Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 310

 

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1487 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1098 дугаар магадлалтай, Б.Бд холбогдох 1806064451665 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор А.Оюунгэрэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

7 дахь заалтад “мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэснийг “мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

“Шүүгдэгч Б.Бын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр цагдан хорих 461 дүгээр ангид нэн даруй хүргэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл Хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасагт даалгаж,

“Шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялын хугацааг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай” гэсэн нэмэлт заалт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хяналтын прокурор А.Оюунгэрэл бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Б.Бд холбогдох эрүүгийн 1806064451665 дугаартай хэрэгтэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “....шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан дараах нөхцөл байдал илэрсэн байна. Үүнд:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн” гэж дүгнэн 01 дугаар дүгнэлт гаргажээ.

Монгол Улсын Их хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулах тухай” холбогдох заалтуудад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ...” шинэ нөхцөл илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна.

Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулсан магадлалын заалтыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан хяналтын шатны шүүхэд прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэлийн бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэх үед давж заалдах болон хяналтын шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж өөрчлөх эрх хэмжээтэй байжээ.

Ийнхүү давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Бд анхан шатны шүүхээс оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жил болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй юм.

Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасны “... хүндрүүлж ...", “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “...шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад өөрчлөлт оруулжээ.

Иймд Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Улсын Их хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан буюу оногдуулснаас хөнгөн ял хэрэглэх үндэслэл болох” шинэ нөхцөл байдал нь тухайн шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэлд хамаарч байх тул энэ талаар прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Бд оногдуулсан ялыг 2 жил хорих ял болгон хүндрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1487 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1098 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Б.Бд 2 жилийн хугацаагаар хорих ял...” гэж хүндрүүлж өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 183 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож торгох ялаас 2.745.000 төгрөгийг хасаж тооцон, эдлэх ялыг 7.255.000 төгрөгөөр тогтоож, түүнийг нэн даруй сулласугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН