Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Д.Мөнхтогоо,  

Шүүгдэгч Б.Мичидмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Байгалмаагийн Мичидмаад холбогдох эрүүгийн 1709007690204 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2017 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Үйлдвэр технологийн сургуулийн 4 дүгээр курст сурдаг, ам бүл 3, эх, ахын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо “Вива сити” хороолол м13 дугаар байр 5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Халх овогт Байгалмаагийн Мичидмаа /УШ97090143/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Мичидмаа нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гадна Э.Энхжинтэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт цүнхээрээ цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Мичидмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Эрүүгийн 1709007690204 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Мичидмаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гадна хэсэг залуучууд хоорондоо зодолдож байсан. Тэгээд 4 цагийн үед бид нар гарахаар болоод бүр үүдэнд тасалбар зардаг хэсгийн ойролцоо зогсож байсан. Тэгтэл тэнд танихгүй хүмүүс хоорондоо зодолдож байсан. Тэгээд тэр зодолдож байсан залуучуудын нэг нь манай найзуудыг андуураад цохичихсон. Бид нар тэгээд салгах гээд байж байтал хажууд энэ Энхжин гэх охин гар утсаараа бичлэг хийгээд "нийгмийн шаар шавхруунууд" гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би бичлэгийг нь болиулахаар утасных нь түгжээг дарах гэхэд тэр охин намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдэлцсэн. Тэгээд бид 2 бие биенийхээ толгойг доош нь үсдэж дараад харилцан зодолдсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Энхжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гадна хэсэг залуучууд хоорондоо зодолдож байсан. Тэгээд больцгоогооч гээд хэлэхэд тоохгүй зодолдоод байсан. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд утсаар бичлэг хийж эхэлсэн. Тэгтэл нэг ногоон өнгийн даашинзтай охин утас булааж аваад “бичлэг хийхээ боль” гэж хэлсэн. Намайг тэр охин үсдэж авсан, тэгэхээр нь өөдөөс нь тэр охиныг үсдсэн. Тэр охин намайг үсдэж байснаа барьж явсан цүнхээрээ миний толгой руу нэг удаа цохисон. Тэгтэл цүнхнийх нь төмөр булан миний толгойн дух хэсэгт таарчихсан...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мөнхманлай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гадна үүдэнд хэдэн залуучууд зодолдож байсан. Бид нарыг зогсож байтал нэг охин гар утсаа гаргаад бид нарыг бичээд байсан. Тэр охин утсаараа бичлэг хийж байхдаа одоо үеийн залуучууд ийм танхай гэх мэт зүйл яриад бичлэг хийгээд байсан. Би “бичлэгээ болиоч” гэхэд тэр охин биднийг тоохгүй утсаараа бичлэг хийгээд л байсан. Тэгтэл Мичидмаа бас тэр охиныг “бичлэгээ хийхээ боль” гээд утсыг нь булааж авах гэж байгаад тэр охинтой маргалдаад тэр охинтой үсдэлцсэн. Нөгөө хоёрыг салгах гэхэд бичлэг хийж байсан охины найз залуу нь найзуудтайгаа намайг түрээд буланд шахсан. Тэгээд тэд нараас салчихаад буцаад очиход Мичидмаа нөгөө охиноос салчихсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

                 Гэрч З.Хантүшиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Тэнд байсан нэг охин гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд бид нар руу чиглүүлээд байсан. Тэгэхээр нь Мичидмаа утсыг нь булааж авахад нөгөө охин нь Мичидмааг үсдээд авсан. Мичидмаа ч бас өөдөөс нь үсдэлцсэн. Тэр 2 охин нилээн зууралдаад бие биенийгээ тавихгүй байсан. Тэр 2-ыг салгах гэж нилээн удсан. ... Бичлэг хийж байсан охины духнаас нь цус гарсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

                 Гэрч Г.Мижиддорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Энхжин бичлэг хийж байхдаа "одооны хүүхдүүд архи дарс ууж чадахгүй, зодолдоод " гэх мэт зүйл яриад бичлэг хийгээд байсан. Тэгтэл нэг ногоон даашинзтай охин ирээд Энхжингийн гар утсыг булааж авах үед Энхжин тэр охиныг үсдээд авсан. Нөгөө охин нь ч бас Энхжинг өөдөөс нь үсдсэн. Тэр 2 харилцан зодолдсон. Нөгөө охин гартаа байсан цүнхээрээ савж Энхжингийн толгой руу цохиход толгойноос нь цус гараад ухаан алдаад уначихсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

                  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹10050 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Э.Энхжингийн биед духанд няцарсан шарх, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна…” гэжээ. /хх-ийн 30 дугаар хуудас/,  

 

Гэрч М.Мөнх-Оргил /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч М.Байгалмаагийн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, Б.Мичидмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/, хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Мичидмаа нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гадна Э.Энхжинг “гар утсаар бичлэг хийлээ, доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт цүнхээрээ цохиж эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Мичидмаагийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Энхжингийн мэдүүлэг, гэрч Б.Мөнхманлай, З.Хантүшиг, Г.Мижиддорж нарын мэдүүлэг,  ШШҮХ-ийн шинжээчийн №10050 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мичидмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Мичидмааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Б.Мичидмаад торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.

Мөн шүүгдэгч Б.Мичидмаад ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт авагдсан хохирогч Э.Энхжингээс бичгээр гаргасан хүсэлтэд “сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. /хх-ийн 46 дугаар хуудас/ 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Мичидмаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Халх овогт Байгалмаагийн Мичидмааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мичидмааг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мичидмаад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Мичидмаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мичидмаа нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мичидмаад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН