Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/008

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******н өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн  шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/93 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор *******ийн бичсэн эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 2314000000014  тоот хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ... ******* овогт *******ийн ******* / РД:******* /,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 01 цагаас 02 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ётоотод иргэн *******той маргалдан, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, баруун хөмсөгний язарсан шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид:

“... *******д холбогдох хэргийг Прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450.000 төгрөгөөр торгох санал гаргаж ирүүлсэн, Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас 54000 төгрөг нэхэмжлэхээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.

Хэрэгт шүүгдэгч *******н төлбөр төлөх боломж, түүний хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь ямар хөрөнгөөр төлөх талаар тодорхой нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд харин түүний дансны хуулгыг хавсаргасан боловч уг харилцах дансанд 400000 төгрөг байгаа гэж харагдаж байгаа нь шүүхээс оногдуулах торгуулийн ял, бусдын хохирлыг нөхөн төлөх талаар орлогоо бодитой нотолж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй талаар мэдүүлж байгаа нь түүнийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь ямар хөрөнгөөр уг хохирол, торгуулийн яг биелүүлэх нь эргэлзээтэй байгаа тул хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэв.

Харин хавтаст хэрэгт Эрүүл мэндийн даатгалын байгууллагын иргэний нэхэмжлэгчээр Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д.Одонтунгалаг томилогдсон байсан боловч 2023 оны 01 дүгээр сарын 18-ний өдрөөс эхлэн уг албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд одоо уг албан тушаалыг П.Оюунжаргал нь орлон гүйцэтгэж байгаа талаар мэдүүлсэн тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг төлөөлж шүүхийн хэлэлцүүлэгт оруулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2314000000014 дугаартай 1 хавтаст хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж...” шийдвэрлэжээ.

Прокурор ******* давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Прокурорын шатанд яллагдагч *******гаас эрүүгийн 2314000000014 дугаартай мөрдөн байцаалтын хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн зааснаар 1 дэх хэсэгт “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасны дагуу хүсэлтээ гаргаж, прокурорын зүгээс тус хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэл хангагдсан, мөн тус хуулийн 17.3дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчтай тохирсон өөрөөр хэлбэл 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар тохирч, уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 Яллагдагч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ.

 Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг хянана. Үүнд:

1. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх,

2.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураа хүлээн зөвшөөрсөн эсэх,

3.Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх,

4.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх,

5. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх,

Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл дээрх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана заасан байх ба дээр дурдсан нөхцөл байдал хангагдсан байхад шүүхээс хэргийг хуульд байхгүй үндэслэл зааж прокурорт буцааж шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заажээ.

Шүүгдэгч *******н хувьд өөрийн дансандаа 400.000 төгрөгийг байршуулсан болох нь түүний дансны хуулгаар тогтоогддог.

Торгох ялыг гурван жил хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон шинэлэг зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч *******д улсын яллагчийн саналын хүрээнд буюу 450.000 төгрөгөөр торгох боломжтой байсан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэх боломжтой байсан.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгчийн 2023/ШЗ/93 дугаартай захирамж нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив  гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/93 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/93 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хялбаршуулсан журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд  прокурор *******ийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 01 цагаас 02 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод иргэн *******той маргалдан, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, баруун хөмсөгний язарсан шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогдуулан  *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “... шүүгдэгч *******н төлбөр төлөх боломж, түүний хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь ямар хөрөнгөөр төлөх талаар тодорхой нотлох баримт хэрэгт авагдаагүй, харилцах дансанд 400000 төгрөг байгаа гэж харагдаж байгаа нь шүүхээс оногдуулах торгуулийн ял, бусдын хохирлыг нөхөн төлөх талаар орлогоо бодитой нотолж чадаагүй ...,...тодорхой эрхэлсэн ажилгүй ...ямар хөрөнгөөр уг хохирол, торгуулийн яг биелүүлэх нь эргэлзээтэй...” гэж дүгнэн  хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  арван долоо дугаар бүлэгт  зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай  журам болох хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, онцлог нөхцөл байдалд нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасныг  хэрэгт цугларсан нотлох баримтуудтай уялдуулан харахад 17.4-ийн 4-т заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх,гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураа хүлээн зөвшөөрсөн эсэх, Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх зэрэг нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч хүсэлтээсээ татгалзаагүй байхад шүүх хэргийг Прокурорт буцаасан нь мөн зүйлийн 6-т  заасантай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т  зааснаар  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх өөрийн санаачилгаар хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэрэглэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т “шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэж заасантай нийцэхгүй байна.

Мөн түүнчлэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд  төлбөр төлөх боломжийг харгалзахгүйгээс гадна  ямар төлбөр төлөх болсныг тодорхойлоогүйгээс ойлгомжгүй  болсон шүүгдэгчийн тухайд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-ийн 4.5-т гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг хянахад  гэмт хэргийн улмаас  учруулсан хохиролгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлжээ./хэргийн 42-43 дугаар тал/

Шүүгдэгч *******н 2543045336 тоот дансанд  2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 404600 төгрөг байсан талаар дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасныг анхааралгүйгээр хэргийг буцааж шийдвэрлэсэн нь буруу болно.

Иймд “... шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх  нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байхад хуульд байхгүй үндэслэл зааж хэргийг  прокурорт буцааж шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул  захирамжийг хүчингүй болгуулах...” агуулгаар  бичсэн Прокурорын эсэргүүцэл  дээрх үндэслэлүүдээр үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/93 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийн мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийг удирдлага    болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг баримтлан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/93 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.1 дүгээр зүйлийн 14.1.1-т заасныг баримтлан хэрэг  анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

 Н.ЭНХМАА