Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/005

 

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******ийн  өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 1 дүгээр  сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2214001420316 тоот хэргийг 2023 оны ******* сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ...******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн үед Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутагт байх “Хуудас” гэх газарт амь хохирогч *******тай маргалдаж улмаар харилцан зодолдож, нүүр хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын  тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******т оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн нэхэмжлэлийн шаардлага болох амь хохирогчийн оршуулгын зардал 11,756,470 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батбаярын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч *******: *******ийн хувьд талийгаач хүүд “би чиний 100 ямааг 100.000 төгрөгөөр худалдаж авна. 2 машины 1-г авна. Дунд хүүхэд чинь миний хүүхэд, хүүхдээ үнсье. Би чиний 3 хүүхдийг эхнэртэй чинь алахад хууль надад үйлчлэхгүй. Хаанаас ч гарна. Би цагдаа ахтай. Гурван хүүхдийг чинь алхчхаад эхнэрийг чинь хүчиндэнэ” гээд хэрүүл үүсгэн  дарамталж зодооныг эхлүүлсэн бөгөөд урьд өмнө нь 2020 оны 8 дугаар сард сумын төвд талийгаачийг зодож байсан. Энэ байдлаас үзэхэд санаатай хэргийг өдүүлж, талийгаачийн бие олон тооны гэмтэл учруулж зодсон. Энэ хэргийн улмаас хүү амиа хорлосон. Миний хувьд гомдолтой байна, 11.756.470 төгрөгийг *******оос нэхэмжилж байна. /1хх 144-145/ гэж тодорхой баримт, нотолгоог анхан шатны шүүхэд бичгээр гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт  тайлбарлан мэдүүлсэн.

2. ******* талийгаач Ж.Жаргалсайханыг удаа дараа  2020 оны 8 дугаар сард, 2021 оны 1 дүгээр сарын 13-нд зодсон талаар мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх дээрх явдлыг нотлох баримтыг үнэлж, дүгнэлгүйгээр  шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн Улаанбаатар болон орон нутгаас ирсэн ах дүүсийн авсан эд зүйлс 805.970 төгрөг, шатахууны зардал 1.414.000 төгрөг, шашин буяны үйлчилгээнд мөн оршуулгын зардалд 8.536.500 төгрөг хэргийн талаар мэдүүлэг өгөх, дуудсан цагт нь / Цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага дээр/ ирж буцсаны зардал 920.000 төгрөг нийт 11.756.470 төгрөг /бусад зардал гэх мэтийг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан/ нэхэмжилжээ гэж дурдсан хэдий ч хохирол, нэхэмжлэлийн аль  хэсгийг хэрхэн шийдсэн болон нэхэмжлэлийг иргэний хэрэгт гаргах эрхтэй дурдалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас үүссэн шалтгаант холбоо буюу шууд бус ч зайлшгүй учирсан “Талийгаачийн хамар ясны хугарал, зүүн нүдний доод булан, хамрын угийн зулгаралт, зүүн тохойн зулгаралт, баруун доод зовхины  цус хуралт гэмтэл тогтоогдлоо... үхэлд хүрэхэд нөлөөлөхгүй... Талийгаач нь галт зэвсгийн гэмтлийн улмаас нас баржээ... гэсэн нь гэмт хэргийн шалтгаант холбоо болохыг нотлон харуулж байгаа бөгөөд хохирол нэхэмжлэлийг гаргах, төлүүлэх эрх хууль ёсны төлөөлөгчид байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж анхан шатны шүүхийн тогтоолыг алдаатай, шийтгэх тогтоол нь нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

 Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйл “Иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхисны холбогдол” 36.5 дугаар зүйл “Иргэний нэхэмжлэлийг хангах”  гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул гомдлын үндэслэлийг магадлан шинжлэн судалж анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоолын зарим хэсгийг өөрчлөн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангаж, иргэний хэргийн шүүхэд хандах эрхийг нээж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх нь прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хянан хэлэлцээд шүүгдэгчийг гэм уруутайд тооцсон. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан амь хохирогчийн оршуулгын зардлыг *******оос гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох гэснийг хэвээр үлдээж Харин давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцохоор сум орон нутгаас ирэх, явах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналыг гаргаж байна гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа;

Өмнөх саналаа бүрэн дэмжиж байна. Уг хэрэгт амь хохирогч амиа хороосон болохоос *******ийн үйлдлээс болж амь хохирсон асуудал биш. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцохоор сум орон нутгаас ирэх, явах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байх. Мөн шүүгдэгч *******т оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд  гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батбаярын гомдолд   үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн үед Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутагт байх “Хуудас” гэх газарт амь хохирогч *******тай маргалдаж улмаар харилцан зодолдож, нүүр хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн үед Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутагт байх “Хуудас” гэх газарт амь хохирогч *******тай маргалдаж улмаар харилцан зодолдож, нүүр хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийн үйл баримт тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь:

1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дугаар талд   авагдсан

“... 2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цаг болж байхад манай бэр утсаар залгаад “талийгаач өөрийгөө буудчихлаа” гэж хэлэхээр нь... би цагдаагийн байгууллагад хэлээд өглөө 07 цагийн үед ирээд талийгаач хүү *******ы байсан гэр рүү шагайж харахад талийгаач толгойгоороо газар мөргөж, 2 гарын тохойгоор нугалж газар тулсан, зүүн гарын тохой хэсэгт бууны ам гозойж харагдаж байсан юм. Гэрийн шалаар цус болсон харагдаж байсан юм.

... миний хувьд гомдолтой байна. 11,756,470 төгрөг нэхэмжилж байна...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 151-154 дүгээр талд авагдсан “... Талийгаач машины араас тойрч гүйж байгаад халтирч унахад ******* очоод чулуугаар нүүр рүү нь цохиод ...Талийгаач ... гэртээ ороод иртэл ******* ...“хүүхдүүдийг чинь ална, бүгдийг чинь хүйс тэмтэрнэ” гэж хэлээд... талийгаачийг барьж аваад хоорондоо зодолдоод, ...хоёулаа гараад гэрийн үүдэн дээр нэгнийгээ цохиж аваад зууралдаж байгаад ....талийгаач ... баруун талын орон дээр хэвтэхэд ******* дээр нь гарч мордоод талийгаачийн нүүр, толгой руу нь гараа зангидаж байгаад цохиж байгаад “би танай эхнэрийг хүчиндсэн. Чи өөрөө өөрийнхөө амийг хорлооч хүнд битгий гай бол” гэж хэлээд байсан. Тэгээд талийгаач “эвлэрье” гэж хэлээд орон дээр сууж байгаад талийгаач *******ийн гэдэс рүү нь өшиглөхөд ор, цоохор хайрцаг 2-н дунд унасан. ..******* зугтаагаад гэрээс гараад... талийгаач унины мод бариад гарч яваад портер машины хажууд хоорондоо зодолдоод... “би хүн алчихлаа” гээд талийгаач орж ирэхээр нь “чи хүн алаагүй хоёулаа гаръя” гэхэд намайг гараад “хүүхдүүдээ аваад ир” гэж хэлэхээр нь би гарч хүүхдүүдээ хайхад хүүхдүүд олдоогүй. Тэгж байтал талийгаач намайг дуудахаар нь эргээд гэртээ орж ирэхэд талийгаач буугаа чамархайдаа тулгасан байхаар нь “болохгүй ш дээ” гэж хэлэхэд буу дуугараад талийгаач газар унасан юм...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар талд авагдсан “... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн үед ... ******* ах аав руу дайраад ...гэрийн гадаа зодсон. Зодохдоо аавыг зүүн талын нүдний доод тал руу нь чулуугаар цохисон мөн гэдэс рүү нь цохисон....” гэх насанд хүрээгүй гэрч ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан “... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө унтаж байхад ...“буу алдчихлаа” гэхээр нь гэрт нь очиход өнөөдрийн байдалтай байсан юм. Намайг гэрт нь очиход 03 цаг болж байсан....” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр талд авагдсан “... гэр рүүгээ явж байгаад зогсоход хүргэн ахын нүд рүү талийгаач өшиглөсөн гээд баруун нүдний дээд зовхи нь хагараад цус гарсан байсан. Гэрт байсан хүмүүс бүгд дунд зэргийн согтолттой байсан. Гэрт байсан хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдсан, зодолдсон зүйл байгаагүй. Талийгаач, *******ийн нүүр болон ил харагдах хэсгүүдэд хавдсан, хөхөрсөн, шалбарсан, цус гарсан зүйл байгаагүй...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар талд авагдсан “...талийгаачийн гэрийн урд талаас хүргэн ахыг очиж авахад нүүр нь цус болсон байсан. Замд явж байхдаа... талийгаач ирээд нүд рүү өшиглөсөн гэж ярьж байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 231-233 дугаар талд авагдсан “..Талийгаач бид 2 маргалдах шалтгаан байгаагүй талийгаач бие засаад орж ирээд миний хамар руу цохихоор би гэрээс нь гарахад араас юмаар цохисон тэгээд би унахад хувцсаар боосон тэр үед би хувцсаа тайлж байж мултрах юм байна гэж бодоод дээлийн энгэр, куртикний цахилгааныг тайлсан тэр үед зүүн нүд рүү цохисон толгой манараад явахаар нь нүүр рүү гараа зангидаж байгаад түлхэхэд арагшаа унахаар нь би хувцсаа тайлаад шууд зугтаагаад явсан, талийгаач тэндээ хоцорсон юм. Тухайн гэмтлүүдийг би учруулаагүй, талийгаачийг бооход нь 1 удаа гараа зангидаж байгаад нүүр рүү нь түлхсэн юм...” гэх шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 114-123 дугаар талд авагдсан “...Талийгаач *******ы цогцост галт зэвсгийн сум толгойн зүүн шанаа хэсгээр нэвтэрч орж, зүүн чамархай яс, тархины хатуу хальс ба тархины эд суурь болон баруун чамархай ясанд баригдаж сумны хошуу нэвтэрч гараагүй гэмтэл, хамар ясны хугарал, духны шарх, дух, зүүн нүдний дотор булан, хамрын уг, зүүн доод зовхины гадна булан, зүүн тохойн зулгаралт, дух, баруун доод зовхины цус хуралт, хэвлий, зүүн ташаан хуучин зулгаралт .гэмтэл нь галт зэвсгийн нэг удаагийн үйлчлэлээр бууны хошуу руу зүүн шанаа хэсгээр хүрэлцсэн байрлалд үүсгэгдсэн, талийгаач нь дээрх галт зэвсгийн гэмтлийн улмаас нас баржээ.

Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 27 промилли, ходоодны шингэнд 2.8 промилли спиртийн зүйл илэрсэн нь талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой,  галт зэвсгийн гэмтэл нь гэмтлийн хүнд, хамар ясны хугарал, духны шарх, дух, зүүн нүдний дотор булан, хамрын уг, зүүн доод зовхины гадна булан, зүүн тохойн зулгаралт, дух, баруун доод зовхины цус хуралт гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, хамрын угийн зулгаралт, духны шарх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн гэмтэл...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 1******* сарын 27-ны өдрийн 84 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж  шийдвэрлэхдээ шүүгдэгч  *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  гэж дүгнэн шүүгдэгч *******т гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэснийг буруутгах боломжгүй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, Улаанбаатараас ирсэн ах дүүсийнх нь авсан эд зүйлс 805.970 төгрөг, шатахууны зардал 1.414.000 төгрөг, шашин буян үйлчилгээ буюу оршуулгын зардал 8.536.500 төгрөг нийт 11.756.470 төгрөгийн зардлуудыг тус тус нэхэмжилсэн байх бөгөөд  анхан шатны шүүх “...хавтаст хэргийн 46-53 дугаар талд авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолд *******ийн буруутай үйлдлээс болж *******ы амь хохироогүй болох нь тогтоогдсон мөн тэрээр галт зэвсгийн гэмтлийн улмаас нас барсан байх тул шүүгдэгч *******оос  амь хохирогчийн шашин, буяны үйлчилгээ буюу оршуулгын зардал, өмгөөллийн хөлс, ах дүүсийнх нь авсан эд зүйлсийн зардал, оршуулгын болон бусад ажилд хэрэглэсэн шатахууны зардалд нэхэмжилсэн 11.756.470 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй ...,.... хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын болон бусад зардалд нэхэмжилсэн 11.756.470 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар  нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдах үр дагавар үүсдэг болохыг анхаараагүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохиролтой холбоотой  гаргаж өгсөн нотлох баримтуудыг нягтлан үзэхэд  шүүгдэгч *******ийн гэмт үйлдлийн улмаас  талийгаачийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирснаас үүссэн  хохирлын талаар тооцоо гаргах боломжгүй, тодорхойлоогүй байх тул   энэ асуудлаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иймд “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн Улаанбаатар болон орон нутгаас ... хэргийн талаар мэдүүлэг өгөх, дуудсан цагт нь цагдаа, прокурорын байгууллага дээр ирж буцсаны ... хохирол нэхэмжлэлийг.. иргэний хэргийн шүүхэд хандах эрхийг нээж өгнө үү...” гэх хэсгийг хангаж, анхан шатны шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4-т    заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 1 дүгээр  сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  7 дахь заалтад

“Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн нэхэмжлэлийн шаардлага болох амь хохирогчийн оршуулгын зардал 11,756,470 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардлуудыг  хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбоотой хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН,

Н.ЭНХМАА