Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/01113

 

Б.Мэндбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03646 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1247 дугаар магадлалтай,

Б.Мэндбаярын нэхэмжлэлтэй

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2388 дугаар шийдвэрээр 57 402 750 төгрөгийг “Юу Би Капитал Кредит” ББСБ-д төлөхөөр шийдвэрлэсний дагуу миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 125 дугаар байрны 25 тоот 3 өрөө 72.72 м.кв орон сууцаа бид 180 000 000 төгрөгөөр үнэлсэн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь бидний үнэлгээний 50 хувь буюу 90 000 000 төгрөгөөр үнэлсэн гэх мэдэгдлийг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уг үнэлгээг огт хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай орон сууц нь хотын төвд, төв зам дагуу А зэрэглэлийн бүсэд оршдог тул үнэлгээ харьцангуй өндөр байдаг. Иймд үнэлгээг хүчингүй болгуулж, хөндлөнгийн шинжээч томилуулж үнэлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй байх тул Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 14 хороолол Энхтайваны өргөн чөлөө 125 дугаар байрны 25 тоот 3 өрөө 72,72 м.кв орон сууцыг битүүмжлэн төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авахад өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг 180 000 000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг төлбөр авагч тал зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувь буюу 126 000 000 төгрөгөөр 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан ч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4.-т заасны дагуу талуудын харилцан тохиролцсон 180 000 000 төгрөгийн 50 хувь болох 90 000 000 төгрөгөөр 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Гэвч өмчлөгч Байгалмаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээтэй холбоотой гомдол гаргаснаар уг хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4116 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1129 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015 оны 838 дугаар тогтоолуудаар тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасныг үндэслэн тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.3.-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03646 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4.-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдох Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Мэндбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Мэндбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2016/04140 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1247 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Мэндбаяр нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Б.Мэндбаяр нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2388 дугаар шийдвэрээр “Юу Би Капитал Кредит” ББСБ-д 57 402 750 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас барьцааны хөрөнгө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 125 дугаар байрны 25 тоот 3 өрөө байрыг битүүмжилж, хураасан, төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тул үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авсан баримт хэрэгт авагдсан байна.

Дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Б.Мэндбаяр, О.Байгалмаа нарын зүгээс үл хөдлөх хөрөнгийн үнийг 180 000 000 төгрөг гэж санал өгснийг төлбөр авагч зөвшөөрсөн, шийдвэр гүйцэтгэлийн албанаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., 177.4.-т зааснаар уг үнийн 70 хувиас анхны албадан дуудлага худалдааны доод үнэ, 50 хувиас хоёр дахь дуудлага худалдааны доод үнэ тогтоогдох журамтайг танилцуулж  мэдэгджээ. /хх-37, 38, 42-43/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д дуудлага худалдаагаар худалдагдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоож болохыг заасан бөгөөд талууд дээрх замаар үнийг тогтоосон тул шинжээч томилох шаардлагагүй, улмаар уг үнээс анхны болон хоёр дахь дуудлага худалдааны доод үнэ Иргэний хуулийн 177 дүгээр зүйлийн 177.1., 177.4.-т зааснаар тогтоогдох журамтай байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаа хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

Нөгөө талаар үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч О.Байгалмаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байх ба өмчлөгч нар тус тусдаа үнэлгээний талаар нэхэмжлэл гаргажээ. Үүнээс үзэхэд Б.Мэндбаяр нь үнэлгээний талаар гомдол гаргах үндэслэлгүй, түүний хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Монголд Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03646 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1247 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА