Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 136/ШШ2024/00532

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, Дорноговь аймгийн Сайншанд сумын ** дугаар баг, З ***** тоотод оршин суух, М овогт О О нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Г хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.О нь талийгаач Д Г хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ: Нөхөр Д.Г 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Сайншандын чиглэлд замын унаанд суун ирж байгаад Говьсүмбэр аймаг Шивээговь гэх газар авто ослын улмаас нас барсан ба гэрлэлтээ батлуулаагүйн улмаас 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр охин Г.С, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Г.Т нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох боломжгүй болсон учир шүүхэд хандсан гэж тодорхойлж байна. гэв.

2.Нэхэмжлэгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд гэр бүлээ бие биедээ танилцуулсан. 2019 онд том охин Г.С төрсөн. 2020 оноос тус Зүүнбаян багтаа бид тус тусын ажлаа хийдэг байсан. 2023 оны 10 сарын 14-ны өдөр бага хүү Т төрсөн. Зүүнбаян багтаа 2020 онд нэг гэрт тусдаа гарч байсан. 2024 оны 11 сарын 10-ны өдөр авто осолд орж нас барсан. 2020 оны 9 сарын 22-ны өдрөөс 2024 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтэй байна. Хоёр хүүхдэдээ тэтгэмж авах үүднээс хамтын амьдрал тогтоолгож байгаа. Хоёулаа ааваараа овоглосон байсан. Манай хүн заавал гэрлэж байж батлуулна гээд хийгээгүй байсан.

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, Г.С төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, Т төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/, Г нас барсны гэрчилгээний хуулбар /хх-7/, Дорноговь аймаг Сайншанд сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/506 дугаартай тодорхойлолт /хх-8/, Д.Б тодорхойлолт /хх-9/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10/, Ж.Н тодорхойлолт /хх-11/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-12/, Г.Ц тодорхойлолт /хх-23/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-24/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх Ж.Н, Г.Д нарыг гэрчээр асуув.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн хүсэлт нь хуулийн дээрх заалтад хамаарах тул шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлээд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Нэхэмжлэгч О.О нь Д.Г хамтын амьдралтай байсан боловч гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсны улмаас тэдний дундаас төрсөн хүүхэд болох Г.С, Г.Т нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж олгогдох боломжгүй нөхцөл байдал бий болсон тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

3.Нэхэмжлэгч О.О Д.Г 2020 оны 9 сарын 22-ны өдрөөс 2024 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 01/506 дугаартай М овогтой О О нь тус багийн иргэн бөгөөд охин Г С, хүү Г Т нарын хамт Баян-4 гудамжны 406 дугаар байрны 2 тоотод ам бүл 3 оршин суудаг болохыг тодорхойлов. Нөхөр Д Г нь 2024 оны 11 сарын 10-ны өдөр зуурдаар нас барсан болно. гэх тодорхойлолт, Г.С 4401000174 дугаартай, Г.Т 450745872653 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч О.О болон Д.Г нарын дундаас 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр охин Г.С 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Г.Т нар төрж, эцэг Д.Г овогложээ.

Мөн гэрч Ж.Н 2024 оны 12 сарын 11-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 2018 оны 7 дугаар сард нүүр нүүрээ харж албан ёсоор танилцаж байсан. 2018 онд танилцаад тэрнээс хойш хамт амьдарч эхэлсэн. 2018 оноос өмнө танилцсан байх. Гэрлэлтийн баталгаа байхгүй, хуримаа хийхээрээ батлуулна гэж байсан. Хамтран амьдрах хугацаанд охин С, хүү Г.Т нар төрсөн. Д.Г нь 2024 оны 11 сарын 10-ны өдөр зам тээврийн ослоор нас барсан. гэж, гэрч Г.Д шүүхэд 2024 оны 12 сарын 11-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 2017 онд танилцаж байсан. Тэр үед хотод оюутан байсан. 2018 оны 1 сараас хойш Улаанбаатар хотод хамт амьдарч эхэлсэн. Гэрлэлтийн баталгаа байхгүй, хуримаа хийхээрээ батлуулна гэж байсан. Хамтран амьдрах хугацаандаа 2019 оны 4 сарын 2-ны өдөр охин Г.С, 2023 оны 10 сарын 14-ний өдөр хүү Г.Т нар төрсөн. гэж нэхэмжлэгч О.О болон Д.Г нарыг хамтын амьдралтай байсан болохыг гэрчилж байна.

Талийгаач Д.Г нь 2024 оны 11 сарын 10-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 0188 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч О.О талийгаач Д.Г 2020 оны 9 сарын 22-ны өдрөөс 2024 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар М овогт О О нь талийгаач М овогт Д Г 2020 оны 9 сарын 22-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ГОНЧИГСУМЛАА