| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2020/02719/и |
| Дугаар | 02021 |
| Огноо | 2020-09-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 02021
О.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/02877 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, “Баян модот” ХХК-ийн 2020 оны 05 сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Төмөрбаатар, хариуцагчийн төлөөлөгч М.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/02015 дугаар шүүгчийн захирамжаар О.О-ээс 18 000 000 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 128 975 төгрөгийг гаргуулж “Төгөл инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2020 оны 05 сарын 13-ны өдөр миний бие Өмнөговь аймагт хувийн ажлаар явж байсан энэ үед сүлжээ байхгүй газар явсан болохоор над руу шийдвэр гүйцэтгэгч залгаж магадгүй гээд утсаа дүүдээ үлдээсэн түүнийг залгахад нь манай дүү авч хөдөө явсан ирэхээр нь яриулна гэж хэлсэн байна лээ. Гэтэл намайг гэртээ байхгүй хөдөө явж байхад хэргийн оролцогч биш манай хамт амьдардаг хүнийг байхад байрны эзний зөвшөөрөлгүй “Ковид 19” цар тахлын үед манайд шууд нэвтрэн орж ирсэн. Учир нь байрны ордер миний нэр дээр байдаг. Миний амьдран суудаг байрны үнэлгээг намайг эзгүйд зах зээлийн ханшнаас доогуур 54 075 800 төгрөгөөр үнэлгээ хийлгэж хэргийн оролцогч биш байрны эзэмшигч биш хүнээр гарын үсэг зуруулсан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зах зээлийн ханшнаас доогуур хийлгэсэн байрны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: Төлбөр төлөгч О.Одогчимэгт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан О.О-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 7-р байрны 22 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2020 оны 03 сарын 19-ний өдөр битүүмжилж, төлбөрийг 2020 оны 04 сарын 15-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 04 сарын 16-ны өдөр барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020 оны 05 сарын 11-ний өдөр 5/266 тоот тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Баян модот” ХХК-аар тогтоолгоход 54 075 800 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 05 сарын 14-ний өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 05 сарын 15-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан, “Баян модот” ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 7-р байрны 22 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 54 075 800 төгрөгөөр үнэлсэн “Баян модот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 7-р байрны 22 тоот орон сууцыг зах зээлийн үнэлгээгээр үнэлээгүй, үнэлгээчинд эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, үнэлгээний газраар шинжээч томилуулан үнэлгээ гаргуулах талаар хэлж мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн талаар шинжээч томилуулан үнэлгээ гаргуулах тогтоол танилцуулаагүй, шинжээч томилсон тогтоолыг “Баян модот” ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнролом өөрийн биеэр шийдвэр гүйцэтгэх газраас авч, нэг хоногийн дотор орон сууцны үнэлгээг гаргасан, үнэлгээчний гаргасан үнэлгээ он, сар, өдөр, дугаар байхгүй, мөн байрны өмчлөгч байхгүй үед Монгол Улс даяар “Ковид 19” цар тахлын хорио цээрийн үед айлын амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг хууль тогтоомжид заасныг зөрчсөн. Мөн нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдардаг төрсөн аав С.Отгоныг сахиж байгаа талаархи баримт болон шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтийг хүргүүлсэн байхад шүүх хуралд оролцуулахгүйгээр хийсэн нь хууль зөрчсөн. 2020 оны 05 сарын 13-ны өдөр гаргасан үнэлгээ нь үл хөдлөх эд хөрөнгийг зохих хууль, дүрэм, журам, стандарт, аргачлалтай харьцуулсан судалгаа, дүгнэлт байхгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу явуулаагүй, зөвхөн танил тал, найз нөхдийн харьцааны хүрээнд гаргасан, албан бичиг хүлээн авах, баримт бичиг гадагш явуулах талаарх хууль, журам зөрчсөн. О.О- нь өөрийн өмчлөлийн байрыг “Тэнхлэг зууч” ХХК-аар үнэлүүлсэн байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 16-ны өдрийн 101/ШЗ2019/02015 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч О.О-ээс 20 128 975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Төгөл инвест ББСБ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 7-р байрны 22 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 3-7/
Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, өмчлөгчийн эзгүйд орон байранд нэвтрэн орсон, үнэлгээг өөр этгээдэд танилцуулсан гэж тайлбарладаг бол хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж маргадаг. /хх 1, 29/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хугацаатай мэдэгдэл өгч, орон сууцыг битүүмжилж, хурааж, төлбөр төлөгчөөс үнийн санал авч, төлбөр төлөгчид танилцуулж, холбогдох тэмдэглэлийг тухай бүр үйлдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх 36-37, 38, 39, 40, 41/
Төлбөр төлөгч О.О- үл хөдлөх эд хөрөнгийг 74 000 000 төгрөгөөр үнэлснийг /хх 40-арын нүүр, 42-арын нүүр/ төлбөр авагч “Төгөл инвест ББСБ” ХХК эс зөвшөөрсөн /хх 41-арын нүүр/ үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон нь /хх 43/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад нийцжээ. Дээрх баримтаар үнэлгээчинд эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, үнэлгээний газраар шинжээч томилуулан үнэлгээ гаргуулах талаар хэлж мэдэгдээгүй гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол няцаагдаж байна.
“Баян модот” ХХК-ийн үнэлгээчин Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-даа үнэлгээг гаргахдаа баримталсан хууль, стандартыг дурдаж, үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, үнэлгээ хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой бичиж, холбогдох баримтуудыг хавсаргажээ. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна. /хх 60-71/ Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн “Тэнхлэг зууч” ХХК-ийн “Үнийн мэдээлэл гаргаж өгөх тухай” албан бичиг нь шинжээчийн гаргасан үнэлгээг үгүйсгэх баримт биш юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “Ковид-19” цар тахлын үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсох зохицуулалт байхгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа этгээдийг албадах ажиллагаа тул хуульд заасан ажиллагааг явуулахад төлбөр төлөгчийг заавал байлцуулах, түүний зөвшөөрлийг авах шаардлагагүй болно. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг гардуулан өгөх хүн оршин суугаа газраа байхгүй бол түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүнд хүлээлгэн өгч болохоор зохицуулсан тул нэхэмжлэгчийн нөхөр гэх н.Баярсайханд танилцуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Анхан шатны шүүх шинжээчээс мэдүүлэг авахаар захирамжлаагүй атлаа шинжээчээс мэдүүлэг авсан, шинжээч нь гэрч биш байтал асуусан тэмдэглэлийг “гэрчээс мэдүүлэг авсан тухай” гэж томьёолсон зэрэг зөрчлийг гаргасан байх боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учир шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Д.НЯМБАЗАР