батаад холбогдох эрүүгийн 1711013610016 дугаартай хэргийг 2018 оны 1 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Үхэр онход овогт Б.Б, 1976 оны 7 сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 17 дугаар байр 71 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:РГ76072017/

 

Шүүгдэгч Б.Батаа нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Б.Батаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2017 оны 11 сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 17 дугаар байрны 71 тоот дахь гэртээ эхнэр Э.Гэрэлмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батаа мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Ж.Гэрэлмаагийн Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-12-13, 18-19/, Б.Батаагийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-2, 20/, гэрч И.Юмжав /хх-21/, мэдүүлэг, гэрч Э.Болортуяа /хх-23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ¹14624 дүгээр тогтоол, Б.Батаагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Батаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 17 дугаар байрны 71 тоот дахь гэртээ эхнэр Э.Гэрэлмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Ж.Гэрэлмаагийн /хх-18-19/: ..тэр оройдоо Батаа ирээгүй бөгөөд шөнө би унтаж байхад 02 цаг 30 минутын үед Батаа над руу залгаад манай гэрт архи байгаа билүү гэхээр нь битгий хуцаад бай новшоо гээд гар утсаа салгасан. 04 цагийн үед халамцуу орж ирснээ хоёулаа юм яръя гээд гал тогооны өрөө рүү намайг дагуулаад орсон. Гал тогоонд байхад Батаа эхлээд 100 гр-н архи уусан. Тэрний дараа харахад 5 цаг өнгөрч байхаар нь одоо унтах өнгөрсөн юм байна гээд урьд Батаагийн ууж байсан 0,75 гр-н Тайга нэртэй архи гаргаж ирээд ширээн дээр тавьсан. Тэр архинаас би Батаагийн хамтаар аньсны шүүсэнд хольж байгаад 4 орчим хундага уусан. Уг архийг ууж байхад бид 2 маргалдаж байсан. Хамаатан садан болон жижиг зүйлүүдээс болоод маргалдаж байсан. 06 цаг болж хүүхэд босож би хоол цай хийж өгөөд хичээлд нь хүргэж өгчихөөд гэртээ ирэхэд Батаа унтаж байхаар нь шөнөжин намайг нойргүй хонуулчихаад өөрөө юу ч болоогүй юм шиг унтаад байхаар шүүр аваад хөл нуруу нь нэлээн хэд цохиод Батааг босгож ирсэн. Гал тогоонд ороод маргалдаж байхад Батаа шууд үсдэж дараад толгой руу цохиж эхэлсэн. Тэр үед нөгөө өрөөнд унтаж байсан Болортуяа гарч ирээд ахаа болиоч гээд орилоход Батаа сүрийг үзүүлэх үүднээс хутга барьчихсан байсан…” гэсэн мэдүүлэг

 

 Гэрч Э.Болортуяагийн “…би өрөөндөө ороод шууд унтчихсан байсан нэг мэдсэн түс няс хийх чимээ гарахаар нь босоод гал тогооны өрөөнд ороход Батаа ах Гэрэлмаа эгчийг үсдээд доош нь дарчихсан үснээс нь зулгаасан байдалтай газраар нэг цус үс болчихсон байсан. Би очоод болиоч энэ тэр гээд Батаа ахыг эгчээс холдуулаад авчихсан чинь Гэрэлмаа эгч босож ирээд чи намайг яаж байгаа юм гээд Батаа ахыг 2 удаа алгадсан чинь бүр аймаар уурлаад бид 2 луу дайраад эхэлсэн. Батаа ах уурлаж байгаад бид 2 луу шууд дайраад ална гээд шууд хутга аваад бариад зогсоод байхаар нь айгаад ойртож чадаагүй. Тэр үед эгчийг барьж аваад нүүрэн тус газар гараараа цохиж, хутганыхаа ишээр толгой дээр нь цохиод байсан. Би тэр үед цагдаа дуудъя гэж бодоод өрөө рүүгээ ороод гар утсаа бариад зогсож байсан чинь араас Батаа ах хүрч ирээд миний гар утсыг аваад гал тогооны өрөө рүү явсан. Би нөгөө өрөөнд байхад ахиад түс тас хийх чимээ гараад эгчийг зодоод байхаар нь араас нь гал тогооны өрөөнд орсон гэсэн мэдүүлэг,

 

Б.Батаагийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-2, 20/ “..надтай маргалдаж байгаад нилээн хэдэн удаа гар мөр зэрэг газар луу гараараа цохихоор нь тэсэлгүй үсдэж авч байгаад 2 удаа нүүрэн дундуур нь алгадсан..” гэсэн мэдүүлгээр болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14621 тоот дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч зодуулж гэмтэл авсан талаараа мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн байцаалтанд сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14621 дүгээр шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.Гэрэлмаад учирсан гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Батаагийн дээрх байдлаар эхнэр Ж.Гэрэлмааг зодсон санаатай үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Батааг хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Батааг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Ж.Гэрэлмаа нь шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Батаа нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үхэр Онход овогт Батбаатарын Батааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Батааг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батаа уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Батаа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Батаа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүгдэгч Б.Батаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР