Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/006

 

*******ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 1 дүгээр  сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******ид холбогдох эрүүгийн 2214000000346 тоот хэргийг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:*******,

Шүүгдэгч ******* нь согтуугаар

1. 2022 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Баянхонгор аймгийн Баян-******* сумын ******* баг Элстэй гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ыг мотоциклоор хөөж, нуруун тус газарт нь мод, чулуугаар 4-5 удаа цохих зэргээр зодсон,

2. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-******* сумын ******* баг Элстэй гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ын зүүн хөлийн гуя хэсэгт нь нь хөлөөрөө 4 удаа өшиглөх зэргээр зодсон,

3. 2022 оны 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян- ******* сумын төвөөс ******* багийн нутаг дэвсгэрт байх гэр рүүгээ явах замд тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ын нүүр лүү нь гараараа 10 удаа цохиж, ар нуруу руу нь гараараа 5 удаа цохих зэргээр зодсон,

4. 2022 оны 11 дүгээр сарын 05- 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян- ******* сумын ******* баг Элстэй гэх газарт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ын зүүн талын дал, мөр, хэвлий, хөлийн гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, нүүр хэсэгт нь гараараа цохих, дээд уруулын баруун дээд талд тамхины цогоор түлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулд шарх, зүүн нүдний салстын цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацар, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, дал, мөр, хэвлийн баруун хэсэг, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 12 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

*******ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх боломж нөхцөлийг хуульчилж өгсөн.

Иймд эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх , ял оногдуулахгүйгээр тэнсэх, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх ялыг тус тус сонгож хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, зорчих эрх хязгаарлах ял шийтгэлийн зохицуулалт нь Эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчмын илрэл бөгөөд тэнссэн, болон, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдвэл хүлээх хариуцлага, үр дагаврыг ойлгож байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. 

Иймд *******ид оногдуулсан 12 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... Хэрэгт хийгдвэл цохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бүрдүүлсэн нотлох баримт болон анхан шатны журмаар хэргийн хянан хэлэлцсэн шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна. Мөн анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй ба анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023  оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******  тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хуулийн зорилго гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх байдаг. Прокуророос шүүгдэгч *******ийг юнителийн сүлжээ суурилагдаагүй газарт зорчих эрхийг хязгаарлах ялын эдлүүлэх боломжгүй талаар тайлбар хэлж байна. Гэтэл хууль шүүхийн өмнө  хүн бүр тэгш үйлчлэх ёстой. Шүүгдэгч ******* нь дөрвөн улирал нүүдэллэн мал маллаж амьдардаг хэдий ч сумын төвд гэр нь байрладаг. Хэрвээ шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан тохиолдолд тогтоосон газарт асуудлыг зохицуулан зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх боломжтой.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд  гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гомдолд   үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр

- 2022 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Баянхонгор аймгийн Баян-******* сумын ******* баг Элстэй гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ыг мотоциклоор хөөж, нуруун тус газарт нь мод, чулуугаар 4-5 удаа цохих зэргээр зодсон,

- 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-******* сумын ******* баг Элстэй гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ын зүүн хөлийн гуя хэсэгт нь нь хөлөөрөө 4 удаа өшиглөх зэргээр зодсон,

- 2022 оны 11 дүгээр сарын 05- 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян- ******* сумын төвөөс ******* багийн нутаг дэвсгэрт байх гэр рүүгээ явах замд тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ын нүүр лүү нь гараараа 10 удаа цохиж, ар нуруу руу нь гараараа 5 удаа цохих зэргээр зодсон,

- 2022 оны 11 дүгээр сарын 05- 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян- ******* сумын ******* баг Элстэй гэх газарт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ын зүүн талын дал, мөр, хэвлий, хөлийн гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, нүүр хэсэгт нь гараараа цохих, дээд уруулын баруун дээд талд тамхины цогоор түлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулд шарх, зүүн нүдний салстын цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацар, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, дал, мөр, хэвлийн баруун хэсэг, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь:

Хавтаст хэргийн 14-16, 24-27  дугаар талд  тус тус авагдсан

-“...Би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Амарбуянт хийд дээр ном хуруулчхаад дугуй хагарчихаар нь суман дээр хоночхоод маргааш нь хөдөө Баян-******* сумын ******* баг Элстэй гэх газар байх гэртээ очсон чинь манай нөхөр “чи яваад алга болчихлоо гээд уурлаад намайг зузаан гуя руу өшиглөж зодоод хэл амаар доромжилсон...”

- “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өглөө би сумаас Хишигтийг аваад ирсэн өдөр нь Хишигт айл руу явсан. Орой унтахын өмнө 22 цагийн үед манай нөхөр уурлаж намайг янхан, банзал, гичийгээр дуудаж байгаад миний зүүн талын хөлийн зузаан гуя хэсэгт 4 удаа хөлөөрөө өшиглөсөн.

- 2022 оны 11 дүгээр сарын 05-ны орой ...чи сумаас явах дургүй байна, янхан, банзал, гичий” гэх үгсээр дуудаад “чиний ах, дүү нар миний амьдралд оролцож байдаг” гэж хэлээд эхлээд баруун талын гарын ар хэсгээр нүүр лүү 10- аад удаа цохисон. - ар нуруу руу гараараа 5 удаа хамгийн сүүлийн цохилт нь гэрт очихоос 20 гаран километрийн наана нуруу руу цохисон. ... гэртээ шөнө 03 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал дахин нөхөр ******* надаас танай хотын ах миний амьдралд оролцдог гээд мөн л “янхан, банзал, гичий” гэх үгсээр дуудаж доромжилж байгаад зүүн талын далны ар хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөд нь би газар унасан. Тэгтэл элэг рүү өшиглөтөл би амьсгаа авч чадахгүй багтраад газар хэвтэж байтал зүүн талын далны хэсэг рүү 10 гаран удаа хөлөөрөө өшиглөөд байсан. Нэг мэдэхэд би ухаан алдсан байсан

- Эргээд сэрсэн чинь уруулын баруун дээд талд 2 удаа, баруун гарын долоовор хуруун дээр 1 удаа тамхины цогоор түлсэн бололтой түлэгдсэн шарх байсан. Мөн нүүр тэр чигтээ хавдсан, баруун, зүүн нүд хөхөрсөн, зүүн далны хэсэг, зүүн гар бугалгын хэсэгт хөхөрсөн, баруун гуя, баруун хонгоны хэсэгт хөхөрсөн байсан.

- 2022 оны 08 дугаар сарын 20-ны үеэр намайг мотоциклоор хөөгөөд чулуу мод шидээд чулуугаар нуруу руу 4-5 удаа цохисон. Тэр үед нуруун дээр хөхөрсөн байсан...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 28-31 дүгээр талд авагдсан “...2022 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 13 цагийн үед нөхөртөө зодуулсан гэсэн дуудлага ирсэн. Очиж бүтэн биеийн үзлэг хийгээд өвчин намдаах тариа хийгээд эмнэлэгтээ авч ирээд 5 хоногийн эмчилгээ бичиж өгсөн. Баянхонгор аймаг руу эмнэлэгт үзүүлэхээр явуулсан. Хавирга хугарсан байж магадгүй гээд...” гэх гэрч А.Ариунцэцэгийн өгсөн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлэг,

Хавтаст хэргийн 52-5******* талд авагдсан “...*******ын биед тархи доргилт, дээд уруулд шарх, зүүн нүдний салстын цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацар, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, дал, мөр, хэвлийн баруун хэсэг, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....”гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 709 дугаар дүгнэлт,

Хавтаст хэргийн 81-82 дугаар талд   авагдсан “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ....манай эхнэрийн өмнө нь хүн рүү фейсбүүк чатаар зүрх явуулсан байсан нь бодогдоод уур хүрээд эхнэрийн шанаа руу 2-3 удаа цохисон. Тэгээд гэртээ үүр цайж байхад буюу 06 цаг өнгөрч байхад очоод дахин эхнэртэй маргалдаж байгаад эхнэрийн цээж, дал, хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөчихөд унтаад өгсөн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх  “...Шүүгдэгч ******* нь эхнэр *******ыг удаа, дараа зодсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй...” гэж зөв дүгнэлт хийж Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ тухай зүйл ангид заасан ялын төрөл хэмжээний хүрээнд  ял оногдуулж  нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь  шүүгдэгч *******ийн    гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэх  гэмт хэргийг удаа дараа үйлдэж улмаар  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан, гэмт хэргийн цаашид учруулах нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн санаатай хэлбэрт тохирчээ.

Иймд “...анхан шатны шүүх эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх , ял оногдуулахгүйгээр тэнсэх, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх ялыг тус тус сонгож хэрэглэх боломжтой ...,...хорих ял оногдуулахгүйгээр  хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах...” агуулгаар  бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 1 дүгээр  сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ийн  2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл цагдан хоригдсон.55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулсан тооцсугай

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Н.ЭНХМАА