Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 1

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,  

Шүүгдэгч А.Бадамсэрээжид нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их-Орших овогт Ариунболдын Бадамсэрээжидэд холбогдох эрүүгийн 1709005580242 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2017 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ”Лакс” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 2-р гудамжны нийтийн байрны 7-12 тоотод оршин суух, /Хэнтий аймаг Бор Өндөр сум4-р баг, Уурхайчин, геологи 17 дугаар гудамж 3 тоот гэсэн иргэний бүртгэлийн хаягтай/ урьд ял шийтгэлгүй, Их-Орших овогт Ариунболдын Бадамсэрээжид /РД: СК95061116/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Бадамсэрээжид нь 2017 оны 7 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” нэртэй бааранд үйлчлүүлж байсан иргэн Б.Цолмонбаатарын зүй бус харьцааны улмаас түүнтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Бадамсэрээжид нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 1709005580242 дугаартай хэргээс:

Шүүгдэгч А.Бадамсэрээжид нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 28-наас 29-ны шилжих шөнө "Лакс" бааранд хамгаалагчаар ажиллаж манай баарны 2 давхарт, 2 эмэгтэй, 1 эрэгтэй сууж байгаад нэг эмэгтэй нь над дээр байн байн ирээд “манай нөхөр намайг зодоод, манай найзтай үнсэлцээд байна” гэж хэлээд байсан ба сүүлдээ “манай найз эмэгтэйг хүчирхийлэх гээд байна” гэхээр нь би 2 давхарт тэр залуу дээр очоод хараад зогсож байхад надаас тусламж гуйсан эмэгтэй тэр эрэгтэйтэй хэрэлдээд байсан. Тэр эрэгтэй, эмэгтэйнхээ цамц, хөхөвчийг ханз татаад урсан. Тэгэхлээр нь би тэр эрэгтэйг “одоо боль, баарнаас гар” гэж хэлээд гаргах гэж тэр залуутай нилээн ноцолдсон ... гэх мэдүүлэг /хх 24/

 

            Хохирогч Б.Цолмонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “ ... 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 23.00 цагийн үед найз Жаргалсайхан, Өлзийсүрэн нарын эмэгтэйчүүдтэй хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, "Лакс" нэртэй бааранд орсон. Би тэр хоёртой хамт тухайн бааранд ороод 1 шил 0.75 литрийн “Болор” архи авч уугаад сууж байгаад хамт явсан Жаргалсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас жаахан маргалдаад нэг нэгнийгээ түлхэлцээд байж байтал тухайн баарны хамгаалагч гэх үл таних 3 эрэгтэй над руу гүйж ирээд учир зүггүй чирээд, гулдчаад өмд турсик урчихсан. ... Тэгээд газар дарж унасан ба нүүр хавдсан байсан. ... эрүү, нүүрний зураг авахуулахад эмч нь хэлэхдээ нүүрний баруун шанааны хэсэгт цөмөрсөн, хамар муруйсан, хамрын мөгөөрсөн яс нь муруйсан, мөн нүүрний зөөлөн эдийн гэмтэл хэд хэдэн газарт үүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

      Гэрч Б.Гантөмөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Бадамсэрээжид хэрэлдэж байгаад нүүр рүү нь түлхэхэд тэр залуугийн хамарнаас нь цус гарсан ... Тэгээд тэр залуу буйдан дээр суугаад гарахгүй гээд байхаар нь би тэр залууд учирлаад "одоо гарсан нь дээрээ" гэхэд тэр залуу "чамайг хэлж байгаа бол би гаръя, би бас хүндрэл учруулаад байх шиг байна" гээд гарах гээд босоод шат руу явж байхад хэсэг залуучууд юу болсон талаар асуугаад байхаар нь ширээ рүүгээ яваа гэж хэлээд эргээд нөгөө залуу руу хартал Бадамсэрээжид дээр нь дарсан хэвтэж байсан. ... Бадамсэрээжид, тэр залуу хоёр хоорондоо нэлээн маргалдаад гадаа гарсан. ... Бадамсэрээжид алгаараа нүүр рүү нь түлхэхэд хамарнаас нь цус гарсан юм ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹9674 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

  1. Б.Цолмонбаатарын биед хамар ясны далд хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи, хамар, хацар, цээж, дал, нуруу, бугалга, шилбэнд зулгаралт, зовхи, нүдний алимны салст, жавьж, хацар, хамарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ. /хх-ийн 19 дүгээр хуудас/,  

 

Гэрч Б.Азжаргалын мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, А.Бадамсэрээжидийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Бадамсэрээжид нь 2017 оны 7 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” нэртэй бааранд хамгаалалтын ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлчлүүлэгч иргэн Б.Цолмонбаатарын зүй бус харьцаа, үйлдлийг таслан зогсоох зорилгоор түүнтэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Бадамсэрээжидийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Цолмонбаатарын мэдүүлэг, гэрч Б.Гантөмөрийн мэдүүлэг,  ШШҮХ-ийн шинжээчийн  №9674 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

А.Бадамсэрээжидийн “…бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа…” хэмээн шаардлага тавьж Б.Цолмонбаатарыг зодож хөнгөн гэмтээсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         

Шүүгдэгч А.Бадамсэрээжидэд ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Бадамсэрээжидэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хохирогч Б.Цолмонбаатараас гэм хорын хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

Харин хохирогч Б.Цолмонбаатар нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.   

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Бадамсэрээжид нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Их-Орших овогт Ариунболдын Бадамсэрээжидийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бадамсэрээжидэд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бадамсэрээжидэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Бадамсэрээжид нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Цолмонбаатар нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бадамсэрээжидэд нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бадамсэрээжидэд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН