Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 136/ШШ2024/00533

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У хотын С дүүргийн * дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Х б төв байранд байрлах, Х б ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын * дүгээр баг, Л.А ** гудамж, **** тоотод оршин суух У овогт Д М холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19,314,613.26 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,

Хариуцагч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х б ХК нь Д.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,314,613.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х б нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Д овогтой М 2010101283 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 19,033,284 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Тодруулбал Х б нь зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, түүнийг зээлдэгч зөвшөөрсний үндсэн дээр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зорилгоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дах хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код цахим үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийн цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасны дагуу нууцын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон. Зээлийг олгосноос хойш 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч зээлийн төлбөрт 1,943,447.95 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 124 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд 2010101283 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 2010106034 дугаартай Зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн, үндсэн зээлийн төлбөр 17,722,642.16 төгрөг, зээлийн хүү 1,563,037.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,933.39 төгрөг, нийт 19,314,613.26 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч Д.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг авсан нь үнэн. 2025 оны 1 сараас 6 сар хүртэл 300,000 төгрөгөөр сар бүрийн 24-ний өдөр зээлийг дахь сараас 800,000 төгрөгөөр сар бүрийн 26-ны өдөр уг зээлийг дуусгаж төлөөд явна. Одоогоор ажилдаа орох боломжгүй бага насны хүүхэдтэй. гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х б ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, М иргэний үнэмлэхийн цахим лавлагааны хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дансны хуулга, Х б 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/918 дугаартай тодорхойлолт, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дансны хуулга зэргийг ирүүлжээ. /хх3-15/

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч Х б ХК нь Д.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,314,613.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн. Үүнд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Д овогтой М 2010101283 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 19,033,284 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Хариуцагч Д.М нь зээлийн гэрээний дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 17,722,642.16 төгрөг, зээлийн хүү 1,563,037.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,933.39 төгрөг, нийт 19,314,613.26 төгрөгийг хариуцагч Д.М гаргуулна. гэжээ.

3.Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Анх зээл авахдаа тухайн зээлийг манай нөхөр төлнө гэж тооцож байсан боловч одоо нөхөр байхгүй байгаа тул ганцаараа зээлийг төлөх боломжгүй байна. Хариу тайлбарт заасан хэмжээгээр хуваан төлөх боломжтой. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х б ХК болон хариуцагч Д.М нар нь 2024 оны 4 сарын 19-ний өдөр №2010101283 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь 19,033,284 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан байна.

Хариуцагч Д.М нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулаагүй байна.

5.Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээ хүчин төгөлдөр болох, зээлийн төлбөр болон нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүн, түүнийг тооцсон аргачлалын талаар талууд маргаагүй.

6.Харин нэхэмжлэгч тухайн зээлийн төлөх бодит боломжгүй болсон тул зээлийг нэн даруй төлж барагдуулахаас татгалзаж байна.

7.Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

8.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2024 оны 04 сарын 19-ний өдрийн №2010101283 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцоолол гэх баримтаас үзэхэд зээлдэгч Д.М нь зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх ба зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 17,722,642.16 төгрөг, зээлийн хүүд 1,563,037 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,933.39 төгрөг, нийт 19,314,613.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагч Д.М 19,314,613.26 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х б ХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

9.Нэхэмжлэгч нь зээлийг төлөхөөр тохиролцсон байсан ч нөхөр зээл төлөхөө больсон, бага насны хүүхэдтэй тул зээлийг нэг дор төлөх боломжгүй гэж тайлбарлаж байх ба дээрх үндэслэл нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй тул түүний тайлбар үндэслэлгүй болно.

10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.М зээлийн гэрээний үүрэгт 19,314,613.26 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б ХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М улсын тэмдэгтийн хураамжид 254,523 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х б ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА